Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх жилийн нэг сарын нэгнээс хэрэгжинэ

Энэ сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхлэх юм. Засгийн газрын зүгээс хоёр хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанаар хэлэлцэн дэмжиж батлагдлаа.

Тодруулбал, гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг 2018 оны нэг сарын 1-нээс олгохоор шийдвэрлэж, төсөвт тусгажээ.

Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөг олгох юм.Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна.

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах боломжийг хангасан ээжүүд жирэмсний хугацааны таван сараас төрсний дараах таван сарын хугацаанд сар бүр олгодог 40 мянган төгрөгийг төрсний дараа шууд сар бүр авах 50 мянган төгрөг рүү шилжүүлэн авах аж. Учир нь жирэмсний дээрх халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн байх хугацаанд олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн хавраас олон ээж, гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих халамжийн бодлого яригдаж эхэлснээс хойш хүлээлт үүсгээд байсан нь бүрэн шийдэгдлээ.

Өнгөрсөн хавраас энэхүү “Цалинтай ээж” хөтөлбөрийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн ч 2017 оны төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар хойшлоод байсан билээ. Одоогийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөр болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийг дэмжих хуулийн төслийг хэрхэн, ямар зохицуулалтаар авах, болзол хангасан иргэн бүр ямар материал бүрдүүлж хаана хандах, сар бүрийн хэдний өдөр олгож байхаар тогтох тухай журмыг холбогдох яаманд 2018 оны нэг сараас өмнө эцэслэн шийдвэрлэхээр яригдаж эхэлсэн байна. Тухайн халамжийн мөнгө олгох тухайн журам батлагдсанаар иргэн бүрт мэдээлэл тодорхой болж, нэг сарын 1-нээс батлагдсан журмын дагуу олгогдох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *