Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбооны дарга Л.Болд:
Төмөр Замчдын Мэргэжлийн холбоодоос өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. “Төмөр зам мэргэжил бүр дээр үйл ажиллагаа явуулдаг цогц байгууллага. Энэ дотроо мэргэжил бүрээ хөгжүүлье гэсэн зорилготой нэгдсэн холбоод байдаг. Холбоо болгон өөрийн ажлын онцлогтой. Эдгээр холбоо нь 2015 оноос Төмөр Замын Нэгдсэн холбоонд нэгдсэн.
Харин нэгдсэн холбоо бидэнтэй уулзаж ярьж, ажил мэргэжлээ хөгжүүлэх дорвитой бодлого боловсруулахын оронд бидний өмнөөс, бидэнтэй хуралдаж шийдээгүй асуудлуудаа Хэвлэл Мэдээллийн Хэрэгслээр удаа дараа мэдээлж, төмөр замын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байна. Тиймээс Төмөр замын нэгдсэн холбоонд оролцдог бид энэ холбооноос гарахаар шийдвэрлэсэн” гэлээ. Ийнхүү Монголын Төмөр Замын Нэгдсэн холбоо нь анх байгуулагдахад долоон холбоо нэгдэж байсан бол өнөөдөр таван холбоо гарахаа илэрхийллээ.