“Илд цэцэг” хэмээх жигтэй нэртэй кино энэ сарын 3-наас үзэгчдэд хүрэх гэж байна. “Абсолют пикчерс” студийн энэхүү бүтээл нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ.
Киноны зах зээл дээр том найруулагчдын гараас том бүтээл төрдөгийн жишгээр “Зүрхний хилэн”-ийн араас үзэх ёстой киноны жагсаалтад зүй ёсоор багтах энэ кино бол найруулагч П.Дэлгэрбаярын 8 дахь уран бүтээл юм. Тэрээр 2003 онд “Найзууд” киног анх бүтээн үзэгчдэд толилуулсанаас хойш “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл” кинонуудыг зохион найруулж, “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу?” кинонд багаараа ажиллаж байв.
“Илд цэцэг”-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчнийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Жүжигчин Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг болон ахмад жүжигчид, олон залуу уран бүтээлчид энэ кинонд тогложээ.
Үзэгчдийн хүртээл болсоны дараагаар олон улсын кино наадам, яармаг худалдаанд хүч үзэх энэхүү бүтээл дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай аж.
Э.МӨНХ