Categories
мэдээ цаг-үе

Халловены баярыг тэмдэглэхэд төр засгаас анхаарч баймаар юм

Халловены баяр болж өнгөрлөө. Янз янзын багтай хүүхдүүд айлын хаалга тогшиж, чихэр гуйж, энд тэнд элдэв дүртэй баг өмссөн хүмүүс цуглав. Халловен гэдэг энэ баярыг монголчууд “Сүнсний баяр”, “Аймшгийн баяр” гэж ойлгодог. Гэтэл энэ нь сүнс, аймшиг, цус нөжит этгээд юмны баяр биш. Энэ бол Христ шашинтнуудын хувьд олон зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн уламжлалт баяруудынх нь нэг. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярилцан аливаа юмыг бэлгэдэл талаас нь хардаг. Гэтэл энэ Халловен яг л тийм бэлгэдлийн шинж чанартай, муу муухай сүнс, чөтгөрийг зайлуулж байгаа, бэлгэ дэмбэрлээ бодсон заншил юм.

Монголчууд өөрсдийгөө Буддын шашин шүтдэг гэж үзээд хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг Цагаан сарын шинийн нэгэн хэмээн дээдэлж бүхий л зүйлийг хир буртаггүй, цагаан сайхан байгаасай гэж бэлгэдээд олон хоногийн өмнөөс энэ баяртаа бэлтгэдэг. Үүнтэй адил Лалын шашинтнууд Нарны баяр буюу Наурызаа гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Монголын хүн амын тодорхой хувийг эзэлдэг казах иргэд Наурызаа өргөн дэлгэр тэмдэглэхэд монголчууд даган баярлаж, төрийн тэргүүн маань мэндчилгээ дэвшүүлж, идээ будааны дээжээс нь амсч байгаа харагддаг. Үүнтэй адил Христын шашинтнууд аравдугаар сарын 31-нд ихэд ач холбогдол өгч бэлгэдлээ бодож Халловены баяраа тэмдэглэдэг. Монголд христийн шашинтай 300 орчим мянган хүн бий байх. Үүний дээр Монголын хүн амын бараг тал хувь нь гадаад руу аялж зугаалж, сурч, хөдөлмөрлөж, амьдрахдаа Халловеныг жинхэнэ утгаар нь мэдэрсэн л байж таараа. Зарим нь ч гадаадад амьдарч Халловены баярыг тэмдэглэж байна даг. Ингэхээр бидний хувьд энэ баярыг огт мэдэхгүй биш, их сайн мэддэг гэсэн үг. Мэддэг мөртлөө мэддэггүй юм шиг ингэж муулах нь зохимжгүй.

Дэлхий даяар түгээмэл тэмдэглэдэг таван баярын нэгэнд Халловен ордог бөгөөд Бурхны шашинтай гэгддэг азичууд энэ баярыг сүүлийн жилүүдэд тэмдэглэдэг болоод байна. Зүүн Ази, Зүүн хойд Азийн орнуудын залуусын дунд энэ баярыг тэмдэглэх хандлага эрс нэмэгджээ.

Халловен гэдэг энэ баяр эртний кельт үндэстний Савин буюу Сэмхайн наадмаас үүдэлтэй. Ирланд, Их Британи, хойд Францын нутаг дэвсгэр дээр 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан кельтүүд шинэ жилээ арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байж л дээ. Энэ өдрийг зуны төгсгөл, ургац хураалтын эхэн хэмээн тооцож хүйтэн үе ирлээ гэж үздэг байжээ. Тэд шинэ жилийн өмнөх шөнө буюу битүүнд хүмүүний амьдрал болон үхэгсдийн ертөнцийн хил зааг түр арилж, хоёр ертөнц нэгддэг гэдэгт гүнээ итгэдэг байж. Тийм учраас үхэгсэд эх дэлхий дээр ирдэг гэж итгэн аравдугаар сарын 31-ний үдэш Савин буюу Сэмхайн наадмаа хийдэг уламжлал тогтсон байна. Айлчлан ирсэн сүнснүүд үр тариаг нь ийш тийш цацаж бусниулдаг бол зарим сүнс нь тахилчдад ирээдүйг зөгнөхөд нь тусалж, зарим нь харанхуй, хүйтэн өвлийн улирлыг хэрхэн даван туулах арга замыг бөө нарын амаар айлдвар болгон хүмүүст итгэл найдвар төрүүлдэг гэж итгэдэг байсан байна.

Шөнөжингөө тосгоноор тэнүүчлэх сүнснүүдэд “олзлогдохгүй”-н тулд тэднээс ялгагдахгүй гэхдээ амьтдын гавал, арьсаар хийсэн баг өмсч Сэмхайны бүжигт наадамдаа ордог байж. Сайн сүнснүүдийн хажуугаар муу сүнс ч ирдэг учир тэднийг тайвшруулах гэж гэрийнхээ үүдэнд амттай хоол, чихэр, жимс, бүр бэлэг тавьдаг байсан аж. Кельтүүд энэ баяраа жил бүр өргөнөөр тэмдэглэсээр VIII зуунтай золгосон бөгөөд Ромын Эзэнт гүрэн кельтүүдэд Христийн шашныг дэлгэрүүлэх зорилгоор Сэмхайн баярыг нь ч өөрчилжээ. Ингээд III Папын үед арваннэгдүгээр сарын нэгнийг “All Saints’ Day” буюу Бүх гэгээнтэн болон тарчилсан сүнснүүдийг хүндэтгэх ёслолын өдөр болгож кельтүүдийн тэмдэглэж ирсэн өнөө Сэмхайны баярыг “All Hal­lows’ Eve” гэж нэрлэсэн нь яваандаа Halloween болсон юмсанж. Энэ баярын үүх түүх нь ердөө ийм.

Ирланд, Шотланд, Америк, Канад улсад энэ баярыг хамгийн өргөнөөр тэмдэглэдэг бол сүүлийн жилүүдэд Англи, Хятад, Япон, Солонгост хүүхэд залуус нь тэмдэглэх болоод байгаа. Америкт Халловен нь хүүхдүүдийн хувьд шашны бус баяр болчихсон бөгөөд улбар шар хулуу бол Халловены хамгийн гол бэлгэ тэмдэг нь. Энэ баярын бас нэг гол заншил бол “Trick or treat”. Элдэв баг өмссөн хүүхдүүд айл айлын хаалга тогшиж “Trick or treat” гэж хэлнэ. Энэ нь “Чихэр, амттан өгөхгүй бол айлгана шүү” гэсэн утгатай. Хэдий энэ нь мухар сүсгээс эхтэй ч хүүхдүүдийг баярлуулах хамгийн гоё аргад ордог юм байна.

Халловен гэж дэлхий даяар, Азийн орнуудад, Буддын шашинтнуудын дунд ингэж л дэлгэрч байгаа нийтийг хамарсан баяр. Гурав, дөрөв хоногийн өмнө Халловены баярыг монголчуудын нэг хэсэг, ялангуяа хүүхэд багачууд тэмдэглэж айлуудын хаалга тогшиж чихэр гуйснаараа нийгмийн сүлжээнд газар доор ортлоо “загнуулж”, доромжлуулав шүү.

Яг үүнтэй адил үйл явдал тэртээ 1930-аад оны үед Монголд болж л байсан. Ёолк гэдэг баярыг Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Д.Наваан-Юндэн нар анх санаачлан тэмдэглэж наргиснаасаа болж зэмлэл хүртэн их зохиолч маань “Хөрөнгөтний “Ёолк” гэх ёс бус баярыг тэмдэглэлээ” гэж буруушаагдан шоронд зургаан сар суугаад гарсан тухай баримт байдаг. Гэсэн ч хэдхэн жилийн дараачаас монголчууд хөдөө хотгүй энэ баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэсээр өнөөдрийг хүргэж одоо монголчуудын хамгийн дуртай баярынх нь нэг болчихоод байна. Д.Нацагдорж ёолк тэмдэглэснийхээ төлөө шоронд орж байсан бол одоо хэн нэгэн “Ёолкийг чинь тэмдэглүүлэхгүй” гэж хоригловол шууд л ам мөчиггүй шоронд суух болчихсон цаг.

Манайд Халловен шинэ тутам дэлгэрч байгаа болохоор нэлээд дээр үеийн хувилбарыг нь аваад байна гэж хэлж болно. 1800 оны сүүл, 1900 оны эхээр барууны ном зохиолд гардаг Франкштэйн, Дракула мэтийн аймшгийн сэдэв нь манайд зонхилоод байгаа болохоос биш одоо Ирланд, Америк, Канадад чинь хүмүүс Халловены баяраар хамгийн дуртай кино, хүүхэлдэй, номныхоо дүрээр хувилдаг болчихсон юм. Өнөө жил гэхэд л Америкт мисс хүүхнүүд, Трампын баг хамгийн гүйлгээтэй байсан гэсэн.

Наурызын баяраар боов, чихэр, амттанг газарт цацаж казах, монголгүй хүүхдүүд гүйлдэж очоод л булаацалдаад хэн нь хамгийн гоё чихэртэй болсноо гайхуулдаг уламжлалтай. Цагаан сарын баяраар хүүхдүүд айл саахалт, гудамж, орцныхоо найзуудтайгаа нийлж аваад л “Айл хэсч алт, мөнгө цуглуулна аа” гээд л ямар их аз жаргалтайгаар айл айлаар орж чихэр горьддог билээ. Үүнтэй адил Халловены баяраар гадаадад хүүхдүүд айлын хаалга тогшиж чихэр, жигнэмэг авдаг. Чихэртэй болсон багачууд гуяа алгадаад л алга болж өгнө. Гудамж тойроод л айлаас авсан чихэрнүүдээ гаргаж ирээд мөн л бие биедээ гайхуулцгааж байгаа харагддаг. Хүүхэд бол хүүхэд. Бүгд л чихэр, амттан хараад баярладаг.

Сүнс, чөтгөрийн багтай явахаар жинхэнэ сүнснүүд өөртэйгээ адил юм байна гэж бодоод тоолгүй явчихдаг гэдэг хамгаалалтын ойлголт манайд ч бий ш дээ. Үдэш орой балчир хүүхдүүдээ гэрээс нь авч гаргахаар болвол духанд нь хөө түрхэж “Бор халзан туулай” болгочихдог. Тэр чинь бас л сүнснээс хүүхдээ төрүүлж, нууж байгаа арга нь. Ийм учраас Халловены баярыг үзэн ядаад муулаад, тэмдэглэж баярлаж хөөрсөн хүүхдүүдийн урам хугартал муулаад юу хийнэ вэ.

“25 дугаар суваг” телевиз Халловены баярыг яасан их тээршааж, тэмдэглэснийх нь төлөө толгой түрүүгүй загнах нь сонин. Дандаа морь, малын тухай нэвтрүүлэг хийдэг телевиз байсан бол яахав, уламжлалт сэтгэхүйгээрээ хандаад ойлгохгүй шүүмжилж байна гэж л бодно. Тэгтэл Монголын анхны чөлөөт ардчилсан телевиз гэгддэг тус телевиз энэ баярыг эсэргүүцсэн нь мэдрэмжгүй байлаа. Будда, лал, христ гэлгүй бүгд л ижилхэн хүмүүс. Тэмдэглэж байгаа баяр нь ялгаагүй бэлгэ, бэлгэ дэмбэрэл, аз жаргалыг хүссэн л утгатай байдаг. Харин манай төр засаг үүнд хүлээцтэй, алсын хараатай хандаж шашин шүтлэгээр нь ялгаварлахгүйгээр адил л хандаж тэмдэглэдэг баярт нь анхаарал хандуулах ёстой.

Аравдугаар сарын 31-нд Халловены баярыг тохиолдуулаад Ерөнхийлөгч нь баярын мэндчилгээ дэвшүүлдэггүй юмаа гэхэд Боловсролын сайд ч юм уу, Хотын захирагч нь ч болно шүү дээ, Халловены баярын мэндчилгээ хүргээд хэвшчих хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Халловены баярыг тэмдэглэхэд төр засгаас анхаарч баймаар юм” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. Чуулганы мэдээллийг манай сонины тэргүүн нүүрэнд хэвлэгдсэн “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар идэж ууснаараа дуудалцан, худалч хулгайчдаа тулав” сурвалжилгаас хүлээн авч уншаарай.

УИХ-ын хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ширүүхэн маргалдсан юм. Нэг нэг рүүгээ элдэв үг шидэлцсэний дараа Ж.Мөнхбат гишүүн чуулганы танхимыг орхин гарах үед түүнээс тодруулга авсан, улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэнийг сонирхон хараарай. Тэрээр “Би казиногоор орж гардаг байсан нь үнэн” хэмээн хэлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Гансаруулын “Халловены баярыг тэмдэглэхэд төр засгаас анхаарч баймаар юм” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Д.Трамп: “Ногоон карт” сугалаат хөтөлбөрөөс “ангижрах” хэрэгтэй гэв” мэдээг онцлон үзээрэй.

1986 онд нутаг нутгаас ирсэн хүүхдүүд МУИС-ын математикийн ангид элсэн орсон байна. Уг анги нь “Онц сурлагатнууд, Ардчилсан хөдөлгөөнд оролцогчидтой математикийн тавын “А” ангийнхан” хэмээх тодотголтой болжээ. Ийм мундаг нэг ангийнхны түүх арван хоёрдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы арван гуравдугаар нүүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазартай хийсэн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр “Ээжийгээ мөнх байх юм шиг санаж ганц дүрс аваад хоцорчхоогүй л байгаа юм даа” гэж онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *