Японы “Piala Inc” компани тамхидалтын эсрэг тэмцэх нэгэн шийдвэр гаргасан байна. Тус байгууллага өнгөрсөн сараас шинэ дүрмийг мөрдөж эхэлжээ.
Түүнд дурдсанаар тамхи татдаггүй ажилтан давуу эрх эдэлж, ээлжийн амралтынхаа үеэр тамхи татдаг нэгнээсээ зургаан хоног илүү амрах гэнэ. Токио хотноо байрлах “Piala Inc” компанийн төлөөлөгчийн ярьснаар тамхи татдаг ажилтнууд тамхилна гэсэн шалтгаанаар олон цагийг дэмий өнгөрөөдөг талаар зарим ажилчид гомдол гаргасан. Бид үүний дагуу дээрх арга хэмжээг авсан юм гэжээ. Тус байгууллагын оффис 29 давхарт байрладаг аж. Харин тамхи татахын тулд нэг давхар руу буудаг байна. Үүнд хамгийн багадаа 15 минут зарцуулдаг байна. Тиймээс дээрх компани тамхидалтын эсрэг тэмцэх зорилгоор ийм арга хэмжээг аваад буй юм. Сануулахад, Токио хотноо 2020 онд олимп болно. Тус хотын дарга Ю.Коке олон нийтийн газарт тамхи татахыг хориглох төлөвлөгөө боловсруулах талаараа мэдэгдэж байсан удаатай. Японы хүн амын 18 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг байна.