МҮЭХ-ны ээлжит XXII их хурал Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны их танхимд эхэллээ. МҮЭХ-ны их хуралд орон нутаг, нийслэлийн 36 гишүүн байгууллагын 285 төлөөлөгч оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг их хурлаар МҮЭХ-ны удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа тавьж, тус холбооны стратеги, дүрмийг хэлэлцэх юм.
Хурлын эхэнд МҮЭХ-ны үйл ажиллагааны үр дүн цаашдын зорилтын тухай илтгэлийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тавьж байна. Үүний дараа МҮЭХ-ны Хяналтын хорооны илтгэл, Санхүү, аж ахуйн газраас хийсэн ажлын тайланг тус хорооны дарга Л.Мөнхбаяр тавих юм.
XXII их хурлаар МҮЭХ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчлэх, Хяналтын хорооны шинэчилсэн дүрмээ батлах аж. Мөн хурлаар нийт төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг тодруулахаас гадна Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг шинээр сонгох юм байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар, Монголын эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.