Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна

Related image

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын ах нарын лицензийн асуудлаар жиргэсний дараахан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу барив. Тэрбээр твийттер хуудастаа ийнхүү жиргэжээ:

Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!!

Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна даа, цагдаад гомдол гаргаж байна. АМГТХЭГ-ийн сайт руу нь ороод шууд шалгаад үзнэ үү?!?

гэсэн байна.


УИХ-аар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд твийттерт байр сууриа ийнхүү илэрхийлсэн юм.

З.Энхболд “Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ.

Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ” хэмээн жиргэсэн юм.

Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг зөвшилцөх үеэр Ерөнхийлөгчийн зөвшөөрөөгүй ганц хүн Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар байсан билээ. Гэсэн ч МАН олонхи болсон УИХ Ерөнхийлөгчийн саналыг харгалзаж үзээгүй юм. Энэ сарын 26-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавьсан. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд Монгол төр байсан гэж зарласан бөгөөд мөнөөх гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хэсэгчлэн хориг тавиад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *