Categories
мэдээ цаг-үе

“Панамын баримт бичгүүд”-ийн үргэлжлэл буюу “Диваажингийн баримт бичгүүд”

Панамын баримт бичгийн тухай яригдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй оффшор бүс дэх нууц данс, компаниудын талаар Германы “Suedeutsche Zeitung” сонин саяхан бас нэгэн баримтуудыг олны хүртээл болгохдоо “Диваажингийн баримт бичгүүд” хэмээн нэрлэсэн юм.

“Панамын баримт бичгүүд”-ийн мөрөөр дэлхийн 96 хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрэн сурвалжилсан байна. Харин “Suedeutsche Zeitung” сонинд нийтлэгдсэн “Диваажингийн баримт бичгүүд”-ийн мөрөөр 67 орны 400-аад сэтгүүлчид Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран ажиллаж байна. Эдгээр нууц баримтуудыг “Sueddetschte Zeitung” сонинд хэн өгсөн нь одоогоор нууц. Түүнд дэлхийн 50 орны 150 улстөрч холбогдсон. Бүр тодруулах юм бол 13,5 сая нууц баримтууд байгаа бөгөөд ерөнхийд нь дараахь гурван хэсэгт хуваажээ. Үүнд:

SБермудын аралд бүртгэгдсэн, арваад оффшор бүсэд төлөөлөгчийн газартай “Appleby” хэмээх хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн 6,8 сая санхүүгийн баримт бичиг.

SСингапурт бүртгэлтэй “Asiaciti Trust” компанийн 566 мянган санхүүгийн баримт бичиг

SҮлдсэн 6,2 сая баримт бичиг нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудтай холбоотой баримт бичгүүд.

Эдгээр нь улс орон дамнасан компаниудаар дамжуулан татвараас хэрхэн зайлсхийдэг, нөлөө бүхий улстөрчид оффшор бүсийг яаж ашигладаг болохыг илчилсэн юм. Одоогийн байдлаар дэлхийн тэргүүн баячууд оффшор бүсийг ашиглан 7.9 тэрбум еврогийн татвараас бултсан болохыг тогтоогоод байна. Нэг үгээр хэлэхэд оффшор бүс гэдэг нь баячуудын хөрөнгийг арвижуулж, ядуучуудыг улам хоосруулдаг юм байна. Үүнд хэн хэн гэгч нөлөө бүхий улстөрч, бизнесменүүд холбоотой болохыг Францын “Le Monde” сонин болон гадаадын бусад хэвлэлүүдэд ч бичжээ.

Үүнд Их Британийн хатан хаан Элизабета II холбогдсон байна. Хатан хаан оффшор бүс дэх хөрөнгө оруулалтын санд хувь эзэмшдэг аж. Ерөнхийлөгч Д.Трампын хамтран ажиллагчид ч холбоотой юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгэн болох Худалдааны сайд Уилбур Росстой холбоотой баримтууд нэлээд байгаа гэнэ. Түүнийг “дампуурлын хаан” хэмээн хочилдог нь учиртай аж. Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон компаниудыг худалдан авах маягаар мөнгө босгодог нэгэн. Үүний нэг жишээ нь төмөрлөгийн компанийг худалдан авсан явдал. Уилбур Росс нь төрийн хариуцлагатай албанд томилогдсон тул оффшор бүсэд бүртгэлтэй 80-аад компаниа зарсан байна. Харин Маршалл, Кайманын арал зэрэг оффшорын гурван бүсэд бүртгэлтэй есөн компаниа авч үлджээ. Тэдний нэг нь тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбартаа бол томоохон өрсөлдөгч . Мөн энэ компани нь хар жагсаалтад орсон Оросын олигархуудын компанитай холбоотой болох нь баримтаар тогтоогдсон. Ерөнхийлөгч Д.Трампыг Оростой холбоотой хэмээн хардаад байдаг нэг шалтгаан нь энэ. Оффшор бүстэй холбогдсон бас нэгэн хариуцлагатай ажилтан бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон. Йеменд газрын тос олборлодог түүний компани нь Бермудын аралд бүртгэлтэй юм байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Гэри Кон Бермудын аралд бүртгэлтэй 20 компанитай.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нь оффшор бүсэд данс, компанитай байхыг тууштай эсэргүүцэгчдийн нэг. Гэтэл түүнтэй хамгийн ойр байдаг зөвлөх Стивен Бронфман оффшор бүсэд бизнестэй гэдэг нь “Диваажингийн баримт бичгүүд”-ээр тогтоогджээ. Түүний эзэмшил болох “Clar­idge” компани нь Кайманын аралд бүртгэлтэй “Kolber Trust” компанид нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна.

ОХУ-ын эрх баригчидтай холбоотой баримт бичгүүд ч “Диваанжингийн баримт бичгүүд”-д нэлээд бий гэнэ. Оросын эрх баригчидтай холбоотой хүмүүс 2011, 2012 онд Twitter, Facebook-т нэлээд хөрөнгө оруулалт хийжээ. Эх орондоо төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг Р.Абрамович, А.Усманов, “Роснефть” компанийн тэргүүлэгчээр ажиллаж байсан бизнесмений эхнэр Марина Сечина, Төрийн Думын гишүүн А.Езубов, В.Блоцкий , В.Путины хүргэн болон Ерөнхийлөгчийн их сургуулийн найз Н. Егоров гээд нэлээд хүмүүс бий. Оросын баячууд хувийн онгоцоо бүртгүүлэх зэрэг асуудлаар “Appleby” компанид ханддаг байжээ. ОХУ-ын дэд Ерөнхий сайд И.Шуваловын эхнэр Ольга нь Бермудын аралд бүртгэлтэй “Altitude X3 Ltd “ компанийг төлөөлөн “Appleby” –ийн байнгын үйлчлүүлэгч нь байсан. Оросын тэргүүлэгч банкуудын нэг болох ВТБ 191 сая ам.долларыг “DST Global”-д нууцаар шилжүүлж Twitter-ийн хувьцааг авсан. “Газпром” компанийн салбар компани нь мөн л “DST Global”-аар дамжуулан “Facebook”-т хөрөнгө оруулалт хийжээ.

МОНГОЛТОЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ

“Диваажингийн баримт бичгүүд”-д Сингапурын бизнесмен Лин Гуотой холбоотой баримтууд байгаа талаар зарим хэвлэлд дурдсан байна. “Хуанжоу Гэг” киноны гол дүрээр танил болсон Хятадын жүжигчин Жао Вэйний нөхөр Хуанг Юолонг нь Монголд хэрэгжүүлсэн төсөлд 10 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн Хятад-Малайзын бизнесмэн Лин Гуо нь оффшор компаниар дамжуулан 2011 онд Хунг Юолонгийн Монгол дахь компанид 70 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тэрээр мөн Малайзад алдартай “Genting” группын гүйцэтгэх захирал. Тус групп нь казино, зочид буудлын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Лин Гуо нь Малайзын тэргүүн баячуудын жагсаалтын зургадугаарт бичигддэг аж.

Хуанг Юолонгийн хөрөнгө оруулсан Монголын “Мизү” компани нь цементийн үйлдвэрлэл эрхэлдэг талаар хэвлэл, мэдээллээр олонтаа дурдсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр тус компани нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд албан ёсны баримт бичгүүдэд дурдсанаар гүйцэтгэх захирлаар А.Бадрах ажилладаг.

“APPLEBY” КОМПАНИ МЭДЭГДЭЛ ХИЙЖЭЭ

“Диваанжингийн баримт бичгүүд”-д хамгийн их дурдагдаад буй Бермудын аралд бүртгэлтэй хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Appleby” компанийн талаар дурдъя. Тус компанийг Их Британийн хуульч Р.Вудфилдийн хүчин чармайлтаар XIX зууны сүүлчээр анх байгуулсан. Их Британийн колони байсан бүх л орнуудад үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1979 он гэхэд тус компани нь 700 ажилтантай болсон байсан хэмээн Австралийн AВС телевиз мэдээлсэн. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас тус компани Кука, Вануата зэрэг арлууд дээр компанийнхаа салбарыг нээхээр төлөвлөж байсныг тогтоожээ. Тус компанийн ажилтнууд нь нэр хүндтэй, ажлаа маш цэвэрхэн гүйцэтгэдэг. “Appleby”-тэй холбоотой баримт бичгүүд олны хүртээл болсонтой холбогдуулан өнгөрсөн долоо хоногт тус компанийн албан ёсны төлөөлөгчид мэдэгдэл хийсэн. Ингэхдээ үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална гээд хэвлэл мэдээллийнхэн хууль бус аргаар баримт бичгүүд олж авсан гэдгийг онцолсон. Компанийг буруутгаж байгаа асуудалд маш нухацтай хандахаа мэдэгдсэн. Гэтэл тус компаниар улс орондоо төдийгүй дэлхийн нөлөө бүхий улстөрчид, дипломатчаас гадна шүүгчид хүртэл үйлчлүүлсэн байна.

“ASIACITI TRUST” КОМПАНИ

“Диваажингийн баримт бичгүүд”-д дурдагдсан Сингапурын “Asiaciti Trust” компани нь 1978 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулах, зуучлах зэрэг үйлчилгээ эрхэлдэг юм байна. Өнөөдрийн байдлаар 50-200 ажилтантай. Сингапурт төвтэй мөн Хонгконг, Кука арал, Арабын Нэгдсэн Эмират, Шинэ Зеланд, Панам, Самоа аралд салбартай бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээ албан ёсны сайтдаа онцолсон байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *