Categories
мэдээ цаг-үе

Шагдарсүрэнгийн Гүрбазар: Монгол бөхийн босоо цагаан өргөөнд уйлбал уйлъя, дуулбал дуулъя

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазартай уулзаж хөөрөлдлөө. Түүний “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн шилдэг гучин дууны цэнгүүн удахгүй болох гэж буй юм.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав та хоёр тоглолтоо жил бүр толилуулдаг байх аа?

-Балхаа маань тоглолтоо жил бүр хийдэг. Миний хувьд “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” гэсэн тоглолтоо долоон жилийн дараа ард түмэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлч хүнд өөрийнхөө нооргийг ч юм уу, бичсэн юмаа эргүүлж харах өдөр гардаг л даа. Ний нуугүй хэлэхэд 1977 оноос хойш би Монголын нийтийн дууны ертөнцөд маш олон дуу зохиосон байх юм.

-Хэд орчим дуу зохиосон байх юм?

-Хоёр зуу гаруй дуу байна. Үүний жар гаруй дууг Балхаатайгаа хамтарч хийсэн байдаг. Рок попын дуунууд ч нэлээд бий. Яг нийтийн дууны тоглолт гэдэг утгаараа анх удаа энэ тоглолтоо хийж байна. Гучин жилийн өмнөхөөс энэ оны шинэ дуу хүртэл шигшээд үзэгчдэдээ сонсговол яасан юм бэ гэж бодсон юм. Зохиолч, сэтгүүлч хүний хувьд уран бүтээл гэдэг Гүрбазарын үг л юм даа. Тиймээс үгээ л хэлье гэж бодлоо. Сэтгүүлчийнхээ нийтлэлээр ч хэлж болдог, яруу найрагчийнхаа үүднээс дуугаар ч хэлж болдог нь үг л юм даа. Уран бүтээлээрээ дамжуулж Монгол бөхийн өргөөнд хоёр цаг дуугаръя.

-Монгол нутгаас буцаж байгаа хятад данжаад “Энэ сайхан нутагт хойд насандаа гүрвэл ч болтугай болж төрөх юм сан” гэж уйлаад явж байсан гэдэг. Таны хувьд Монгол сайхан орондоо хүн болж төрөхийн утга учрыг юу гэж бодож явдаг бол?

-Ер нь зүгээр шулуухан хэлэхэд сайхан юмаар цадчихсан хүмүүс сайхнаа огт мэддэггүй юм. Түүхээр цадчихсан хүн өөрийгөө мэддэггүй. Жишээ болгоод хэлэхэд Өмнөд монголчуудыг, халимагуудыг, буриадуудыг, Өлзийтөд байгаа Афганистаны хазаар монголчуудыг харах юм бол бидэнд атаархаж, наашаа эртний өвөг дээдсийн нутаг өөдөө сүүгээ өргөж байгаа нь үнэн шүү. “Ийм оронд хүн болж төрөх юм сан” гэж бэтгэрч байгаа. Тэд дутуу байгаагаа түүхээрээ нөхөж байгаа. Бид бүтэн байгаадаа эрдэж мөнх эжий аавтайгаа хамт байх юм шиг бодоод явдаг шигээ л загнаж байгаа байхгүй юу. Миний эх орны дуунуудыг энд байгаа монголчуудаас илүү дэлхийн монголчууд их сонсдог. Би тоглолтод дуулагдах дуу болгоныхоо өмнө учраа хэлье гэж бодож байгаа. Би зохиолч, яруу найрагч хүн. Эмзэглэдэг газраа эмзэглэе. Уйлах үедээ уйлъя. Уурлах газраа уурлая. Өмрөхгүй байхын аргагүй эх орон гэж байхад үнэнээ хэлье. Та нар минь яаж яваа юм бэ гэдгээ хэлмээр байна. Ямар сайндаа л би ийм дуу зохиохов гэж учирлан хэлье.

-“Монголын үнэртэй салхи”-аас өгсүүлээд сайхан дуунууд дуулагдана биз?

-Дуунуудыг хүмүүс тэртэй тэргүй мэднэ. Дуун дээрээ далимдуулж үгээ хэлье. Ийм завшаан надад тохиолдож байгаа. Миний тоглолтоос хоёр хоногийн дараа энэ сарын 27-нд Л.Балхжавын тоглолт болно. Балхаа бол өөрийнхөө хөг аялгууг л сонсгох гэж байгаа шүү дээ, хөгжмийн зохиолч хүн учраас. Би бол үгээ сонсгох гэж байгаа юм. Тасалбар дээрээ би “Дууны яруу найрагч” гэж өөрийгөө тодотгосон. Дууны яруу найраг чинь өөрөө үг. Аянд хавчуулсан сайхан дууг дуучнаар дамжуулан би хэлж байгаа үг юм. Тиймээс энэ 25-ны үдэш бол Гүрбазарыг сонсох мөчлөг байх болов уу. Би УИХ-ын гишүүн С.Жавхлан гуайд урилга илгээсэн. Хууль дүрмээрээ Жавхлан гуай дуулж болох, эсэхийг мэдэхгүй байгаа юм. Урилгын хариуг хэлье гэсэн. Тэгэхдээ “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу бол С.Жавхлангийн өмч биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Од, Гүрбазар хоёрын өмч. Уг нь нөгөө монгол гэдэг дээлээ өмсдөг хүн мөн л юм бол миний тоглолт дээр зогсож л байх ёстой. “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” гэдэг тоглолтонд Жавхлан үг хэлэхэд ард түмэн уурлахгүй. Гэхдээ ямар ч байсан “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу дуулагдана.

-Дуугаар дөрөөлж түмний танил, төрийн гавьяат болсон хүн ирж оролцох байлгүй дээ?

-Уран бүтээлчийн урлан руу хүн хэр барагтай бол өнгийдөггүй юм л даа. Нийтлэлийг нь уншаад л уурлах юм уу, уйлаад унахаас биш сэтгүүлчийн ч бай, яруу найрагчийн ч бай зовлонг хүн мэддэггүй. Одоо цагт тоглолтын сурталчилгаа явахаар “Тэр дуучин ирнэ, энэ гавьяат орно” гэж зарлах юм. Би бол тэр дуучин ирнэ гэж зарлахгүй, тэр дуу дуулагдана гэж хэлж байгаа. “Мөнхийн дэргэд ээж минь”, “Монголоо санасан сэтгэл”, “Будан суухаас нь өмнө”, “Уйлахгүй шүү би аавыгаа санахаар” гээд бүгд л олны мэдэх дуунууд байгаа. Зарим дуучдын хувьд дэлхийн алдартай дуучин Ариунбаатар маань гадаадаас 25-ны өглөө онгоцноос буух тохиолдол байгаа. Дахин хэлэхэд энэ л дуунуудаараа омогшиж Монгол бөхийн босоо цагаан өргөөг тойрч байгаад уйлбал уйлаад, дуулбал дуулаад үзье. Би чинь жүжгийн зохиолч, бас яруу найрагч хүн. Арга ядахад хөтлөгч хүн шүү дээ. Тийм учраас дууны яруу найрагчийн зүрхний үгийг сонсох үдэш болох юм даа. Өөр газар миний дуунуудыг дуулдаг л даа. “Монгол ээж” гэдэг дуу дуулагдлаа гэхэд алга ташаад л болчихдог.

“Чонын хийморьтой эр хүн байна

Цолмон од шиг торолзъё доо” гэдэг дуугаа яаж зохиосноо яриад дараа нь тэр дууг сонсохоор жирийн цуваа тоглолтоос ондоо байж таарна аа даа.

-Ёстой жинхэнэ амьд тоглолт гэдэг чинь л тэр болно доо. Зохиогчийн нэвтрүүлэг гэдэг шиг зохиогчийн тоглолт л болох юм байна?

-Зохиогчийн хөтөлбөр байх юм. Нандиаг би урьж байгаа. Заримдаа Нандиагийн ток шоу ч юм шиг, заримдаа Гүрбазарын драмтай тоглолт ч юм шиг, заримдаа Гүрбазарын яруу найргийн хэсэг ч юм шиг, заримдаа ёслолын хэсэг ч юм шиг хэнийг ч уйдаахгүй тоглолт байх юм. Хоёр гурван хэсэгтэй. Гэхдээ ихэнх хэсгийг би өөрөө хөтөлж явна. Гучин жил бодож явсан бодлоо хэлнэ. Одоо нэг юм сонгууль холдож амарсан болохоор тоглолтон дээрээ улс төр ч ярина. Та бидний дотор өмөөрөхгүй байхгүй бол болохгүй эх орон ч гэдэг юм уу эмзэглэх зүйл их байдаг биз дээ. Уулс санаа алдах энэ тэрийг би хатуухан хэлнэ. Тиймээс би төрийн томчуулыг урьж байгаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд болж буй Ц.Нямдорж гуайг урьсан. “Би очно оо” гэж байна лээ. Би үгээ төрд сонсгох гээд байна. Ноднин жил би энэ тоглолтоо хийсэн бол “Энэ хэний сонгуулийн шоу вэ” гэж хардах байсан. Одоо ядаж байхад яаж ч хардах гээд ойр хавьд ямар ч сонгууль алга л даа. (инээв) Би тасалбараа Монголын газрын зургийн хэлбэртэй хийсэн. Энэ чинь л нэг юм хэлээд байгаа биз дээ.

-Таны юу хэлэх гээд байгаа санааг очин байж, үзэн байж л мэднэ дээ?

-Гүрбазарын сэтгэлийг сонсох гэж үзэгчид маань очно. Би эжийдээ яаж дуу зохиосон юм гэдгээ уйлж байгаад ярина. Эх орондоо яаж баярлаж, яаж омогшдогоо уйлж байгаад ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол гэдэг ойлголт руугаа жаахан ч гэсэн дөхье гэсэн сайхан сайхан санал гаргаад байгаа. Би аль ч намын гишүүн биш. Монгол гэдэг үнэмшилдээ ойртчихвол бидний өнөөгийн хорин хэдэн тэрбум долларын өр, эдийн засгийн ядуурал юу ч биш. Дороо л босоод ирнэ. Дэлхийн нэг том эрдэмтэнтэй ярилцаж байхад “Та нар нийгмийн сэтгэлгээний бэрхшээлээ ялчихвал эдийн засгийн хямрал юу ч биш. Нэг өдөр босоод ирнэ” гэж байсан. Энэ үнэн шүү. Хорин хэдэн тэрбум доллар чинь нэг баян хүний халаасанд л байгаа байхгүй юу. Нэг л зөв голдиролдоо орчих юм бол манайх дороо л босчихно. Хэн нэгнийг муулаад яахын бэ. Жаахан омогшиж урагшаа л харъя. Танд гэж хэлэхэд би эх орны тухай ийм олон дуу яах гэж хийдэг юм бэ?

-Яах гэж хийдэг гэж?

-Дээхнэ социализмын үед намын тухай дуу хийгээд шагнуулдаг байсан шүү дээ. Тэрэн шиг алдар олох гэж би эх орны дуу хийгээгүй. Дандаа эмзэглэсэндээ хийдэг юм. Гай гамшигт бүү уначихаасай миний эх орон, гайхамшигтай сайхан эх оронтой шүү гэж мөнхөд сануулахын тулд, одоо арван настай хүүхэд гучин жилийн дараа миний дууг сонсоод “Гүрбазар гуай тэгж хэлсэн байдаг шүү” гэж яриасай гэсэндээ бичдэг юм. Өнөөдөр бид “Жамцын Бадраа гэж агуу амьтан

“Хүдэн татсан хангай байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа хө…” гэж захьж үлдээсэн шүү” гэж ярьдаг биз дээ. Явуухулан, Бадраа шиг түүхэнд үнэлэгдэхгүй ч гэсэн миний туйлын хүслэн маань ийм гэгээн юм.

-Дуу бол хөгжмийн зохиолч, найрагч, дуучин гурвын чандмалсан бүтээл байдаг даа?

-Тоглолтдоо Н.Жанцанноров гуайгаа урьсан. Энэ агуу хүнтэй би есөн дуу хийсэн. Балхаагаа урина. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Одыгоо, Бямбабаяраа, энэ цагийн Монголын алдартай хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраа, Цэн.Эрдэнэбатаа, Аранзаа гэдэг Бат-Эрдэнээ урина. Тэнгэрт одсон хөгжмийн зохиолчдодоо хүндэтгэл үзүүлнэ. Дэлхийд захлаад эхэлчихсэн Анхбаяр гэдэг дуучин миний “Алтан ширээгийн дуулал” дууг минь хоортой дуулахаар болж байна.

-Та тоглолтоороо үгээ хэлэх юм байж. Үгээ хэлэхээс гадна бас сайхан үйл дагаж л байгаа даа?

-Дуугаараа би гурав дөрвөн шинэ сайхан дуучин гаргаж ирэх гэж байгаа. Тэд өөрсдөө ярьдаггүй л болохоос миний дуугаар гарч ирсэн олон залуучууд байдаг. Миний “Чонон хийморьтой эр хүн” тоглолтод одоогоос олон жилийн өмнө дуучин Төрмандахыг анх удаа дуулж байхад үзэгчид “Төрмандахын дэргэд Жавхлан юу юм бэ” гэж хашгирч байсан. Тэрэнтэй адил нэг залуу дуучин түрээд, төрөөд гараад ирвэл “Жавхлан, Төрмандах хоёр юу юм бэ” гэвэл яах юм. Битүү морьд шиг залуучуудыг би дэмждэг. Миний гучин жилийн мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдлөө би энэ тоглолтон дээрээ биелүүлнэ. Нугардаг юм уу, илбэ үзүүлдэг юм уу, цирк үзүүлэх ч юм уу би тэрийгээ хэлж мэдэхгүй. Энэ шоу байг л дээ. Муу хийж болно. “Гүрээгээс бас ийм юм гардаг аа” гэхээр нэг сюрприз ямар ч байсан үзүүлнэ. Бөхийн өргөөнд тоглолтоо хийж байгаа юм чинь барилдаж ч болно шүү дээ.

-Болрын талст гэдэг шиг та бол яруу найрагч, сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин, жүжгийн зохиолч гээд авьяасын маш олон талсттай уран бүтээлч. Энэ цаанаасаа учиртай байна уу, үгүй юу. Ардын уран зохиолч Балжирын Догмид ах л гэхэд таныг Дорноговийн нэг гайхамшигтай хувилгааны хойд дүр гээд шүтээд байдаг юм билээ?

-За яах вэ, Дорноговийнхон нэгнээ магтсан л гэх байх даа. Миний телевизийн нэвтрүүлгээр Догмид гуай намайг орон даяар ингэж зарласан л даа. Догмид гуайн аав Балжир гэж хүн байлаа. Намайг гурван настай жаахан байхад Нүдэнгийн хийдийн хэдэн хөгшчүүл ирж хадаг барьсан юм гэнэ лээ. Намайг гуравтай байхад Догмид гуай 13-тай байж. Хадаг бариад ирэхэд нь манай аав тэднийг хөөгөөд явуулчихсан юм билээ. Манай аавыг Догмид гуай “Улаан хувьсгалч Шагдарсүрэн” гээд байдаг ш дээ. Аав уурлаад гурван жил цагаан дээс татаад хүн оруулаагүй гэдэг юм. Тэр ямар учиртай байсныг би мэдэхгүй. Намайг бага байхад шинийн найманд багтаж Нүдэнгийн хийдийн хөгшчүүл ирж “Багшид ирж мөргөж байна” гэж золгодог байсныг мэдэх юм. Тэдний нэг нь Догмид гуайн аав л даа. Тэр үед 13-тай байснаараа Догмид гуай л мэддэг байсан юм билээ. Тэрнээс би сахил санваар ч үгүй хүн. Гандангийн хуучны лам нар “Та тэр хүний хойд дүр шүү” гэж хожим надад хэлдэг байсан, би ганц тарни ч мэдэхгүй хүн чинь яах билээ. Тэр бол хүмүүсийн хүндлэл бишрэл. Гэхдээ би онгодтой, хийморьтой шүлэг найраг бичиж байгаа минь тэр хувилгааны буян хишиг юм болов уу гэж дотроо залбирч явдаг. Тоглолтдоо арван гуравтай лам Гандангаас гуйсан. Дуулсан дуучдад тэр лам хадаг барих юм. Тэр нь их авшиг болох байх.

Үргэлжлэл бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *