Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Г.Ариунбуян: Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, хувцас нь тайлагдаж танигдахын аргагүй болсон байна

“Өдрийн сонин”ы 2017.10.27-ны баасан гаригийн №232(5799) дугаараас авч нийтлэв.

“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг арван долоон уулчин эндсэн Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр дэх Отгонтэнгэр ууланд албан томилолтоор очиж ажилласан. Манай сурвалжлагчид хэргийн газарт ажиллах үеэрээ 2017 оны аравдугаар сарын 25-ны 14 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай уулзаж ярилцсан байна.


-Та Отгонтэнгэр ууланд авирч байгаад эндсэн хүмүүсийн шарилыг хайх эрлийг ахлан гурван хоног ажилласан хүний хувьд нөхцөл байдлын талаар яриач?

-Ууланд эндэгсдийг эрэн хайх ажиллагааны нөхцөл байдал маш хүнд байсан. Өндөр уулын бүсэд эгц цавчим хад асгатай, нуранги бүхий талбай нь маш их эрсдэл бүхий газарт ажилласан. Өөрөөр хэлбэл аялж явсан иргэд маань далайн төвшнөөс дээш дөрвөн мянга гаруй метрийн өндөр дээрээс осолдсон. Тэр өндрөөс 3200 метрийн уруу буюу 800 метрт унасан шинж тэмдэгтэй байлаа. Бидний ажиллагааны талбар 9000 метр квадрат талбай дээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нэг үгээр хэлэхэд хөлбөмбөгийн арваад талбайн хэмжээтэй тийм өргөн уудам газарт эрлийг явуулсан. Гол хүндрэлтэй зүйл нь хавцлын цасны давхарга их зузаан байлаа. Зарим газраа нэг метр тавин сантиметр, зарим газраа гурваас дөрвөн метр хүртэл зузаан цасан нурангин дотроос осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

-Арван долоон хүний амь нас эрсэдсэн энэ том осол юунаас болж гарсан бол?

-Ер нь ууланд аялагчид маань өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болон дээрээс нь цагийн баримжаагаа зөв тооцоолоогүй, буух замаа буруу сонгосноос болж энэ осол гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

-Уулын осолд өртөгсдийн амь насыг аврах боломж байсан болов уу?

-Тийм өндөр дээрээс унасан тохиолдолд ямар ч хүн амьд үлдэх боломжгүй байсан. Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг бүхий л мэргэжлийн болон хууль хүчний байгууллагууд, Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, шүүх шинжилгээний алба, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага хамт олон, мөн ар талын үйлчилгээнд ажилласан олон хүний хүч хөдөлмөрөөр богино хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. Чин үнэнийг хэлэхэд энэ олон хүн гурав хоногийн хугацаанд цаг наргүй л ажиллалаа. Анхны дуудлагыг энэ сарын 22-ны 14.30 цагт аваад Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсгийг би шууд удирдан ослын газарт ирсэн. Ингээд 23-ны өдрийн 04.05 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Уулын спортын холбооны гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан баг хамтарч, бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан.

-77 настай уулчин бас эрлийн ажиллагаанд оролцож авиралт хийсэн гэл үү?

-Ховд аймгийн Онцгой байдлын газрын зөвлөх ажилтан, 77 настай уулчин Гүррагчаа гэдэг хүн л дээ. Ховд аймгийн Онцгой байдлын газрынхан энд бас ажилласан. Бид хүч хэрэгслээ Отгонтэнгэр хайрханы зүүн талд татан төвлөрүүлсэн. Баруун бүсийн Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан зэрэг зургаан аймгийн хүч хэрэгслийг нааш татаж ирүүлсэн. Энэ эрлийн ажиллагаанд Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар бүх түвшинд онцгой анхаарал хандуулсан. Зэвсэгт хүчнээс 303 дугаар ангийн хоёр нисдэг тэрэг ажиллуулсан нь бидний ажиллагааг хөнгөвчиллөө. Энэ хоёр нисдэг тэрэг манай аврагчдын багийг ослын голомт руу зөөх, осолдсон иргэдийн шарил цогцсыг хүргэх гээд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Баянхонгор аймаг дахь цэргийн ангиас мөн байлдааны зориулалттай гурван машин, суудлын хоёр тэрэгтэй тавь гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хүрэлцэн ирж ажиллалаа.

-Осолдсон иргэдийн шарилуудын хөл гар нь тасарсан, эр эм нь ч мэдэгдэхгүй болтлоо аймшигтай гэмтсэн учраас таниулах үйл ажиллагааг хийх юм гэнэ гэж сонслоо. Шарилууд ямаршуухан байдалтай байх юм?

-Отгонтэнгэр хайрханы газарзүйн бүтэц харахад эгч цавчим, ерэн градусын налуу өндөртэй. Өөрөөр хэлбэл 4000 метрийн өндрөөс 3200 метрт унана гэдэг бол хэр баргийн хүн эрсдэхгүй байх боломжгүй юм. Тэр өндрөөс иргэд маань цасан нурангид орооцолдон эргэлдэж, тэр эрчээрээ шидэгдэж орж ирсэн байна л даа. Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, нүүр гар хөл нь хугаралттай, бэртэлттэй, цээжин хэсгийн хувцас нь тайлагдсан байдалтай, хуруу гар нь сарвайчихсан байх жишээтэй олдсон. Тэдгээр цогцсуудыг ихэвчлэн цасан доороос олсон.

-Цасан доороос яаж баримжаалж олов?

-Металл хайгч багажийн тусламжтайгаар цогцсуудыг эрэн хайж олсон. Сүүлийн гурван шарилыг хайх үед бидэнд ямар ч багаж байгаагүй. Ердөө л хүрзтэй 99 албан хаагч нийт талбар дээр хоёр техник хэрэгсэлтэй ажилласан. Эрлийн ажиллагааг маш үр дүнтэй богино хугацаанд явууллаа. Байгаль хангай ч биднийг ивээлээ. Магадгүй салхи шуургатай, байгалийн хүнд нөхцөлтэй байсан бол эрлийн ажиллагааны цаг хугацаа сунжрах байсныг үгүйсгэхгүй.

-Цаг хугацаа гэснээс амьд үлдсэн арвын нэг нь зургийн аппаратаа гэрэнд нь хийх гэж бусдыгаа хүлээлгэж байтал түрүүчийн хоёр олсныхон пижигнээд алга болсон гэсэн яриа байгаа. Таны таамгаар яг ямар үйл явдал болж нэг хэсэг нь осолдож, цөөнх нь амьд үлдсэн бол?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл би аваагүй байна. Амьд үлдсэн арван хүнтэй бид уулзсан. Тэр хүмүүсийн өгч байгаа мэдээллээр бол 21-ний өглөө буюу бямба гарагийн 08.00 цагийн алдад хайрхан руу авиралт хийж 16.20 цагт анхны хүн оргил дээр нь гарсан байгаа юм. Тэнд 30-40 минут зураг хөргөө авахуулаад 17 цагт уруудсан. Уруудахдаа уулын авиралтын дүрмээрээ ирсэн мөрөөрөө буцах ёстой байтал зүүн гар тийшээ буюу Отгонтэнгэр хайрханы зүүн талаа барин уруудаж. Энэ нь маш том алдаа болсон байх. Ямартай ч бид шуурхай ажиллаж уржигдар эхний арван цогцсыг, өчигдөр дөрвөн шарил, гуравдахь өдөр гурван шарилыг олж Улаанбаатар хот руу нисдэг тэргээр илгээлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *