Ахмад дайчин И.Ламжав
Би 1945 оны дайнд оролцож явсан ахмад дайчин. Хожим төр засгаас намайг хоёр өрөө байраар урамшуулсан юм. Би аравдугаар хорооллын “Golden park” хэмээх 16 давхар орон сууцад амьдардаг. Уг нь манай байрны орчин, тохижилт сайхан л даа. Гэхдээ сүүлийн хэдэн сар энэ байрны цахилгаан шат эвдрэлтэй, ажиллахаа больсон. Би өдгөө 90 хол гарсан настай хүн. Хөгшин хүн л болсон хойно аяга цайныхаа сүүг дөхүүлэх, ач, зээгээ тосох, агаар амьсгалах зэрэг шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдол их шүү дээ. Ингээд нэг гарахаараа орж чадахгүй, орохоороо гарч чадахгүй байсаар гурван сарын нүүрийг үзлээ. Байрны цахилгаан шат эвдэрчихлээр мань мэтийн өвгөд, хөгшид хугацаагүй гэрийн хорионд орчих юм. Манайх 14 давхарт амьдардаг л даа. Шатаар доошоо буухдаа хөлөө салгануулан байж нэг юм буудаг. Харин дээшээ өгсөх гэж өдрийн талыг барах юм. Тийм болохоор байрнаасаа гарч, ороход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болж байна. Энэхүү учир явдлаа СӨХ-ндоо хэлэхээр өнөө, маргаашгүй цахилгаан шатаа янзалж, ажилд оруулчихна гэх юм. Ингэж явсаар бүтэн гурав, дөрвөн сар өнгөрлөө. Сүүлдээ СӨХ-ны Мөнгөнтуяа хэмээх охин утсаа авахгүй таг болчих юм. Тэр байранд ахмад настай хүн ганцхан надаас өөр амьдардаггүй л байх. Давхар бүрт л өвгөд, хөгшид бий. Тэр ахмадууд надтай адилхан зовлонтой л байгаа. Ахмад настан гэлтгүй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй улсууд ч бий. Тэр бүгдийн өмнөөс үг дуугарч, цахилгаан шатаа ажилд яаралтай оруулаач ээ, бид нарыг гэрийн хорионд битгий байлгаач хэмээн хэвлэлээр дамжуулан хүсэх байна. Холбогдох албаны болоод манай байрны СӨХ-ны хүмүүс өвгөн миний хүслийг уншсан бол яаралтай тэрхүү цахилгаан шатыг нь ажилд оруулаарай. Хааяа цонхоор харахад миний үеийн хэдэн хөгшчүүл гадаа буу халж, даалуу, шатар тоглож суух юм. Хүн л болсон хойно өөрийн эрхгүй очоод өдрийн зугаагаа гаргачихаад буцаад орох гэхээр нөгөө л цахилгаан шат нь ажиллахгүй шатаар өгсөж, арай хийж л гэрийнхээ босгоор алхаж байна. Өвгөн миний энэхүү зовлонг ойлгож, нийт ахмадуудаа бодоод байрныхаа асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсье.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮвШИН
Т.АНИМАА