Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.17) Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн мэдүүллээ.
Аливаа улсын төв банкны бие даасан, хараат бус байдлыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, индекс аргачлал болон манай улсын дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсноор 0.5-0.6 орчим хувьтай байна. Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Иймд Төв банкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн түвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай байдаг талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх нь хуулийн төсөл боловсруулах шаардлага, зорилго болсон гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох, Монголбанкны удирдлага буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох, Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгаж, төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.