Италийн алдарт уран зураач, графикч, архитектор, Умбрын уран зургийн сургуулийн нэрт төлөөлөгч Рафаэль Сантигийн “Афины сургууль” бол дэлхийн бүх цаг үеийн шилдэг 35 уран зургийн хоёрдугаарт бүртгэгдсэн алдартай уран зураг. Рафаэль Санти нь Сэргэн мандалтын цэцэглэлтийн үеийн гурав дахь том төлөөлөгч. Тийм учраас түүний бүтээлүүдээс тансаг дүр дүрслэл, уламжлалт байдал, ихэмсэг хэрнээ энгийн байх ховор чанар харагддаг. Рафаэль 1483-1520 оны үед амьдарч байсан бөгөөд “Афины сургууль” зургаа 1509-1511 оны хооронд зурсан бөгөөд 5х7.7 м хэмжээтэй уг зураг нь одоо Ватиканы “Апостолик” ордны хананд буй. Рафаэлийн хувьд Урбино ордны зураачийн гэр бүлд өссөн, удам дамжсан зураач байж.
Олон нийтийн хэсэг, хүмүүсийн бөөгнөрөлтэй зурагт ямар нэг хүн гол дүр нь болж, бусад нь түүнийг тойрох буюу хэлж буй үгийг нь анхааралтай эсхүл эс анхаарч буйгаар дүрслэх нь түгээмэл. Харин Рафаэль Сантигийн “Афины сургууль” зураг нь олон дүрт учир нүдний хараа жигд тардаг. Дүр бүр дээр очиж сайн анзаарвал тус тусдаа өөр өөрийн зан араншингаа гаргаж буй нь нүдний харц, биеийн хэлэмж, хувцаслалт, эзэлсэн байр суурь, хурднаас нь харагдана. Гэхдээ зургийн төв, танхимын гол хэсэгт алхангаа зүүн гартаа ном барьж баруун гараараа ярьж буй зүйлээ дүрслэн зангах хөдөлгөөн хийж яваа улаан, хөх орхимжтой хоёр хүн нь Платон, Аристотель. Тэр хоёрыг зургийн төвд байрлуулахдаа явж буй, ярьж буй, зөвхөн нэг нэгнийхээ яриаг шимтэн сонсч, харилцан ярилцаж буйгаар илэрхийлсэн нь тэд тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдсөн, бусад хүмүүс халдаж ирж чадахааргүй бас багш, шавийн дотно барилдлагатай, нэр хүндтэй байсныг илэрхийлжээ. Үүгээр нь Платон, Аристотель хоёрыг “Афины сургууль” зургийн гол дүрүүд гэж үздэг судлаач олон. Платон, Аристотель хоёрыг ярьж явахдаа гараараа үзүүлж буй дохио зангааг нь ажвал нэг нь долоовор хуруугаа гозойлгон тэнгэр рүү зааж байгаа бол нөгөөх нь гарын алгаа доош харуулан ямар нэг зөөлөн юман дээр, магадгүй зөөлөн өдөн дэрэн дээр гараа алгуурхан тавьж буй мэт. Энэ нь тэнгэр, газрыг илэрхийлж байх магадлалтай бөгөөд нөгөө талаар үзэл бодлын хувьд зөрүүтэй байсныг илтгэж байна гэж үздэг шүүмжлэгчид бий. Долоовор хуруугаа тэнгэр рүү хандуулсан нь Аристотелийг Эртний Грекийн алдарт сэтгэгчдийн ноён оргил гэдгийг харуулжээ. Гэхдээ энэ хуруугаа гозойлгож буй эрхмийг Леонардо да Винчи мөн гэж маргадаг хүмүүс ч байдаг.
Танхимын нээлттэй хаалганы хоёр талд Аполло, Афина бурхдын баримал байх агаад түүнээс нааш өөр өөр цаг үед амьдарч байсан, түүхэнд үлдсэн алдартай философич, математикч, аугаа сэтгэгч, зураач, яруу найрагчдыг нэгэн дээвэр дор дүрсэлсэн нь хүн төрөлхтний хувьд оюуны гэгээрэлд хүрсэн эрхмүүдээр дүүрсэн диваажин гэж хэлж болно.
Уг зургийг тайлбарлахдаа онцгойлон 21 дүрийг авч үздэг юм байна.
1 Зургийн зүүн талд бяцхан хүүгийн цаана буй ногоон алчуурт, цагаан сахалт хүн бол Эртний Грекийн философич Зено.
2 Философийн Эпикуреанизм үзлийг үндэслэгч Эртний Грекийн гүн ухаантан Эпикур.
3 Эпикурийн зүүн талд дор сууж буй эмэгтэйн царай нь сайн харагддаггүй бөгөөд хэн гэдгийг нь одоо хүртэл тайлаагүй ч анхаарал татах дүр гэж үздэг.
4 Өвөр дээрээ жижиг дэвтэр дэлгэж хүзүүгээ сунган урдах хүнийхээ дэлгэсэн номыг хичээнгүй харж дэвтэртээ тэмдэглэж буй улбар орхимжтой эрхэм бол Италийн алдарт философич Боэци эсвэл Грекийн их сэтгэгч Анаксимандр гэж үздэг. Анаксимандр МЭӨ 610-МЭӨ 546 оны орчим амьдарч байсан бөгөөд байгаль судлаач, газарзүйч, натуралист философич байжээ. Тэрээр олон ном зохиол бичсэн ч ихэнх нь хүмүүсийн хүртээл болоогүй гэж үздэг учир түүнийг энэ зурагт номыг хичээнгүйлэн шагайж, тэмдэглэн авч буйгаар дүрсэлжээ.
5 Боэци эсвэл Анаксимандр гээд буй дөрөв дугаартай хүний дээр урагш сунан өнөөх номыг идэвхтэй харж буй ногоон өмсгөлтэй, толгойдоо цагаан алчуур зангидсан хүн бол Абдул Валид Мухаммед Ибн Рушд. Ибн Рушд нь Арабын алдартай философич байсан бөгөөд тэрээр 1126-1198 онд амьдарч байжээ. Түүнийг Испанийн Кордобад мэндэлж Мороккод насан эцэслэсэн гэдэг.
6 Энэ бол алдарт Пифагор. Философич гэдэг үгийг анх гаргаж ирсэн гавьяатан. Тийм ч болохоор түүнийг Зено, Эпикур, Анаксимандр, Ибн Рушд нарын нэртэй философич тойрон бүчиж дэлгэсэн номыг нь шимтэн анхаарч байна.
7 Алкивиад эсвэл Македоны Александр гэж үздэг. Алкивиад бол Грекийн алдартай удирдагч, яруу найрагч, цэргийн жанжин бөгөөд улс төрийн нэртэй зүтгэлтэн, цэргийн алдартай командлагч байсан учир энд түүнийг жанжных нь өмсгөлтэй дүрсэлсэн байна. Тэрээр урагш алхангаа цээжээрээ хагас эргэж хойно буй хүмүүстэйгээ ярих бөгөөд ард байгаа хүмүүс Алкивиадаас ямар нэгэн асуултдаа хариулт, шийдэл авах гэж араас нь дагалджээ. Түүний амьдрал, амжилт, үхэл тэмцлийг өгүүлсэн олон уран зураг бий. Харин долоо дугаартай энэ дүрийг Македоны Александр гэж тодорхойлдог судлаач цөөнгүй. Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчдын тоонд зүй ёсоор ордог бөгөөд тулалдаанд ялагдашгүй баатар гэгддэг байж. Тэрээр өөрийн эцэг II Филипийг насан өөд болсны дараа Македоны хаан ширээг залгамжилж 32 насандаа Вавилонд бурхан болсон байдаг. Александр армидаа гадаадын олон иргэдийг татан оролцуулдаг байсныг нь судлаачид “Үндэстнийг холих бодлого” явуулдаг байсан гэж үздэг. Тэрээр цэргүүдээ гадаадын бүсгүйчүүдтэй гэрлэхийг дэмжиж байсан бөгөөд өөрөө ч гадаад улсын хоёр гүнжийг авч суусан байдаг.
8 Алкивиадын хажууд зогсоо хар тоорцог, хүрэн улаан хувцастай намхан өвгөн бол Антисфен. Грекийн гүн ухаантан тэрээр Сократын шавь. Анх яруу найраг оролддог байсан Антисфен Сократын сургаалын ёс суртахууны талыг баримтлан хөгжүүлж, ариун журмын дагуу амьдардаг нэгэн байжээ. Түүнийг хожим нь Синий философийг үндэслэгч гэж тодорхойлсон байдаг.
Шатны хоёрдугаар гишгүүр дээр хайнгадуу ч гэмээр, залхуу нь хүрсэн юм уу, гэлтэй суугаа хүн бол Диоген. Диоген нь амьд ахуй цагтаа хүмүүсээс өөрийгөө тусгаарласан зожиг гэмээр их өвөрмөц нэгэн байжээ. Сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэлтэй болохоор хэн нэгнээс айх ичих, хулчийх гэдэг зүйлийг мэддэггүй учир дуртай газраа суугаад л ном судар эргүүлдэг нэгэн байж. Нэг ёсондоо билэг танхай. Түүнийг гудамжинд тосны бохир торхны дэргэд өгөршиж муудсан хувцастай суугаад юм уншиж буйгаар дүрсэлсэн Жон Вильямын уран зураг байдаг нь тэрийг нь нотолно. Грекийн философич тэрээр Синийн философийг үндэслэгчдийн нэг агаад түүнийг Диногенес гэж нэрлэх нь бий. Тэрээр тухайн үеийн нийгэм, хотын байр байдал, соёлыг ихэд шүүмжилж хэнтэй ч хамаагүй маргаж дуртай газартаа унтаж, идэж ууж “Би зах дээр том вааранд амьдарна” гэж зөрүүдэлдэг байжээ. Тийм ч болохоор Рафаэль “Афины сургууль” зурагтаа түүнийг яг тэр чигээр нь буулгасан гэж болно. Харин ч Диногенес энэ зураг дээр цэвэрхэн нөмрөгтэй байна шүү.
Харин түүний наана хайрцаг түшин шанаагаа тулаад гүн бодолд автсан уйтгартай, цөхөрсөн төрхтэй суугаа хүн бол Гераклит. Түүнийг Грекийн философид диалектикийн анхны хөгжингүй сургаалыг оруулж ирсэн гэж үздэг. Хааны удмын Гераклит хэргэм зэргээ ах дүүстээ шилжүүлээд өөрөө философийн замаа хөөжээ. Үргэлж бодолд дарагдсан уруу царайлан явдаг байсан Гераклит хүмүүсийн амьдрал ахуйг хараад үнэн сэтгэлээсээ өрөвддөг байсан гэнэ. Тэрээр хожим нь өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлаж уул хадаар даяанчилж өвс ургамлаар хооллох болсон бөгөөд ингэж удаан яваад усан хаван өвчтэй болсон гэдэг. Түүнийг Европын анхны даяанч байсан гэж судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Гераклит яруу найраг, философийн өвөрмөц аргаар үзэл санаагаа илэрхийлдэг болохоор дуртай нэг нь түүний үзэл санааны цаад утгыг бүрэн ойлгодоггүй. Одоо ч түүний бичиж үлдээсэн зүйлүүдийг бүрэн тайлж чадаагүй. Ингэхээр Рафаэль Гераклитийг ийнхүү хүмүүсээс тусгаарлан, шал ширтүүлэн буруу харуулан сууж байгаагаар зуржээ.
Зураг дээр дүрслэгдсэн хүмүүсийн үүх түүхийг сонирхон судлахад туулж өнгөрүүлсэн амьдрал, хувь хүний зан байдал, баримталдаг үзэл нь юу байсан бэ гэдэг бүх мэдээллийг Рафаэл “Афины сургууль” зургаараа бүрэн гаргажээ. Ядаж л үзэл баримтлал, философийн чиг хандлага нь ойр байсан уу гэдгийг эдгээр философич, эрдэмтэй хүмүүсийн хоорондын зайгаар нарийн гаргаж үлдээсэн байна. Үзэл бодол зөрдөг, таарахаараа ам мурийдаг, нэгнээ үгүйсгэдэг гүн ухаанчдыг их хол зайтайгаар дүрсэлжээ. Гэхдээ л тэд Афины хэмээх нэг сургуульд харьяалагддаг суутнууд.