Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор энгэрээ мялаасан улсын харцага Чойдорын Өвгөнхүүтэй ярилцлаа.
-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Та бөхийн спортод нэг насаараа зүтгэж, олон сайхан бөхчүүдийг дасгалжуулсан гавьяатай хүн. Анх дасгалжуулагч болж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би 1964 онд “Алдар” нийгэмлэгт анх тамирчнаар орж, 1966 онд улсын начин цол хүртсэн. Тэр үеэс хойш би бөхийн спортоор тасралтгүй хичээллэсээр тавь гаруй жилийн нүүр үзлээ. Гавьяат багш цол хүртсэнээс хойш 25 жилийн дараа энэ хүндтэй цолыг хүртэж байна. 1968 оноос бөхчүүдийг дасгалжуулж эхэлсэн бөгөөд 1971 онд “Алдар” нийгэмлэгт албан ёсоор дасгалжуулагч багш болж байлаа. 1970 он бөхийн ургац арвинтай жил байсан. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Д.Цэнд-Аюуш, Ч.Гочоосүрэн, Ц.Баярсайхан гээд хожим нэрээ дуурсгасан олон сайхан бөхчүүд цэргийн албанд ирсэн юм. Тэднийг бүгдийг нь “Алдар”-т авч үлдэх гэж Даш багш бид хоёр яам тамгын газраар явж, элдэв арга хэрэглэж мөн ч их хичээсэн.
-Хурдан морь шинжихтэй адил, сайн бөхийг шинждэг билгийн нүд танд байдаг юм шиг санагддаг. Тэр нууцаасаа хуваалцаач?
-Энэ л миний хань болох хүн байна гэж ирээдүйн эхнэр, нөхрөө хүмүүс хардаг шиг бөх болох хүнийг шинжинэ, харна. Байгалиас заяасан бөх хүн гэдэг бол жирийн хүнээс арай өөр байдаг. Тэр хүнд юу дутуу байна, яаж бэлтгэвэл сайн бөх болох вэ гэдгийг нь олж мэдээд бэлтгэнэ шүү дээ.
-Хайртай шавь нарынхаа талаар, хэрхэн яаж бэлтгэж байсан талаараа ярихгүй юу?
-Миний хамгийн хайртай шавь бол Д.Хадбаатар аварга. Д.Хадбаатар 013-т анх ирэхдээ хөнгөний тамирчин байсан. “Алдар”-т авчрах үед Лхагвасүрэн дасгалжуулагч нь намайг “Миний сайн тамирчныг бөх болгоно гэж аваад замирууллаа” гэж байлаа. Хадбаатар зээрэнцэг, бөөрөнцгөөр улсын рекорд эвддэг тэр жилээ Чойжилсүрэнгээр тав давж улсын начин болж байсан юм. Тэр үед Чойжилсүрэн “Би одоо ямар хүн авчихав аа. Хаяая гэхээр хаяж дийлэхгүй. Уная гэхээр унаж болохгүй. Унах гэхээр татаад босгочих юм. Махаа идэж байж арай гэж уналаа ш дээ” гэж ярьж байсныг тодхон санаж байна. Манай Хадаагийн тэр жил эвдсэн зээрэнцэг, бөөрөнцгийн рекордыг одоо хүртэл эвдсэн хүн байхгүй байх шүү. Хадаа маань улсын наадамд хоёр түрүүлж, гурван удаа шоронд орсон. Гурвууланд нь би очиж эргэсэн. Өөрөөсөө ч болоогүй. Тэгж шоронд ороогүй бол арваа байг гэхэд дөрөв, тав түрүүлэх хэмжээний хүн байсан.
-Даяар дуурсагдах аварга Г.Өсөхбаярыг та мөн анх бөхийн спорт, “Алдар” нийгэмлэгт авчирч байсан гэдэг?
-Тэр бас сонин түүх шүү. Жадамбаа сайд “Б.Бат-Эрдэнэ аваргыг орлох хүн олж ир. Чамайг л олж чадна гэж олон хүнээс сонслоо” гэсэн юм. Тэгэхээр нь би “Аварга гэдэг чинь хэдэн арван жилд нэг төрдөг. Жил бүр төрдөггүй шүү дээ” гэхэд “Чи заавал ол” гээд ээрээд болдоггүй. Тэгээд би “Олж болно. Тийм нэг л хүн бий. Архангайгаас ирсэн, заалны барилдаанд нэг, хоёр давахтай үгүйтэй туранхай, өндөр нэг хүүхэд бий. Гутлын үйлдвэрийн Чимэдрэгзэн гэдэг хүн цалинжуулдаг. Тэр хүүхэд таван жилийн дараа улсын цол авах байх” гэсэн. Жадамбаа сайд “Чи тэрнийгээ аваад ир” гэж байна. “Авахад хэцүү шүү дээ. Хүнд чинь юм өгч байж авна сайд аа. Чимэдрэгзэнгээс илүү юм өгөх хэрэгтэй” гэсэн. Юу авах юм гэхээр нь “Хоёр өрөө байр, ерөнхий сургуульд дуртай ангидаа орж суралцах эрх, гуравдугаар курст ороход нь дэслэгч цол өгөх хэрэгтэй” гэлээ. Тэгээд Өсөхөөтэй уулзсан. “Армид авъя, жилийн дараа хоёр өрөө байр өгнө. Улсын баяр наадмын цугларалтад гараад чамд цол авах мэхийг чинь зааж өгнө” гэхэд зөвшөөрсөн. Тэр жилээ Г.Өсөхбаяр Дүвчин, Мөнхбат хоёртой цэргийн амралтанд бэлтгэлд гарсан байлаа. Би ч Магалжавыг начин болгох гээд тэнд байсан юм. Би Өсөхөөд салтаадах мэх, суйлах мэх хоёрыг зааж өгсөн. Тэгэхэд Мөнхбат “Энэ Өвгөнхүү ухаанд орохгүй юм хэлж байна ш дээ. Монголд одоо ганцхан том Санжаа л энэ мэхийг хийдэг ш дээ” гэсэн. Одоо энэ мэхийг хийдэг хүн байхгүй. Ингэж Г.Өсөхбаяр салтаадах мэхээр А.Сүхбат болон бусад шилдэг хүчтэнүүдээ давж заан болсон. Миний таамагласан ёсоор Г.Өсөхбаяр таван жилийн дараа аварга болж, дөрвөн удаа төрийн наадмын түрүү бөх болсон.
-“Алдар” спорт хороог брэнд болгоход таны оруулсан хувь нэмэр их бий. Таны хөлс хүч, хичээл зүтгэлийн ачаар “Алдар”-аас усны урсгал шиг олон сайхан бөхчүүд төрөн гарлаа шүү дээ?
-Бүгд л миний гараар орсон доо. Ер нь ямар ч сайн бөх нэгээс хоёр мэхтэй л байдаг. Тэр мэхийг хоол унд идэж байгаа юм шиг чөлөөтэй хийдэг, ямар ч нөхцөлд тэр мэхээ хийж оноо авч чаддаг болох хэрэгтэй. Түүнийг сурах амар биш. Мөн тэр хүний онцлогт тохирсон мэхийг олж зааж өгнө гэдэг дасгалжуулагч хүний эрдэм юм даа. Байгалиас заяасан авьяастай ч хүн бүрт давуу болон сул тал бий. Сул талыг нь хүчирхэгжүүлэх бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Ганбаатар арслан, Ганбат арслан, Гончигдамба гарьд, Доржсамбуу гарьд гээд дурдаад байвал олон хүн бий дээ. Саяхан Бат-Оршихын найран дээр Мөнхбат аварга надтай уулзаад “Тан дээр би хоёр жил бэлтгэл хийсэн. Танай аймагт би заан цол авч байсан” гээд ярьж байна лээ. Надад их сайхан санагдсан. Мөнхбат ер нь их барилдаанч хүн. Аваргын бяртай хүн биш ч хүний мэхийг айхтар хариулдаг. Томоотой даруухан хүүхэд байсан даа.
-Бөхийн спортод тавин жил зүтгэсэн гэхээр таныг бөхийн спортын амьд домог болсон хүн гэж хэлж болох байх аа. Олон сайхан аварга, арслангуудтай мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж, барилдаж явсны хувьд тэдний талаар ярих зүйл бишгүй их байдаг болов уу?
-Түвдэндорж, Батсуурь, Чүлтэмсүрэн, Чимэд-Очир гээд монгол бөхийн бахархал, үлгэр жишээ болсон олон сайхан аваргууд намайг анх энэ спортод хөл тавихад ид барилдаж байлаа. Дандаа цэргийн хүмүүс. Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг ерөөсөө хаяхгүй байсаар байтал Батсуурь аварга болчихсон гэнэ. “Одоо би Батсуурийг амлах эрхгүй боллоо” гэж байсан. Тэгээд нэг удаа Чүлтэмцэрэн гуай Баянчандманьд нүүгээд явж байтал нэг таньдаг жолооч нь “Хөөе, Батсуурь Дарханд барилдах гэж байгаа гэнэ” гэхэд морио шонгийн модноос уяад, хонио аваарай гэж эхнэртээ хэлээд явчихсан гэж байгаа. Тэнд очоод барилдах гэтэл далбаа шуудаггүй байж. Тэгтэл Батсуурь аварга хоёр далбаатай байсан гэнэ. Шөвгийн дөрөвт тэр хоёр үлдээд байхад Батсуурь аваргын далбаа их бариу, өөрийнх нь далбаа өөрт нь жаахан томдоод байжээ. Тэгэхээр нь “Хоёулаа далбаагаа сольё” гэхэд “Өө тэг тэг” гэсэн байна. Тэгээд Чүлтэмсүрэн гуай Батсуурь аваргыг давж түрүүлээд гахай гөлөм авч байсан гэдэг. Цэрэн аварга бид хоёр жинхэнэ барилдаж ноцолдож, үерхэж нөхөрлөж байсан улс. Улсын наадамд хоёр удаа барилдсан. Их сайхан бяртай, үнэн үгтэй хүн байсан. Цэрэн аваргатай холбоотой нэг дурсамж ярья. Би 1966 онд уран мэхт Бээжин аваргыг улсын арслан цолтой байхад тав давж, улсын начин цол хүртсэн юм. Далбаа нь хүртэл дөрвөн цацагтай, дэлж байгаа нь их гоё, хүний хайр татсан хүн байсан. Түүний дараа жил нь Бээжин гуайгаар зургаа давж улсын харцага цолны болзол хангаад байлаа. Шөвгийн наймд Мөнхбат аварга, Цэрэн аварга, Баянмөнх заан, Дэмүүл заан, Дагвасүрэн начин, Дашдаваа начин, Говь-Алтайн Пүрэвээ заан бид найм үлдээд байсан юм. Эрэмбээрээ Мөнхбат аварга Дашдаваа начинг авчихлаа. Тэгээд Цэрэн аварга ам авах болж намайг дуудаад “Надад чамаас өөр авах хүн алга. Пүрэвээтэй барилдаан таардаггүй юм” гэсэн. Тэгэхэд би “Өөрөө мэд” гэх юм уу, Тэг” гэж хэлээгүйдээ жаахан харамсдаг. Тэгээд Цэрэн аваргад “Надад ганцхан долоогийн даваа хэрэгтэй байна” гэсэн бол үгүй гэхээргүй гүдэсхэн хүн байсан юм. Намайг дуугарахгүй байхаар Цэрэн аварга “Өвгөнхүү дургүй байх шиг байна” гээд Пүрэвээг амласан. Ингээд Баянмөнх намайг авсан юм.
-Баянмөнх аваргатай Мюнхений олимпод хамт явж, Мөнхбат аваргатай хамт бэлтгэлд гардаг байсан хүнд хоёр Мөнх аваргын талаар сонин содон дурсамж байдаг болов уу гэж бодогдож байна?
-Хоёулантай нь би сайхан найзалж нөхөрлөж явсан. Мөнхбат аваргатай хамт цугларалтад гарахаар тамирчдыг миний өмнөөс зэмлэнэ. Намайг их хүндэтгэдэг байсных юм болов уу. Баянмөнх аваргатай шигшээд байхдаа танилцаж, Мюнхэний олимп, Ираны дэлхийн аваргад хамт явж байлаа. Иранд байхад нэг өглөө байрандаа ортол Баянмөнх ногоон дээлээ нөмөрчихсөн буруу хараад сууж байна. Маргааш тэмцээн эхэлнэ гэж байхад төмөр аяганд шөл буцалгаад сууж байсан юм. “Аварга сайхан хоносон уу” гэсэн дуугардаггүй. Шөл болоод гаргахад “Чи шөл уух уу” гэж байна. “Ууя” гэлээ. “Алив чи үүнийг уучих” гэж байна. Би ч уугаад тавьчихлаа. Тэгсэн “Ямар сайхан юм бэ, би урьд шөнө шатаад унтдаггүй. Шөл уух гэхээр хоолойгоор орохгүй байна. Чамайг идчихээр их сайхан санагдлаа. Одоо идэж чадах байх аа” гэсэн. Чи одоо шөл буцлахаар гарна шүү. Би одоо ууж чадах байх гэсэн юм. Ойдов бас тэгэхэд хамт явсан юм. Тэр хоёр хоёулаа шатаад шөнө унтаж чадаагүй юм билээ л дээ.
-Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, У.Мижиддорж, Ж.Чойжилсүрэн, тэмээ өргөдөг Жамьяандорж гуай гээд олон түмэнд аваргын дайтай хүндлэгддэг олон сайхан арслангууд бий. Тэдэнтэй барилдаж явсан сайхан дурсамжууд танд бишгүй л байдаг байх?
-Тэгэлгүй яахав. П.Дагвасүрэн бид хоёр Мюнхений олимпод хамт явж байсан. Мюнхений олимпоос ирээд Дорноговьт олимп сурталчлах ажлаар хамт явж байлаа. Манай хөгшнийг нас барахад хүртэл хэдэн төгрөг өгч л байсан. Нэг их бяртай биш ч, тун барилдаанч хүн байсан. Улсын наадамд хоёр удаа үзүүрт үлдэж байжээ. Жамьяандорж гуай гэж их бяртай мундаг хүн байлаа. Хоёр суга руу дайраад л нуруун дээр нь тохой мордоод дарчихдаг хүн байсан. Булган аймагт бүсийн уулзалтад очиж барилдахад би Жамьяандорж гуайг давж түрүүлсэн юм. Дараа нь Улсын наадмын тавын даваанд чамайг авна” гэж байсан ч Бээжин аварга намайг өрсөөд авчихаж билээ. Би дотроо Жамьяандорж гуайг нутагт нь хаяж чадсан юм чинь ахиад нэг хаячих байлгүй гэж бодож байсан юм.
Чойжилсүрэн арслан бол маш гайхамшигтай, түүхэнд дурсагдахаар бөх байлаа. Барилдаж буй бөх нь хий гишгээд урд нь ирэхэд бөгс рүү нь цохиод хөөргөчихдөг. Тэгээд л барьцаа тавина. Нөгөө бөх хөөрч явахад дэвдэг бөх байсан даа. Түүнийг эргээд харахад нөгөө бөх унаж байдаг байсан. Тийм бахдалтай сайхан хүн дээ. Ө.Эрдэнэ-Очир гуай бол улсын наадамд олон удаа наймд үлдсэн. Чөлөөт бөхөөр нэмэх 100 килограммд барилддаг. Хүний сайныг аваад ир гэвэл Ө.Эрдэнэ-Очир гуайг аваад очиж болохоор жинхэнэ хүнлэг, томоотой, гүндүүгүй хүн.
-Монгол бөхийн жудаг, монгол эр хүний ноён нуруу, гүндүүгүй сайхан зан чанар чухам тэр үеийн аварга арслангуудад нэвт шингэсэн байжээ. Өнөөгийн бөхчүүдэд энэ зүйл дутагдаж байх шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Урьд гулзгай Дамчаа, Чүлтэмсүрэн гуай хоёр улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд хайнцсан юм. Тэгээд хоёулаа “Чи давсан, чи давсан” гэж байсан сан. Тэр үед аль түрүүлж мэх хийсэн хүн давдаг байлаа. Харин одоо бол зүгээр зогсож байгаад л давдаг болжээ. Бөх хүн ард түмний хайр хүндэтгэлийг дааж, алдахгүй байх хэрэгтэй. Улсын цол гэдэг хүнийг хүмүүжүүлдэг байсан. Харин одоогийн бөхчүүд энэ тал дээр дутагдах болжээ. Нэг компани ивээн тэтгээд цол авдаг, хөлс хүч, оюун ухаанаа зараагүй болохоор цолондоо хүндэтгэлгүй ханддаг юм болов уу. Шахааны барьцыг бөхчүүд үхлийн барьц гэж ярьдаг болжээ. Монгол бөхийн мэх цөөрч, шахааны барьцнаас амь гарах арга л хайдаг болсон шиг санагдаж байна. Миний бодлоор гучин минут барилдуулаад л аль дорвитой хөдөлгөөн хийснийг давуулмаар санагдах юм.