Categories
мэдээ соёл-урлаг

“Боржигин уртын дуу, морин хуур”-ын бүсийн уралдаан Говьсүмбэр аймагт боллоо

Энэ сарын 03,04-ний өдрүүдэд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг ээлжит “Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан” Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигин” чуулгад амжилттай зохион байгуулаа.

Уралдаанд 5 аймгийн 17 сумын өвлөн уламжлагчид билиг авьяасаа сорихоос гадна өсвөрийн насны хүүхдүүд оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь энэ сарын 03-нд Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгад зохион байгуулагдсан байна.

Говьсүмбэр аймгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн хэлтэс, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудын Боржигин сумдын төлөөлөл, ардын авьяастан, өв тээгчид оролцсон байна.

Хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор Т.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьснаар арга хэмжээ эхэлсэн юм.

Үндсэн илтгэлүүдийг:

-СББӨ-ийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат

-“Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу” сэдвээр, СУИС-ийн багш, МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэр

– “Боржигин аялгуут уртын дуу” сэдвээр, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар

-“Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж

-“Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчдоос Боржигин судлалын чиглэлээр цаашид хийх ажлын талаар нэлээдгүй ажлыг хийх, өргөн цар хүрээтэй болгох саналууд гарч, Боржигин овогтны холбоог шинэчлэн байгуулж, Говьсүмбэр аймаг удирдан зангидаж сумдын төлөөлөл бүрэлдэхүүнд нь орж ажиллахаар болсон юм. Уг уралдаан анх зохион байгуулагдсанаас хойш хамрах хүрээ нь тэлж, ард түмний хүсэн хүлээсэн арга хэмжээний нэг болсон. Иймд цаашид Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдааныг 4 жил тутам бус 2 жил тутам зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *