“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь хэсгийн ялагч удахгүй тодорно. Энэ удаад тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар “халз тулж”, арван хоногт хэн нь бага мөнгө үрэхээ үзсэн. Нэвтрүүлэгт оролцож олны танил, олон нийтийн сүлжээний баатар болоод буй Т.Батхүүтэй уулзсан юм. Бид товлосон газраа уулзаад өдрийн хоол цуг идэнгээ ярилцахаар болов. Гэтэл орсон зоогийн газраар үйлчлүүлж байсан хүмүүс шоуны баатрыг шууд л таньж “21000 шоуны ах байна. Танд амжилт хүсье. Та үнэхээр мундаг шүү. Та бол үнэхээр хөдөлмөрч хүн” хэмээн сельфидэж хэсэгтээ л бидэнд ярих боломж олгосонгүй. Зарим нь дахин дахин хүрч ирээд л “Ингэж өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдарч болдог гэдгийг та харуулсан шүү” гэж байлаа. Ингээд цугтаа зургаа авахуулж, магтаалын үг хайрласан хүмүүсийн хөл татарч бидний яриа эхэлсэн юм.
-Та телевизийн од болсон байна. Хүмүүс таныг хараад л шууд таниад байна.
-Миний од болно гэж юу байхав. Амьдралын төлөө зүтгэж яваа хүн. Амьдрал байдгаараа л байна шүү дээ. Би од боллоо гээд ямар ажлаа хийхээ болих биш. Жингэр нохой хуцна, жингийн цуваа явдгаараа явна гэдэг үг байдаг даа.
-Та яагаад энэ шоу нэвтрүүлэгт орох болов?
-Охины маань сургалтын төлбөр л хамгийн түрүүн бодогдсон. Том охин энэ жил АШУҮИС-ийн нэгдүгээр курсын оюутан. Тэгээд юу ч гэсэн бүртгүүлчихсэн. Ер нь бол шоунд шалгарч орно гэж ерөөсөө бодоогүй. Ярилцлаганд орохоор нэлээн удаан хүлээж суусан. Тэгэхэд янз бүрийн хүмүүс ирсэн байсан. Төсөл энэ тэр ярьсан, өвчтэй зовлонтой гээд л. Би шууд л айж “За би ч бүтэхгүй юм байна даа” гэж бодогдож билээ. Ингээд байж байтал “25-р суваг” телевизээс гэнэт над руу утасдаад “Та манай нэвтрүүлэгт орох боллоо” гэж хэлээд удалгүй манайд хүрээд ирсэн.
-Ингэхэд та 21000 төгрөгөөсөө хэдийг үрсэн бэ?
-5525 төгрөг л зарсан.
-Та бараг ялсан байхаа. Олон нийтийн сүлжээг харахад ч гэсэн тийм сэтгэгдэл төрсөн. Та өөрөө юу гэж бодож байна?
-Мэдэх юм алга. Манай “Нарантуул”-ынхан намайг ялсан гээд л байсан. Би тоглоомоор 20 төгрөгөөр ялагдсан гээд хэлсэн чинь манай нэг тэрэгчин залуу “Чи ялагдлаа” гээд жигтэйхэн их уурласан шүү. Миний өмнөөс л уурлаад байсан.
-Танай “Нарантуул”-ынхан таныг юу гэж байна?
-Өө хачин их дэмжсэн.
-Та Сүхбаатар аймгийнх гэсэн. Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Ах нь айлын өргөмөл хүүхэд. Төрсөн ээж маань таван хүүхэдтэй ганц бие байсан. Би дундах хүүхэд нь л дээ. Намайг сандал түшээд явдаг, нэг хариугүй жаахан байхад Тэрбишдагва гэдэг айлд өргүүлсэн юм гэсэн.
-Налайхын Техник мэргэжлийн сургуульд орохоор онгоцоор Улаанбаатарт анх ирээд дэлгэгддэг хаалгатай улаан автобусанд суухад их гоё санагдаж байсан гэсэн?
-Тийм. 1986 онд Налайхын Техник мэргэжлийн сургуульд орохоор Улаанбаатарт анх ирж байлаа. Ер нь хүний амьдралд гоё сайхан дурсамжууд зөндөө байдаг даа. Нэргүй гэдэг ахтайгаа онгоцоор цуг хотод ирж билээ. Тэр үед онгоцонд суухаас эхлүүлээд л гоё санагдаж билээ. Тэр үед чинь хаалга нь дэлгэгдэж онгойдог Чехийн улаан автобус явдаг байсан.
-Та сургуулиа төгсөхийнхөө өмнө цэрэгт явсан гэсэн. Цэргийн алба хаана хаасан бэ?
-Дорнод аймгийн Халх голд алба хаасан. Ээж, аав хоёр маань бүр хөдөө. Тэр үед ямар утас энэ тэр гэж байсан биш. ТМС-иас таван хүүхэд цэрэгт авахад нь би орсон. Багш маань тэр үеийн 24-ийн чихэр авч өгөөд ангийн хүүхдүүд нийлж мөнгө цуглуулаад 50 төгрөг өгч байлаа. Тэр үедээ 50 төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Ингээд л цэрэгт явж байлаа. Ер нь эр хүн цэргийн алба хаана гэдэг чинь их гоё шүү дээ. Улсынхаа хилийг манана гэдэг эр хүн болж төрсний бахархал. Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоход шантрахгүй байхыг цэргээс л сурдаг. Ах нь Налайхын ТМС-т сурсан гэж ярьсан даа. Ер нь хүн гэрээсээ хол явахаараа л юм сурдаг. Эцэг эхийнхээ хаяанд байгаад байвал нялхараад амьдрал танихгүй. Гэхдээ ах нь нэг их амьдрал мэдээд сүйд болсон юм байхгүй дээ. Аав, ээжийнхээ буянд явсаан. Их сайхан буянтай хоёр буурал байлаа. Ач охиныг нь харуулж баярлуулснаас өөр ч ач тусыг нь хариулсан юм байхгүй дээ. Аав маань элэгний хорт хавдраар өөд болсон. Шинжилгээний хариу гарахад ээждээ нулимсаа харуулахгүй гээд утсаар ярина гэж худлаа хэлээд Халдвартын эмнэлгийн нэг буланд очиж баахан уйлж байлаа даа, муу ах нь. Ээж маань “Яасан бэ миний хүү явъя” гээд л дуудаж билээ. Би яах билээ дээ, яаж ч чадахгүй байсан.
-Та сайн хүү байна. Нэг хэсэг Сэлэнгэ аймагт амьдарч байхдаа хадмууддаа баахан эрхэлсэн гэж ярьсан байсан?
-Хүн ер нь амьдралд үзээгүй юмаа л үздэг. Ээж аав хоёр маань Сүхбаатарт, хадмууд Сэлэнгэд. Хадам ээж, аавыгаа аваад л урагшаа Сүхбаатар явдаг. Өөрийнхөө ээж, аавыг аваад хойшоо Сэлэнгэ явдаг ажилтай хүн байлаа. Амьдралын төлөө гэсэн зорилгогүй, зориод юм хийе гэхээр мөнгө байхгүй. Иймэрхүү юмнаас бол хүн чинь их няцдаг юм билээ. Ер нь хүний амьдралд нэг тийм сонин үе байдаг. Муу ээж, аав буурлууд маань бурхан болоод ирэхэд хүн өөрийн эрхгүй зүтгэдэг юм билээ. Гэхдээ ах нь ажил хийж байсан шүү. 1990-ээд онд цэргээс халагдаад уурын зууханд ажилласан. Уг нь бол бульдезорчин мэргэжлээр төгссөн.
-Та мэргэжлээрээ ажилласан уу?
-Үгүй.
-Бульдезорчин их эрэлт хэрэгцээтэй мэргэжил гэж сонсож байсан юм байна. Цалин ч сайтай гэсэн.
-Өө мэргэжлээрээ ажилласан бол эхнэртэйгээ ч танилцахгүй амьдрал огт өөр тийшээ эргэх байсан биз.
-Ингэхэд та хоёр яаж танилцсан юм бэ?
-Нэг найз маань байлаа. Одоо бурхан болчихсон доо. Тэр мэргэжил сургалтын төвд багшилдаг. Намайг зүгээр сууж байхаар мужааны мэргэжлээр сур гээд курст суулгасан. Тэнд сурч байхдаа эхнэртэйгээ танилцсан юм. Эхнэр маань тэнд оёдолчны мэргэжилд сурч байлаа. Ар гэрийн хамаг ажлыг нугалж байгаа хүн дээ.
-Та хоёр хэзээ хотод орж ирсэн бэ?
-2003 онд орж ирээд одоогийнхоо амьдарч байгаа хашаандаа буусан. Энэ чинь манай хамаатны хашаа байлаа. Үүнийгээ авах гэж хамаатныхаа Өлзийбаатар гэдэг дүүгээсээ таван сая төгрөг зээлсэн. Хөөрхий минь надад хүүгүй зээлсэн шүү. Ингээд сар болгон 300 мянган төгрөг өгч өрөө төлсөн. Надаас ямар ч хүү авахгүй гэж хэлсэн. Гэхдээ яаж зүгээр байхав, мөнгийг нь зургаан сая төгрөг болгож өгсөн. Нэг хэсэг эхнэртэйгээ Улиастайд сарын 5000 төгрөгийн түрээсний байшинд амьдарч байлаа. Түлээ байхгүй эхнэр маань даараад дулаацах гээд байшингаа тойроод гүйнэ. 2007-2008 оны үед юм байна. Бүхэл бүтэн 80 тоннын вагоны ачааг ганцаараа буулгаж байлаа. Харамсалтай нь цалингаа авч чадаагүй, хулхидуулсан. Амгалангийн тэнд байдаг нүүрс буулгадаг цэгээс Улиастайн эцэс хүртэл нүүрс үүрээд мөн ч их явсан даа. Ер нь юм юм л үзсэн дээ.
-Яагаад тэрэг түрэх болсон талаараа яриач?
-Анх ах нь зах дээр өөр ажил хийж байлаа. Тэгж яваад л тэрэг түрдэг болсон. Эхэндээ өдөртөө 3000 төгрөг хийгээд бөөн баяр болно. 2005 оны үед 3000 төгрөг гэдэг их мөнгө.
-Та хэзээ машин авсан бэ?
-Машинаа найман саяын зээлээр аваад сар бүр 500 мянгаар нь төлөөд дуусгасан. Манай “Нарантуул” зах дээр наймаа эрхлэгчид маань надад сайхан боломжууд олгоно шүү. Би бэлэн мөнгө өгч чадахгүй болохоор сарын тэдийг өгч байгаарай гээд л мөнгө зээлнэ. Хүн өр тавихаараа яаж ийж байгаад л түүнийгээ төлдөг юм билээ. Хоёр дахь машинаа сольж байна.
-Энэ жил АШУҮИС-ийн оюутан болсон охин тань хичээлдээ их сайн гэсэн.
-Тиймээ. ЭЕШ өгөөд оноогоороо эхний 15-т багтаад эмч болохоор сурч байгаа. Бүх юмаа өөрөө хөөцөлдөөд л.
-Та түрүүн өрсөлдөгчийнхөө талаар их сайхан эерэгээр ярьж байсан. Их юм хийхээр зүтгэж яваа бүсгүй байна лээ гэсэн. Удахгүй уулзаж хийх гэж байгаа ажлыг нь дэмжиж хандив өргөнө гэсэн байх аа?
-Тиймээ. Өнчин өрөөсөн хүүхдүүдэд туслахаар ихэд зүтгэж байгаа юм билээ. Энэ хүмүүс чинь хувийнхаа сургууль цэцэрлэгийг өргөжүүлэхээс биш өнчин өрөөсөн хүүхдүүдийн төлөө юм хийхгүй байгаа. Энэ ядуу ард түмэнд нэг юм хийж өгөхөөрөө хичнээн төгрөг зарлагаддаг билээ дээ. Ийм байхад хамгийн бага зардлаар өнчин хүүхдүүдэд зориулж юм босгож өгөхөөр зүтгэж яваа энэ бүсгүйд хэдэн төгрөг хандивлая гэж бодсон.
Ийнхүү ярьж байхдаа “Ахыг нь энэ л тэжээж байна шүү дээ. Хамгийн гол нь хүний итгэлийг даадаг байх ёстой” гээд баахан түлхүүр үзүүлсэн юм. Зах дээр наймаа эрхэлдэг хүмүүсийн бараагаа хадгалдаг контейнерийн түлхүүр гэнэ. Хүний итгэлийг даадаг байх нь хамгийн гол нь гэж тэрээр дахин дахин хэлж байлаа.