Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зөв журам гаргах гэж лиценз олголтыг зогсоосон байгаасай гэж найдъя

Н.Алгаа зурган илэрцүүдУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргажээ.Энэ нь уул уурхайн салбарт татраад байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг улам хумих шийдвэр болсон уу, үгүй юу гэдгийг тодруулахаар Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцав.


-Шинэ сайдын гаргасан тушаал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг бүр зогсоох шийдвэр болчихов уу, яав…

-Д.Сумъяабазар сайд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх ажлыг тушаал гаргаж зогсоожээ. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг бол өргөдлөөр эсвэл сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг.Харин 2014 онд зөвхөн цуцалсан тусгай зөвшөөрөлтэй талбайд сонгон шалгаруулалт явуулна гэж өөрчилсөн. Үүнээс өмнө тусгай зөвшөөрөлтэй талбайг буцаасан, тусгай хэрэгцээнд авсан зэрэг өөр олон үндэслэлээр сонгон шалгаруулалт зарладаг байлаа. Эдгээрийг болиод зөвхөн цуцалсан талбайд сонгон шалгаруулалт явуулахаар өөрчилсөн нь энэ.Уг журмыг яамнаас боловсруулж, Ашигт малтмалын газар хэрэгжүүлсэн.Ингээд 2014 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хамгийн анхны тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан юм. Аж ахуйн нэгжүүдийг өргөдлөөр бүртгэх үйл ажиллагаа явуулсан.Гэхдээ энэ нь цахим хэлбэрт шилжсэн юм. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдэд цахимаар дугаар олгодог болов. Аж ахуйн нэгжүүдийн авсан дугаарын дагуу сонирхсон талбайд давхцал байна уу гэдгийг шалгасны дараа орон нутгаас зөвшөөрөл авах шат руу шилжүүлдэг болсон.

-Давхцал гэдэг нь юу билээ?

-Өргөдөл өгч байгаа газар өөр талбайд өргөдөл өгсөн давхцал байна уу гэдгийг шалгана гэсэн үг. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд дугаар олгодог үйл явц бөөн хүнд суртал болж хувирсан. Өмнө нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд өргөдлөө бариад биеэр ирж бүртгүүлдэг байлаа.Ашигт малтмалын газрын гадаа шөнөжин хонож дугаарлаад сүүлдээ зодолдож, барилдахдаа тулдаг байсан.Энэ бүртгэлийн процессыг цахим хэлбэрт шилжүүлсэн нь нэг талаар ололт мөн.Гэвч Ашигт малтмалын газар өөрсдөө медээлэл технологийн нэг компани сонгоод зохиосон программыг бүртгэлдээ ашигласан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлсэн.

-Яагаад?

-Ашигт малтмалын газар ийм талбайнуудыг өргөдлөөр өгнө гээд тухайн газруудынх нь солбицлыг оруулаад зарлачихна. Ингэхдээ долоо хоногийн ердөө нэг өдөр, нэг цагийн дотор 120 дугаар олгоно гэдгээ мэдэгдчихдэг. Долоо хоногт ердөө 120 дугаар олгоно гэсэн. Энэ бол бүртгэлийн үйл явц асар удаан байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд сонирхсон талбайгаа оруулж, цахимаар бүртгүүлэх гэж уралддаг боллоо. Долоо хоногт тохиох ганцхан өдөр нэг цагт амжиж бүртгүүлэхийн тулд уралдаж таараа биз дээ.

-Долоо хоногийн бүх өдөр бүртгэл явуулж болдоггүй юм уу?

-Бусад өдөр нь тухайн аж ахуйн нэгж өөр талбай дээр тусгай зөвшөөрөлтэй байна уу, давхцалтай юу, үгүй юу гэдгийг шалгадаг гэж байгаа. Сүүлдээ яасан гэхээр тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд нэг цагийн дотор амжиж бүртгүүлэхийн тулд арга хайж эхэлсэн.Ганцхан секундэд нэг кноп дараад бүртгүүлдэг программ өөрсдөө гаргаж ирсэн.Өөрсдөө гаргах ч юу байхав IT-гийн компаниар тийм программ хийлгүүлсэн.

-Тэр нь ямар учиртай программ юм?

– IT-гийн компаниас бифен гэдэг флаш шиг эдийг 120 мянган төгрөгөөр худалдаж авна. Энэ программд нэг удаа орох эрхээ авахын тулд 500 мянган төгрөг төлнө. Хоёр, гурван мянган аж ахуйн нэгж энэ мөнгийг төлөөд энэ программыг ашиглан Ашигт малтмалын газарт өргөдлөө бүртгүүлэхээр уралдана. Тэднээс 120 нь дугаараа аваад бусад нь шатаад хоцорч байгаа юм. Ингэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бухимдал үүсэлгүй яахав. Сүүлдээ аж ахуйн нэгжүүд хоёр, гурван компани байгуулаад нэг зэрэг хэд хэдэн бифенээр орж байж арай гэж бүртгүүлдэг аргыг ч олчихсон байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагаа нээлттэй, эрх тэгш явахгүй байна гэсэн гомдол тасрахаа байсан учраас зогссон.Бүртгэл нь нэг хэсэг яваад ийм хэл амнаас болоод л гацчихдаг.2014-2017 он хүртэл ийм байдлаар л явж ирлээ.Одоо бас зогсчихсон байна.

-IT-гийн компаниуд л их ашиг олжээ дээ

-Бараг л тийм.

-Уг нь Ашигт малтмалын газар бүртгэл хийдэг цахим программаа боловсронгуй болгочих л асуудал биз дээ?

-Мэдээж тийм. Ашигт малтмалын газар дугаар олгодог цахим бүртгэлээ хурдан болгохын тулд давхцлыг шалгах процессоо автомат болгочих хэрэгтэй юм.Тийм зүйл байхгүй, хүнд суртал гаргаад байгаа учраас компаниуд өөрсдөө түргэн бүртгүүлэх программ бий болгож, тэр нь аль нэгэнд нь давуу эрх олгоод маргаан үүсгээд байгаа хэрэг.

Өргөдлийн бүртгэл ингээд маргаантай явж байтал сонгон шалгаруулалт явуулахаар боллоо.Гэтэл дэнчинтэй болгочихсон. Хоёр аж ахуй нэгжийн аль их үнэ санал болгосон тусгай зөвшөөрөл авдаг болсон. Сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны холилдсон хувилбар гэсэн үг. Дээрээс нь энд бөөн юм болж байж тусгай зөвшөөрлөө аваад очихоор орон нутаг нь заримдаа татгалздаг. Лиценз олголтын ажил ийм замбараагүй бүтэмжгүй зүйл болчихсон юм.Мөн төрийн өмчит компаниудад хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад гэснээ сүүлд төрийн болон бусад компаниудад хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар олгоно гэх мэтчилэн янз янзын өөрчлөлтүүд бий болсон. Энэ замбараагүй зүйлүүдийг цэгцлээд шударга, шуурхай зарчмыг мөрдлөг болгосон шинэ журам боловсруулж, лиценз олголтыг хүнд сурталгүй, хурдан олгох зорилгоор Д.Сумъяабазар сайд тушаал гаргасан бол зөв байна.Бүр дордуулсан журам гаргах гэж байгаа бол мэдээж буруу.Гэхдээ байдлыг дээрдүүлж, сайжруулах гэж л зогсоогоо болов уу гэж итгэж найдаж байна.Зөв журам гаргах гэж лиценз олголтыг зогссосон байгаасай гэж найдъя. Манай уул уурхайн ассоциацийнхан ч ийм хүлээлттэй байгаа. Тэгш шударга, хурдан хүртээмжтэй болгодог журам уул уурхайн салбарынханд хэрэгтэй байна.Ийм журам гарвал хөрөнгө оруулагчид наашаа ирэх магадлалтай. Гэвч журам ийм сайн гарлаа ч өөр нэг асуудал бий.

-Юу билээ?

-Орон нутгаас авдаг зөвшөөрлийг яах вэ гэдэг асуудал. Манайх нэгдмэл улс. Газар доорх баялаг бүх ард түмний өмч.Нийтийн эрх ашгийн төлөө газар доор баялгийг бид эрж олох эрхтэй шүү дээ. Орон нутаг газар нутгийнхаа аль хэсгийг тусгай хэрэгцээнд авах вэ гэдгээ хууль журмын дагуу тогтоогоод бусад газрыг нь нийтийн эрх ашгийн төлөө яагаад өгчихөж болдоггүй юм. Яам агентлаг нь Засгийн газраар дамжуулаад орон нутгаас саналыг нь авч нэгтгээд жил болгон зарлаад, аж ахуйн нэгжүүд нь аль аль талбайд тусгай зөвшөөрөл авснаа мөн хэлээд явбал ямар ч асуудалгүй юм байгаа юм, уг Гэтэл өргөдөл болгоноор нь лицензийг авч хэлэлцээд тухайн аймаг, сумын Засаг дарга нар шийдвэр гаргаад явдаг нь өөрөө хүнд суртал. Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гээд хэл ам дагуулсан бүтэц байдаг.Хайгуулын ажлын тайланг тэд хянаж хэлэлцдэг. Бүх хувийн компанийн хийсэн ажлыг хэсэг бүлэг хүн хэлэлдцэг гэсэн үг. Энэ нь дугаарлалт үүсгэдэг хүнд суртлын нэг хэлбэр болчихлоо.

-Энэ бүхний ард өнөө авлига байгаа гэсэн үг биз дээ. Авлига авахын тулд оочер үүсгэж, хүнд суртал гаргаж байгаа биз…

-Тийм шүү дээ. АТГ НҮБ-ын шугамаар судалгаа хийгээд Орон нутагт болон Эрдэс баялгийн зөвлөлд авлигын эрсдэл байна гэж үзсэн шүү дээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг өөрчилж, хөндлөнгийн мэргэшсэн шинжээч оруулдаг болгомоор байгаа юм.Уг нь 2012-2016 он хүртэл ийм байдлаар явсан.Гэвч сая шинэ засаг төр эмхлэгдээд хуучин хэвэнд нь оруулж, энэ зөвлөлийнхнийг томилгоогоор бүрдүүлдэг болчихсон. Хүн томилоод ирэхээр л биш болчихоод байна.

Мөн уулын ажлын төлөвлөгөө батална гэж нэг ажил байна. Ямар хөрөнгөөр ямар хэмжээний баялаг олборлохоор төлөвлөсөн нь хувийн компанийн эрсдлийн асуудал шүү дээ. Гэтэл үүнийг хэлэлцэж баталдаг болчихлоо.Гацаана, сүүлд өгсөн тайланг эхэнд нь хэлэлцэнэ.Зарим компанийн тайланг хав дарна.Зарим ёс зүйгүй төрийн албан хаагч үйлчлүүлэгчид рүү хэлэх хэлэхгүй үгээр дайрна, төрийн албаны ёс зүйд таарахгүй зүйлүүд зөндөө гардгийг би хоёр дэлдэнгээрээ өчнөөн сонсч байлаа.Тиймээс эдгээр замбараагүй зүйлүүдэд цэг тавих цаг болсон.Тиймээс шинэ сайд зориг гаргах болов уу гээд хүлээж байна.Манайхан салбарын сайд заавал мэргэжлийн хүн байх ёстой гэдэг.Уг нь бол хагас мэддэг хүнээс мэддэггүй хүн дээр гэдэг үг бий шүү.Яагаад гэхээр хагас хугас мэддэг хүн чинь өөрийнхөө жаахан гадарладаг зүйлдээ хөтлөгдөөд өөрийнхөөрөө буруу шийдвэр гаргах гээд байдаг талтай. Тиймээс шинэ сайд маань олон талын байр суурь, мэдээллийг авч үзээд өөрийнхөө дүгнэлтийг хийж зөв шийдвэр гаргаасай гэж хүсч байна.Сайдын ажил бол улс төрийн албан тушаал.Тиймээс иргэний нийгэм, төр, бизнесийн хэзээ ч нийлэхгүй эрх ашгийн солбицол дээр зөвшилцүүлэх шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.

-Бодлогоо зөв тодорхойлогч гэсэн үг…

Тийм.

-Гэхдээ одоо манай улсын нийт газар нутгийн дөнгөж 25-30 хувьд нь хайгуулын зөвшөөрөл олгох хязгаартай бил үү?

-Үүнээс долоон хувьд нь тусгай зөвшөөрөл олгочихоод байна. Цаана нь үлдсэн 20 гаруй хувьдаа зөвшөөрөл олгох асуудлаа дуусгаж, цэгцлээд дараа нь хайгуулын талбайн хэмжээг нэмэх тухай ярих хэрэгтэй байх. Үүний тулд нутгийн иргэдэд зөв мэдээлэл өгөх, төрийн бодлогыг тайлбарлах ажлуудыг сайн хийх хэрэгтэй.

-Тусгай зөвшөөрөл олгосон долоон хувийн талбай дээр олигтой явж байгаа төсөл нь цөөхөн байдаг…

-Хэцүү үед дампуурчихгүй яваад байгаа хоёр, гурван төсөл бий. Алтан нараас эхлээд. Зарим нь найм, есөн жил болчихсон хэрнээ юу ч олоогүй төслүүд байгаа шүү дээ. Өнөөдөр Хятад улс жилд 400 тонн алт олборлож байна. 1995 онд Өмнөд Африк жилд 400 тонныг олборлосон байдаг. Тэглээ гээд газрын гагнаас нь алга болоод сүйрчихсэн юм хаана байна.Үүний хүчинд бараг алтан жорлонтой байдаг гэсэн биз дээ. Гэтэл манайд өнөөдөр мэдэгдэж байгаа нөөц тэдний жилд олборлодгийн дөрөвний нэгтэй тэнцэж байна. Тэгэхээр бид алтан дээр суусан гуйлгачид биш шүү дээ.Газар дор алт байж магадгүй.Үүнийгээ л хайж олох хэрэгтэй байна.Харамсалтай нь хайгуул хийх гэхээр мөнгөгүйн зовлон ниргэчихээд байна.Гадны компаниуд мөнгө олоод хайгуул хийе гэхээр хэн дээрэмдэх бол гэсэн айдастай байна шүү дээ. Лицензийг нь хүчингүй болгодог нэг аймшиг бий.

-Лицензийг нь яаж хүчингүй болгодог юм…

-Ашигт малтмалын хуулиар тавхан үндэслэл бий. Нэгдүгээрт тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол.Эрх зүйн чадамжаа алдаад дампуурсан бол.Нийтийн эрх ашгийн төлөө улс тусгай хэрэгцээнд авах юм бол нөхөн олговрыг нь өгсний дараа лицензийг нь цуцална.Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хуульд тогтоосон хувь хэмжээгээр гаргаж чадаагүй нь нотлогдвол, байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд ноцтой зөрчил гарсныг мэргэжлийн байгууллага тогтоовол тусгай зөвшөөрлийг цуцална.

-Улс тусгай хэрэгцээнд авлаа гээд цуцалчихаж болох юм байна…

-Тийм. Гэхдээ тухайн компанийн гаргасан хөрөнгийг нөхөж олгосны дараа лицензийг нь цуцална.Улс нөхөн төлбөрийг нь өгч чадахгүй, цуцалж чадахгүй олон жил болж байгаа лицензүүд байна. Улс тусгай хэрэгцээнд авахын тулд үндэслэл байх ёстой.Хэн нэг хүний эрх ашгийн төлөө биш Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар тусгай хэрэгцээнд авах ёстой.Харамсалтай нь Аж ахуйн тусгай зөвшөөрлийн хуулиар, шүүхийн шийдвэрээр, үндэсний аюулгүй байдлын зөвшлийн шийдвэр гэх мэт хуульд байхгүй үндэслэлүүдээр зарим лицензийг хүчингүй болгосон асуудал гардаг.Үүний нэг жишээ “Хан ресурс”-ын асуудал.Цөмийн эрчим хүчний тухай хуулиас тусад нь гаргаад төр 50-иас багагүй хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэдэг шийдвэр гаргаж, бөөн шалтаг тоочиж байгаад булаагаад авчихсан. Ингээд лицензийг “Мон-Атом” гэдэг компанид өгчихсөн биз дээ.Ийм эрсдлүүд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид цэрвэдэг болчихлоо.

-Ямар нэг байдлаар нөөц нь илэрсний дараа ингэж “дээрэмдэнэ” биз дээ

-Тэгнэ, гэхдээ нөөц илрэх магадлалтай гэж үзвэл бас авчихдаг.

-Хармагтайн ордыг ингэж авч болох нь ээ?

-Төр өөрөө өрөнд орно гэсэн үг шүү дээ. Олон улсын арбитрт очно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *