Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Хурц, Ж.Батзандан гишүүнийг заналхийлсэн асуудлаар Л.Болд гишүүнийг гэрчээр дууджээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан “Аятайхан байхгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүний дараа Ж.Батзандан гишүүн УИХ-ын дарга М.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүссэн билээ.

Энэ асуудлын талаар гэрчүүдийн нэг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Эр хүмүүсийн хооронд жаахан маргаан болсон. Эрчүүд эрчүүд шиг л байх хэрэгтэй. Гурван хатуу үг дааж чаддаг байх хэрэгтэй” гэсэн юм.

Өөр нэг гэрч гэгдээд буй Л.Болд гишүүн харин ярихдаа “Бид бүхэн бүлгийн даргынхаа өрөөнд Тусгай хяналтын хорооны зохион байгуулалтыг яах вэ гэдэг асуудлаар ярилцах гэж байсан. Тухайн үед Б.Хурц орж ирсэн. Түүнийг дуудсан эсэх талаар бүлгийн даргаас асуух хэрэгтэй. Харин Ж.Батзандан гишүүн болон намайг бүлгийн дарга дуудсан. Б.Хурц Ж.Батзандан гишүүнийг заналхийлсэн асуудал хуулийн дагуу тодорхой болох байх. Ж.Эрдэнэбат, Ж.Батзандан, Г.Занданшатар гишүүн бид гурав бүлгийн даргын өрөөнд уулзахаар орсон. Ж.Батзандан гишүүнийг Б.Хурц заналхийлсэн гэдэг асуудлаар өнөөдөр бичиг авлаа. Бичиг гэхээр албан ёсоор хуулийн асуудал болж байна. Тэгэхээр тайлбар, мэдэгдэл өгөх боломжгүй болж байна. Намайг гэрчээр дуудаж байна. Би гэрчийнхээ хувиар асуудалд хандаж, мэдүүлэг өгөхдөө юу болсон талаар хэлнэ. Тэрнээс өмнө хэвлэлд тайлбар хэлэх боломжгүй байна. Гэрчийнхээ мэдүүлгийг өгөөгүй байж тайлбар, мэдээлэл хийх боломжгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *