Сэлбэ голын өнөөгийн төрх
Сэлбэ голын өмнөх төрх
“Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчныг тохижуулах” төслийг 2011 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэгтэй хамтран хэрэгжүүлж байсан. Дээрх төслийн тендерийг тухайн үед нийт 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр зарлаж байсан билээ. Тэгвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх төслийг зургаан тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжүүлсэн гэх мэдээллийг улс төрийн зорилготойгоор цацаж байгаа юм. Энэ талаар “Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчныг тохижуулах” төслийг хийж гүйцэтгэсэн “Нобру” ХХК-ийн захирал Г.Батмөнхөөс тодрууллаа.
-2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчиныг тохижуулах төслийг танай компани хийж гүйцэтгэжээ. Төслийг хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэсэн юм бэ. Зургаан тэрбум төгрөгөөр хийгдсэн төсөл гэх мэдээлэл гараад байна?
-Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Сэлбэ гол 2011 оны үед урсгал нь татраад амь тавих дээрээ тулчихсан байсныг олон хүн мэдэх биз ээ. Тэр үед Сэлбэ гол олон жилийн хур хогондоо дарагдчихсан, хөрсний болоод агаарын бохирдол нь дээд цэгтээ тулж, шороо тоос бужигнасан газар байсан. Сэлбэ голыг харсан хүн бүрийн сэтгэл эмзэглэмээр дүр төрхтэй бочлихсон байсан. Тэр үеийн Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн удирдлагууд Сэлбэ голд нүүрлээд байгаа энэхүү ноцтой асуудалд бодитой хандсан байдаг. Ширгэж хуурай сайр үлдэх аюулд ороод байгаа Сэлбэ голыг аварч, үр хойчдоо үлдээх, үлгэр жишээ болсон байгууламжыг бий болгох шийдвэрийг хамтран гаргасан байдаг юм. Ингээд голын гольдиролыг сэргээж байгаа анхны төслийн тендер 2011 онд зарлагдсан. Тендерт манай компани оролцоод ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан юм. Манай компани хоёр жил гаруй хугацаанд төслийг амжилттай хийж чадсан. Анх хоёр тэрбум төгрөгний өртөгтэй гэж зарлагдаад 1.7 тэрбум төгрөгний төсөвтэйгөөр хийгдсэн ажил юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зургаан тэрбум төгрөгөөр хийгдсэн ажил гэсэн ташаа мэдээлэл гараад байна лээ. Ямар учраас ийм ор үндэсгүй худал мэдээлэл гэнэт гараад байгааг мэдэхгүй байна. Цаанаа улс төрийн ямар нэгэн зорилготой тараагдаад байх шиг байна.
-Төслийн хөрөнгийг хаанаас гаргаж байсан юм бэ. Танай компанийн санхүүжилтийг шалгаж байсан уу?
-1.7 тэрбум төгрөгийн төсвийг гурван эх үүсвэрээс бүрдүүлж байсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Тухайн үеийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн багцаас гаргуулж байсныг олон хүн мэдэж байгаа. Тэр үед УИХ-ын гишүүн тойрогтоо тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байсан шүү дээ. Төслийг хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд маш олон газраас манай компанид санхүүгийн шалгалт хийсэн. Шалтгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. 1.7 тэрбум төгрөгийн төсөлд ямар нэгэн хууль зөрчсөн санхүүгийн зөрчил алга байна гэдгийг аудитын олон мэргэжилтэн тогтоож, дүгнэлт гаргасан байдаг юм. Бүх санхүүгийн тайлан тооцоо одоо хүртэл манай компани болоод татварын газарт хадгалаастай байгаа. Түүнийг шаардлагатай бол албан ёсоор үзүүлэхэд бэлэн.
Н.БАЯР