Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай шаардлага хүргүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өглөөний 05.00-10.30, орой 19.00-02.00 цагийн хооронд 3000 буюу гамшгийн хэмжээнд аль хэдийн хүрч Улаанбаатар хотын иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг Монголын эрүүл мэндийн байгууллага тогтоосон. ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 тоосонцрын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулдаг гэж үздэг.

НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх 3 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг яаралтай ирүүлэх, олон нийтэд мэдээлэх талаар НЗД-ын орлогч, Нийслэлийн харьяа агентлагт албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байгаагаас нь төсвийн мөнгө хэзээ, хаана ямар зориулалтаар зарцуулагдах нь тодорхойгүй, хотын удирдлагууд агаарын бохирдлын асуудалд ач холбогдол өгөхгүй байгаагийн тод жишээ юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс энэхүү асуудалд нухацтай хандаж үүсэн гарч буй нөхцөл байдалд тохирсон шийдэл олох, гамшигт нөхцөл байдлыг даван гарах оновчтой шийдвэрийг цаг алдалгүй НИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэж бид үзэж байна.

Иймд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар НИТХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулахыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд НИТХ-ын дарга, НЗД болон холбогдох албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ үүгээр мэдэгдэе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *