Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ирэх онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхэлнэ

УИХын чуулганаар 2018 оны төсвийг баталсан. Ирэх оны төсөв ямархуу дүр зурагтай байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын 2018 оны төсөвт орж буй гол өөрчлөлтүүдээс ярилцлагаа эхэлье?

-Төсвийн зарлага талдаа хэд хэдэн гол өөрчлөлт орлоо. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжээр хичээллэж байгааг зогсоох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүднээс 236.9 тэрбум төгрөг тавигдсан. Нийтдээ 82 сургууль, 127 цэцэрлэгийг ашиглалтанд оруулна. Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хөрөнгө санхүүг нэмж шийдсэнээр 2019 он гэхэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг бүрэн арилгая гэж зорьж байгаа. Дараагийн орж буй гол өөрчлөлт бол иргэдийг орлогожуулах үүднээс тэтгэвэр, халамж дээр өмнөх жилүүдээс тодорхой хэмжээний мөнгө нэмэгдэж тавигдсан. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсон.

Нийтдээ 137 тэрбум төгрөг зарцуулагдана. 2014 оноос хойш цалин, тэтгэвэр тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмээгүй өдий хүрсэн. Энэ жил төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон, ирэх жил мөн олгоно. Олон улсын Валютын сантай 2019 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл цалинг нэмэхгүй гэж өмнөх Засгийн газар тохирсон. Төсвийн орлого давж тодорхой эх үүсвэр бий болбол зөвхөн нэг удаагийн арга хэмжээнд зарцуулна гэсэн гэрээ хэлцлийн хүрээнд төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгохоос өөр гарц байгаагүй. Үүнийг зарим хүмүүс халамж олголоо гэж шүүмжлээд байгаа нь угтаа тийм зүйл биш юм. Ирэх жил олгогдож байгаа 56.2 тэрбум төгрөгийг Олон улсын Валютын сантай хэл амаа ололцвол цаашдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх тал дээр анхаарна.

Түүнчлэн манай намын мөрийн хөтөлбөрт орсон “Цалинтай ээж”, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих тухай асуудал, “Оюутны хөгжлийн зээл”, малчны тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах зэрэг ард түмэнд хэрэгтэй шийдлүүд энэ оны төсөвт тусгаж, шийдвэрлэгдэж байна.

-Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад төсөв яаж тавигдсан бэ?

-Эдийн засгийн хямралаас шалтгаалаад сүүлийн 2 жил шинэ обьект төсөв дээр тавигдахгүй байсан. Мөн төсөв хүндрэлтэй байгаа нэрээр орон нутагт өгдөг хөрөнгө оруулалтыг багасган, танаж ирсэн. Энэ жил эдийн засгийн өсөлт бий болж байгаа учраас аймаг, дүүрэг бүрт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө санхүүг шийдсэн. Энэ удаагийн төсөвт орон нутгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг багагүй нэмэгдүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сан дахь орлогын хэмжээг 35.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 88.6 тэрбум төгрөг тавигдсан. 21 аймгийн суурь зардлыг 59 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Нэг аймагт дунджаар 6.7 тэрбум төгрөг буюу нийт 147.6 тэрбум төгрөгт хүрнэ.

-Концессын төлбөрт төсөвт хичнээн төгрөг зарцуулахаар орж байгаа вэ?

-Концессын төлбөрт 82.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Концессоор хийгдэх ажлын гүйцэтгэлийг хянаж шалган, Үндэсний аудитын газраас нэгдсэн дүгнэлт гаргуулж байж нэг мөр цэгцлэх хэрэгтэй байна. Ер нь цаашдаа хувийн компанийн дэд бүтцийг “барих-шилжүүлэх” хэлбэрээр концесст хамруулахаа болих хэрэгтэй. Зөвхөн нийтийн эрх ашигт чиглэсэн бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр шийдвэрлэдэг зарчмыг мөрдөх хэрэгтэй.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар өөрчлөлтүүд орж байна вэ? Тухайлбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотойгоор бэлэглэлийн гэрээнээс татвар авдаг болох дээр нэлээн маргаан дагуулж байсан?

-2018 оны төсөв хэд хэдэн онцлогтой батлагдсан. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Төсвийн тухай хуулийг дагалдуулан хэд хэдэн хуульд өөрчлөлтүүд орж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, шилжүүлэх мөн газар ашиглах эзэмшихтэй холбоотойгоор шинээр хуулийн зохицуулалт орж ирсэн. Энэ нь бэлэглэлийн гэрээ нэрэн дор татвар төлдөггүй байдлыг цэгцэлж, газрын болон лицензийн наймаа явагддаг гэсэн хардлагыг алга болгож, нээлттэй ил тод болгох, тэгш боломжийг олгох өөрчлөлт орсон. Татвар нэмж байгаа нь төсөвт орлого оруулан нөгөө талдаа хээл хахууль авлигын асуудлыг цэгцлэх алхмыг шинэ Засгийн газар оруулж ирлээ.Төсөвт орж буй бас нэг гол өөрчлөлт бол Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалын сангаас салгаж байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зах зээлийн харилцаанд нийцүүлэн зөв тогтолцоог бий болгох, иргэдэд хүрч буй тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн даатгалаас салгасан нь түлхэц өгөхүйц томоохон шийдвэр боллоо. Цаашдаа бид Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санг Засгийн газрын хараат бус байгууллага болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Иргэдийн өөрсдөдөө зориулж буй мөнгө учраас даатгуулагчдын эрх ашгийг хангах үүднээс даатгалын мөнгийг зөв менежментээр зарцуулах нь даатгуулагчдын өөрсдийнх нь эрхийн хүрээнд байх ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлаар эдгээр санг салгаж байгаа нь эхний алхам.

-Төсвийн нийт орлого, зарлага, алдагдал ямар хэмжээнд байгаа вэ?

-2018 оны нэгдсэн төсвийн орлого 7.2 тэрбум, зарлага 9.6 тэрбум байхаар тооцсон. Мөн нэгдсэн төсвийн алдагдал 2.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий найман хувьтай тэнцэж байна.Төсвийн алдагдлыг бууруулах бодитой алхам хийхийг оролдож байна. Нийт дүнгээр аваад үзвэл энэ удаагийн төсөв нэлээн сайжруулж баталсан төсөв боллоо гэдгийг хэлэх байна. Өмнөх Засгийн газрын төсөөллөөр төсвийн алдагдал 9.2 хувь байсан нь одоо 8 хувьтайгаар баталсан байх жишээтэй.

-Одоо батлагдсан төсвөөс шүүмжлэлтэй талаас нь хэлэх зүйл юу байна?

-Хоёр Засгийн газар ажлаа өгөлцөж авалцаж байсан. Шинэ Засгийн газрын дэвшүүлэн тавьж байгаа бодлого, зорилт тодорхой биш байгаа үед төсвийг хэлэлцэн баталж таарлаа. Энэ утгаараа төсөв дээр хэд хэдэн шүүмжлэлтэй зүйл гарав уу даа гэж харж байна. Төсвийг бүтцээр нь аваад үзвэл зарлагыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх талдаа ямар стратеги барих юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь төсвийн орлого, зарлагыг дунд хугацааны болон урт хугацаагаар харж тодорхойлох хэрэгтэй. Төсвийг аваад үзвэл 1 их наяд гаруй төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөр, хүүнд төлж байна. Ахиад 2 их наяд төгрөгийг цалингийн санд зарцуулж байна. Дахиад 2 их наяд төгрөгийг халамж, үйлчилгээнд зарцуулж байна. Төсвийн энэ гол багцуудаа цаашид яаж бууруулах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, энэ төсөв дээр өмч хувьчлалын асуудлыг тоймтой оруулж ирж чадсангүй. Өмч хувьчлалаас нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого 2018 онд орж ирнэ гэж тооцсон. Түүний 75 тэрбум төгрөгийг Төрийн банкны хувьчлалаас оруулж ирнэ гэж тусгажээ. Гэтэл өнөөдөр манай улсад 90 гаруй төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Мөн орон нутгийн өмчит газрууд үйл ажиллагаа явуулж байгаагаас ихэнх нь алдагдалтай ажиллаж байгаа. Цаашдаа өмч хувьчлалд нийгмийн салбарын хувьчлалыг эхлүүлэх хэрэгтэй гэж хардаг. Төсвийн зарлагыг бууруулах цогц бодлого үгүйлэгдэж байна. Мөн орлого нэмэгдүүлэх эх үүсвэрүүдийг оруулж ирэх хэрэгтэй. Эдийн засгаа хэрхэн томруулах вэ, аль аль салбартаа ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ, Цаашдаа эдийн засгаа хэрхэн олон тулгуурт болгох вэ гээд шинэ Засгийн газар эдийн засаг, санхүүгийн бодлого ойрын үед хөрөнгө оруулагч, ард иргэдэд ойлгомжтойгоор тодорхойлон зарламаар байна.

-Төсөвтэй зэрэгцээд Төрөөс мөнгөний бодлого дээр баримтлах үндсэн чиглэлийг баталдаг. Банкны зээлийн хүүг бууруулахад ямар бодлого баримтлах гэж байна?

-Төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр хэд хэдэн чиглэлийг баталж байгаа. Зээлийн хүүг бууруулах тухай асуудал бол иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл мөн. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газраас үнэт цаас гаргаж, дотоодоос зээл авах байдлаар нөхөж ирсэн талтай. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч байгаа. Арилжааны банкууд иргэдээс хадгаламж татчихаад үүнийгээ жилийн 12-18 хувийн хүүтэй Засгийн газрын бондод байршуулчихдаг. Зарим арилжааны банкинд нэг их наяд төгрөг хүртэлх Засгийн газрын бонд хуримтлагдсан байна. Тийм учраас Засгийн газрын үнэт цаасыг аль болох гаргахыг зогсоох чиглэл рүү алхам хийх хэрэгтэй болж байна. Хэрэв ингэж чадвал аж ахуйн нэгжид зээлийн олдоц ихэснэ, тэр хэмжээгээр банкны хүү буурна. Санхүүгийн тогтолцоог зөв голдиролд нь оруулахын тулд зээлийн хүүг бууруулахад бодитой эрс алхмуудыг авч хэрэгжүүлэх ёстой. Банкны зээлийн хүүг болдог бол эхний ээлжинд жилийн 20-иос доош хувьд оруулах шаардлагатай байна. Өнөөдөр арилжааны банкууд 2-3 хувийн, банк бус болон ломбардууд 3-5 хувийн хүүтэйгээр зээл олгодог. Үндсэндээ аж ахуйн нэгжүүд 24-50 хувийн хүүтэйгээр зээл аваад, олсон орлого ашгаа зээлэнд л өгч байна. Цаана нь хэдхэн банкийг л тэжээх болдог. Зээлийн хүү бууруулахад олон хүчин зүйл бий. Зээлийн хүүний дээд хязгаар таазыг тогтоосон улс орнуудын жишиг байна. Мөн мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай улс орнууд байна. Олон улсын жишиг хандлагыг зах зээлтэйгээ уялдуулж зарим үед эрс арга хэмжээг авах шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлаад явж байна. Монголбанк ч гэсэн зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, хуулийн төслүүд дээрээ ажиллаж байна.

-Олон улсын Валютын сан эхний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд долоон төрлийн татварыг нэмж байсан. Одоо хөтөлбөрийн дараагийн хэсгийг хэрэгжүүлэх үед энэ нь төсөвт ямар байдлаар нөлөөлөх бол?

-Олон улсын Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд банкны активын чанарын үнэлгээ хийгдэж байгаа. Энэ чанарын үнэлгээний тайлан мэдээ ирэх 12 дугаар сард гарчихна. Үүнийг дагаад Банкны тухай хууль, эрх зүйн орчинг сайжруулах, мөнгө санхүүгийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр ирэх онд банк санхүүгийн салбарт шинэчлэл нэлээн сайн хийгдэж эхлэх болов уу гэж харж байна. Банк санхүүгийн салбарын тогтолцоог зөв болгож байж эдийн засагт зөв сигналыг өгнө. Үүнийг дагаад бодлогын хүү буураасай гэдгийг хэлэх байна. Өнөөдөр бодлогын хүү 12 хувьтай байгаа нь манай нийт эдийн засагт тодорхой хүндрэлийг бий болгодог. Сонгуулийн дараагаар гадаад төлөлтүүд тулчихсан, эдийн засгийн нөхцөл байдал маш муу байх үед бодлогын хүүг өсгөж, тэгснээр савалгаагүйгээр эдийн засгийг авч гарч байсан удаатай бол одоо эдийн засаг харьцангуй өсөлттэй байгаа үед бодлогын хүүг нэг оронтой тоо руу оруулахыг эрмэлзэх хэрэгтэй болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *