Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охиныг Эрээн хотын баруун захаас эхлэн хайж, аав ээж хоёрыг нь давхар шалгаж эхэллээ

Задгайд байх энэхүү гэрээсээ Д.Сэржмядаг охин 12:10 цагийн үед цүнхээ үүрээд гарч байхыг хажуу айлын хүн нь харжээ.

Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.

Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 2-ны өдрийн 12:21 цагт гар утаснаасаа ээжийнхээ утас руу хальтхан залгасан гэнэ. Ингээд л охины утас унтарчихжээ. Үүнээс хойш охин ор сураггүй алга болсон байна. Хууль хяналтын байгууллага болон бусад төрийн алба хаагчид охиныг Замын-Үүд сум даяар эрэн хайж байна. Гэвч ямар нэгэн сураг ажиг гараагүй байгаа юм. Охин ямар учраас алга болсон, хичээлдээ хоцорч ирсэн охиныг ангийнх нь багш оруулаагүйгээс болоод алга болсон уу гэхчилэн бусад олон мэдээллийг тодруулахаар бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд даваа гаригаас эхлэн ажиллаж байна.

Биднийг Замын-Үүд суманд ирэх үед найман настай охин алга болсон хэргийн талаар сумын иргэн бүр ярьж байлаа. Иргэд хэргийн талаар өөр өөрсдийнхөөрөө таамаглан ярих аж. Тухайлбал, “Одоо охины амь насыг хөнөөгөөд нэг газарт булчихсан байгаа байх. Эсвэл мансууруулах тариа хийгээд хил давуулаад хүний наймаанд явуулсан. Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болоод байгаа. Нэг гаж донтой этгээд хөөрхий нялх охиныг энд тэнд аваачаад хүчирхийлээд хориод байгаа юм биш биз” гэх мэт таамаг хөвөрнө. Бүр зарим хүний худал яриа сум даяар цуурхал болон тарж нутгийн иргэдийг цочирдуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд сумынхан бага насны хүүхдээ гэрээс нь гаргахгүй байна. Энэ дүнсгэр байдлыг нь харахаар Монголын хилийн урд үүд хаалга болсон Замын-Үүд суманд монголчууд болгоомжтой амьдрах цаг үе ирсэн юм биш үү гэж бодогдохоор айдас төрүүлэх аж. Найман настай охин алга болсон хэргийг аймаг, сумын Онцгой байдлын хэлтэс, Хурандаа н.Ганболдоор ахлуулсан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид, Замын-Үүдийн сум дундын цагдаагийн хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын алба, Хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн ажилтнууд мэргэжлийн зөвлөмжтэй зогсолтгүй эрэн хайж байна. Охины талаар “Баттай мэдээлэл өгсөн хүнд таван сая төгрөг өгнө” гэсэн зарыг цагдаа нар шуурхай тарааж байна. Мөн цагдаа нар шинжээчдийг дагуулан охины гэр, сургуулийн замаар явж буй хүн бүрийн гутлын мөрийг шинжилж байна.

ГЭРТЭЭ ГАНЦААРАА ҮЛДСЭН ОХИН ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД, ХАШААНДАА ЯВЖ БАЙСНЫГ ХАЖУУ АЙЛЫНХНЬ ЭМЭГТЭЙ ХАРЖЭЭ

Д.Сэржмядаг охины аавыг Д.Дашдулам гэдэг юм байна. Замын-Үүд суманд хэдэн жилийн өмнө нүүж ирэн суурьшжээ. Кранист мэргэжилтэй нэгэн аж. Харин ээж Б.Хоролмаа нь Замын-Үүд сумын унаган иргэн гэнэ. Д.Дашдуламынх дөрвөн хүүхэдтэй, ам бүл зургуулаа айл юм байна. Том охин нь Улаанбаатар хотод байдаг. Удаах охин нь Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын III сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг юм байна. Харин алга болсон Д.Сэржмядаг ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар анги, бага хүү нь V цэцэрлэгт явдаг байна.

Охин алга болсон хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Дашдулам, Б.Хоролмаа нар өглөө 7:20 цагийн орчимд дунд охин Ариунзаяа, бага хүүгээ дагуулаад гэрээсээ гарсан гэх. Ингээд гэртээ найман настай Д.Сэржмядаг охин унтаад хоцорчээ. Д.Дашдулам, Б.Хоролмаа нар бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд Дорноговь аймгийн төв рүү ажлаар явжээ. Харин арванхоёрдугаар ангийн охин Ариунзаяа тэр өдөр хичээлдээ яваагүй аж. Цагдаа нарын хэлж байгаагаар сумын эмнэлэгт 12:00 цагийн орчимд Ариунзаяа эмнэлэгт үзүүлсэн байна. Д.Сэржмядаг охин өмнө нь хэд хэдэн удаа гэртээ ганцаараа хоцорч, сургууль руугаа ганцаараа явж байсан аж. Ар гэрийнхэн хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Охин өөрөө үсээ самнаж, хувцсаа өмсөж чаддаг. Ихэвчлэн ганцаараа сургууль руугаа явдаг. Хааяа гэрийн ойролцоо байдаг О гэх охинтой хамт сургууль руугаа алхдаг” хэмээн мэдүүлжээ. Д.Сэржмядаг хичээлийнхээ хувцсыг өмсөөд цүнхээ үүрээд гэрээсээ гарсан байжээ. Бүр гэрийнхээ хаалгыг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан бололтой. Түүнийг цүнхээ үүрээд гэрээсээ гарч байхыг хажуу айлынх нь хүн харсан гэнэ. Тэрбээр “12:10 цагийн орчимд хашаандаа явж байтал охин цүнхээ үүрчихсэн, ягаан өнгийн куртиктай гэрээсээ гарч байгаа харагдсан. Тухайн үед хажуу айлын хүүхэд хичээлдээ явж байна даа гэхээс өөр зүйл бодогдоогүй. Тэр үед охин ганцаараа явж байсан. Мөн бие нь өвдөж байгаа ямар нэгэн шинж тэмдэг харагдаагүй. Эрүүл саруул хүүхэд алхаад явж байсан” гэх утга бүхий мэдүүлэг цагдаа нарт өгчээ.

Охин гэрээсээ гараад энэ дэлгүүрийн урдуур сургууль руугаа алхдаг.
Дэлгүүрийн дээрх камерт охины дүрс огт байхгүй байгаа аж.

ОХИНЫГ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ОЧООГҮЙ ГЭДГИЙГ КАМЕРИЙН БИЧЛЭГЭЭРТОГТООСОН ГЭВ

Замын-Үүд сумын III багийн нутаг “Мөнгөн шонхор” гэх гэр хороололд охины гэр байдаг. Харин түүний сурдаг сургууль гэрээс нь хоёр километр орчим зайд байдаг юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар охин гэрээсээ ганцаараа гарсан гэнэ.

Гэрийнх нь цоожин дээрээс охины гарын хээний тод ул мөр олджээ. Цагдаа нарын таамаглаж байгаагаар охин сургууль руугаа явах замдаа алга болсон бололтой. Гэхдээ охиныг гудамжаар явж байгааг нэг ч хүн хараагүй нь нэлээд сэжиг төрүүлээд байгаа гэдгийг цагдаа нар онцолж байлаа. Охин гэрээсээ гараад 20-30 минут алхаад сургууль дээрээ очдог байна. Алга болдог өдрөө Д.Сэржмядаг сургууль дээрээ огт очоогүй гэдгийг цагдаа нар эцэслэн тогтоожээ. Замын-Үүдийн II дунд сургууль дөрвөн жилийн өмнө шинэ байранд орсон байна. Ингэхдээ сургуулийн ойр хавийг бүрэн камержуулжээ. Энэ сарын 2-нд охин сургуулийнхаа хашаа руу болон анги руугаа огт ороогүй нь бичлэг шүүгээд тодорхой болжээ.

Мөн тус сургуулийн хүүхдүүд дунд тэр өдөр Д.Сэржмядаг охиныг харсан нэг ч хүүхэд байхгүй аж. Харин хамаатных нь нэг хүү “Тэр өдөр хичээлдээ ирсэн. Би харсан” хэмээн ярьжээ. Гэвч тэр хүүхэд “Өмнөх өдөр нь таарсан. Тэрийгээ андуурсан байна” гэдгээ удалгүй цагдаа нарт хэлсэн гэнэ. Гэртээ ганцаараа үлдсэн охин ийнхүү гэгээн цагаан өдрөөр ор сураггүй алга болжээ.

АНГИЙН БАГШ Я.ӨЛЗИЙМАА: ОХИН АЛГА БОЛСОН ГЭДГИЙГ ААВ, ЭЭЖЭЭС НЬ МЭДСЭН

Охины ар гэрийнхэнтэй уулзах гэсэн боловч хөдөө явж охиноо хайгаад эзгүй байна. Гэхдээ бид уулзаж ярилцах болно. Харин ангийн багш Я.Өлзиймаатай сургууль дээр нь очиж, уулзан ярилцлаа. Түүнийг, охиныг хичээлдээ хоцроод ирэхээр нь ангидаа оруулаагүй гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ.


-Танай ангийн хүүхэд алга болоод зургаа хонож байна. Ар гэрийнхэн нь хичээлдээ ирээгүй гэдгийг танаас мэдсэн гэсэн үү?

-Сурагчдын амралт эхлэх өдөр буюу энэ сарын 2-ны 12:40 цагт би ажил дээрээ ирсэн. Тэр үед манай ангийн хүүхдүүд сургуулийн гадаа жагсаад зогсож байсан. Манай анги 38 хүүхэдтэй. Тэр өдөр 35 хүүхэд ирсэн байсан. Хичээлдээ ирээгүй хоёр хүүхэд нь манай сургуулийн багш нарын хүүхдүүд. Тэр өдөр чөлөө авсан байсан. Харин Д.Сэржмядаг ямар нэгэн хэл өгөлгүйгээр хичээлдээ ирээгүй. Уг нь хичээлээ огт тасалдаггүй, манай ангийн онц сурлагатай гурван хүүхдийн нэг юм шүү дээ. Тэр өдөр эхний хоёр цаг хичээл ороод байж байтал эгч нь “Багшаа, Сэржмядагтай уулзаж, гэрийнхээ түлхүүрийг авах гэсэн юм” гээд хүрээд ирсэн. Би ч хичээлдээ ирээгүйг нь хэлтэл гараад гүйгээд явсан. Удалгүй хичээл тараад гэртээ иртэл охины ээж, аав хоёр нь над руу гар утсаараа залгаж, охиныг гэртээ байхгүй байна гэсэн. Миний сонссоноор аав, ээж нь аймгийн төвөөс галт тэргээр ирээд шууд над руу залгасан юм билээ. Ингэж л ангийн хүүхэд алга болсон гэдгийг мэдсэн. Би тэр даруйд нь сургуулийнхаа хичээлийн эрхлэгч нарт мэдэгдэж, сургууль дээрээ очсон.Цагдаа, онцгой байдлын албаныхан эрлийн ажлыг шуурхай эхлүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл нойр хоолгүй хайж байна. Эрлийн багт орж сумынхаа айл болгоноор орсон.

-Таныг охин хичээлээсээ хоцроод ирэхээр нь ангидаа оруулаагүй хөөгөөд гаргасан гэх мэдээлэл гараад байна лээ. Энэ үнэн юм уу?

-Тэр ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Юу боллоо гэж найман настай шавиа хичээлдээ ирэхэд нь оруулахгүй байх юм бэ. Хэн ийм худал мэдээлэл тараасан бэ гэдгийг мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд охин тэр өдөр хичээлдээ ирээгүй гэдгийг тогтоочихоод явсан шүү дээ. Ийм худал мэдээлэл гарсанд гомдолтой байгаа. Гэсэн ч хүүхдээ эсэн мэнд олох нь чухал байна. Манай ангийн онц сурдаг, маш сайн хүүхдийн нэг шүү дээ. Ангийнхаа тооны аварга, минутад 150-160 үг уншдаг, даруухан хүүхэд” гэв.

Охины сурдаг сургуулийн камер

ОХИНЫГ ЭРЭЭН ХОТЫН БАРУУН ЗАХААС ЭХЛЭН ХАЙЖ, ААВ, ЭЭЖ ХОЁРЫГ НЬ ДАВХАР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Охиныг эрэн хайх ажиллагааг Монголын цагдаа, тагнуул, онцгойгийнхон төдийгүй орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид, ар гэрийнхэн нь тасралтгүй хайж байгаа ч үр дүн муу байгаа юм. Охин алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд 50 гаруй алба хаагч гурван өдрийн турш нойргүй ажилласан байна. Эрлийн багийнхан арав арваараа хуваагдаж сумын төвийн бүх байшин барилга, айлуудаар оржээ. Нэг нүүрсний амбаар ч үлдээлгүй шалгасан гэж байв. Нэг айлд самналт хийж гурваас дөрвөн ч удаа орсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байлаа. Мөн Замын-Үүд сумтай залгаа 15 километр зай тутамд самналт хийж, дулааны шугам, сүлжээ, жалга судаг, бут сөөгийг хүртэл үлдээлгүй самнасан гэнэ. Гэхдээ Замын-Үүд сумын төвд хэд хэдэн байшин, амбаарт үзлэг хийж чадаагүй байгаа юм байна. Албаны эх сурвалж “Эзгүй байгаа хэд хэдэн байшин, сууц бий. Тэнд үзлэг хийхээр эзэд, холбогдох хүмүүсийг нь сумын төвд яаралтай дуудан ирүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээрээс бусад бүх байгууламжийг давталттайгаар шалгаад байна” гэсэн юм. Түүнчлэн өөр нэг эх сурвалж “Охиныг хилээр хууль бусаар гаргасан байх магадлалтай гэх мэдээллийн мөрөөр БНХАУ-ын Эрээн хотын Консулаар дамжуулан тус хотын баруун урд захын шавар барилгуудаас эхлэн эрэн хайх ажиллагааг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ эрлийн ажиллагаанд Монголын хилийн тагнуул голлон бусад хүчнийхэн, мөн Хятадын хилийн тагнуул, хүчнийхэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа аж.

Учир нь тус бүс нутагт монголчууд ихэвчлэн очдог, тэндэхийн хөлсний байр, сууцууд нэг сарын 12-15 мянган төгрөгийн бага хөлстэй байдаг гэх мэдээлэл бий” гэлээ. Өөрөөр хэлбэл, Монголын цагдаа, тагнуул, Хүн худалдаалахтай тэмцэх албаныхан эрлээ Монголын 21 аймаг төдийгүй Эрээн хотод үргэлжлүүлж байгаа юм байна. Ингэх өөр нэг шалтгаан нь охин алга болсон өдөр буюу энэ сарын 2, 3-ны өдөр Замын-Үүдээр дамжин олон тооны хятад иргэн Эрээн хот чиглэлийн галт тэргээр зорчсон юм байна. Албаныхны судалгаагаар тэдний тодорхой хувь нь Эрээн хотын баруун урд захын хорооллуудыг зорьсон гэх мэдээлэл байгаа юм байна.

Үүнээс гадна өөр нэгэн эх сурвалж “Охиныг алга болдог өдөр эцэг, эх хоёр нь үнэхээр Дорноговь аймаг руу явсан уу. Явсан бол ямар хэргээр явсан зэргийг нягтлан тогтоох шаардлага гарсан гэсэн” гэлээ. Ингээд охины аав, ээж хоёрыг гэртээ ирсэн гэх мэдээлэл ирсэн тул бид тийш хөдөллөө. Биднийг хөдлөх үед Замын-Үүдэд ажиллаж буй хүчний бүх байгууллагууд хамтран зургаан өдрийнхөө эрлийн ажлыг нэгтгэн дүгнэж, шинэ стратеги гаргахаар ажиллаж эхэллээ. Мэдээллийг манай сурвалжлах хэсэг цаг алдалгүй “Өдрийн сонин”-ы DNN.MN сайт болон сониныхоо хуудсаар дамжуулан дэлгэрэнгүй хүргэх болно.

ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА НИЙСЛЭЛД БОЛОН ОРОН ДАЯАР ХЭРХЭН ЯВАГДАЖ БАЙГААГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТОДРУУЛЛАА

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Манайхаас ажлын хэсэг гарчихсан, бүх дүүрэг, хэсгийн цагдаагийн алба хаагчид хайж болох бүхий л газруудаар эрэн сурвалжилж байна. Мөн охиныг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу гэдэг зарыг өргөн хүрээнд явуулж байна” гэж байлаа. Харин Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад мөн л холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарчихсан шуурхай ажиллаж байна гэж мэдээлэв. Ийнхүү найман настай охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллэж хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хvлээн авч байгаа ажээ.

“ӨДРИЙН СОНИН”-Ы СУРВАЛЖЛАХ БАГ

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *