Өлгийн төвд байгуулагдсан Гэр дуган
Баян-Өлгий аймгийн төвд Гэр дуган сүндэрлэж, тэндхийн сүсэгтэн олны магнай тэнийжээ. Энэ талаар тус аймгийн Буддын шашны тэргүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
-Баян-Өлгий аймгийн төвд буддын сүм хийдтэй болох суурь тавигдаж Гэр дугантай болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын алс баруун хязгаар нутагт оршдог монгол болон түрэг хэлт угсаатны бүлгүүд нэгэн зэрэг аж төрдөг онцлогтой нутаг билээ. Эндхийн уугуул иргэд болох монголчуудын шашин соёлын асуудал сүүлийн хэдэн жил тасраад байсан юм. Харин дээрх гэр дуганыг бүтээснээр ахин сэргэх үүд хаалга нээгдэж байна. Уг гэр дуганыг Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Төрмөнх өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөр сүндэрлүүлээд байна.
-Дуганы нээлт энэ сарын 19-нд болно гэж сонслоо?
-Тийм ээ, нээлтийн ёслолыг энэ сарын19-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд “Монгол бахархал”-ын өдөртэй давхцуулан хийхээр товлочихоод байж байна даа.
-Баян-Өлгийд ажлаар очиход тэнд амьдардаг монголчууд “Үхэхдээ хонх дамрын дуу сонсох ч эрх алга. TВ9 телевизийн “Ном хурах цаг” нэвтрүүлгийг үзэхдээ зурагтынхаа өмнө зул асааж л номд даган баясдаг” гэж ярьж байсан шүү?
-Гашуун боловч үнэн. Гэхдээ манай аймгийн гурван лам маань буян номын үйл ажиллагааг бурхны шашны номлолоор сүсэгтэн олонд түгээсээр ирсэн. Гагцхүү ном хурах орчин бүрдээгүй байсан юм. Харин тэр сайхан орчин нь эхнээсээ бүрдэж байгаад баяртай байна.
-Гуравхан лам байдаг хэрэг үү. Одоо тэгэхээр төвлөрөн суудаг газартай болж байгаа болохоор лам нарын тоо нэмэгдэх байх шүү?
-Төвлөрөн суух газар оронтой болсноор сүсэгтэн олонд тогтмол ном хурах цаашлаад шавь сургалтыг эрчимжүүлэх, шашны томоохон зан үйлийг тогтмол үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. Түүхэн үүднээс үзвэл Алтайн урианхайн долоон хошуу Буддын шашны сүм хийд, лам хуварга олонтой байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон байдаг.
-Дуганыг нутгийн уран гартан, дархан хүн урласан гэж дууллаа?
-Гэр дуганыг бүтээсэн Д.Төрмөнх нь уран сийлбэрчин, багш хүн л дээ. Ханийнхаа хойдын буян, гэгээн дурсгалд зориулан сүсэгтэн зон олондоо энэ гэр дуганыг сүндэрлүүлж өглөө. Эл дашрамд тус аймгийн монголчуудын ирээдүй, сүсэглэх сэтгэлд том буян үйлдсэн Д.Төрмөнх ахад нийт сүсэгтэн түмний өмнөөс талархал дэвшүүлье. Баян-Өлгий аймаг дахь буддын шашны дэлгэрэлт нь бидний орших дархлаа юм.
-Ийм дугантай болсонд Баян-Өлгийд цөөнхийн цөөнх болчихоод байгаа монголчууд л хамгийн их баярлаж байгаа байх даа. Нээлтэд нь аймгийн бусад сумдаас хүмүүс ирнэ гэнэ үү?
-Тийм ээ, нутгийн уугуул иргэд болох монголчууд, мөн учир мэдэх казах хүмүүс ихээхэн баяртай хүлээн авч байгаа. Нээлтийн үйл ажиллагаанд монгол сумд болох Алтай, Алтанцөгц, Буянт, Цэнгэл, Булган, Цагааннуур болон өлгий сумын нийт сүсэгтэн олон оролцоно. Урилга, заллагыг хүргүүлж эхэлсэн байгаа. Зэргэлдээ Увс, Ховд аймгуудаас, мөн Амарбаясгалант хийдээс лам хуваргууд ирж сүсэгтэн олонд зориулж ном хурах юм.
-Дуган аймгийн төвийн аль хэсэгт байрлаж байгаа вэ. Аймгийн төвөөс нэлээд зайтай гэсэн үү?
-Өлгий сумын 13 дугаар багт буюу аймгийн төвөөс 3.5 орчим км зайд байрлаж байна. Энэ багт нутгийн монголчууд олноор оршин суудаг газар л даа. Ийм сайхан мэдээг хуваалцсанд баярлалаа. Баян-Өлгий аймгийн төвд Буддын шашны гэр дуган сүндэрлэж буй нь тус аймгийн монголчуудын оюуны соёлын дархлааг нэмэгдүүлж буй буянтай үйл болж байна гэж үзэж байна.
Шав тавих ёслол, барилгын ажлын явцаас