ТЕГ-ын дарга Б.Хурц мэдээлэл хийж, Ц.Нямдорж сайдтай холбоотой хурцхан мэдэгдэл хийсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга ярихдаа “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болохдоо С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан, энэ ажлын хэсгийн 32 албан хаагчийг сольсон. Хэргийн захиалагчийг олохоор ажиллаж байгаа энэ цаг мөчид улс төрийн болон бусад зорилгоор Ц.Нямдорж нөлөөлж байна. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагыг оролддог. Өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж Д.Дорлигжав, Н.Алтанхуяг гэдэг бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай. Ц.Нямдорж Эрдэнэтэд шахааны бизнестэй гэх мэтээр мэдээлсэн юм.
Сэтгүүлчид Төрийн ордонд УИХ-ын чуулганы хуралдааны завсарлагаанаар гарч ирсэн Ц.Нямдорж сайдыг амдаж аваад, ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдээллийг тодруулсан юм.
Тэрбээр “Юу яриад байна, та нар” гэсэн ч энэ асуудалд бэлтгэлтэй байсан бололтой. Ийнхүү ярив.
– Би Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зарим нэг үгийг нь сонссон шүү. Зул бөхөхийн өмнө бамбардаж асдаг шиг юм болж байна. Нам дамжсан бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Солигдохоо мэдчихээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ. Эрдэнэтийн 49 хувийг ийм тийш болгох ажиллагаанд энэ Б.Хурц оролцсон. Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж ийм мэдэгдэл хийж байна л даа. Миний хүү Анхбаярын тухай мэдээлэл гараад, учир нь олдоод, ард түмэн ойлгосон.
Тагнуулаас алдагдсан 42 хуудас материал гэдэг нь 1998 онд Ж.Баатар хулгайлж гарсан баримт л даа.
Би ажлын хэсгийнхнийг өөрчилж байгаагүй. Харин одоо цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг солиулна. Захиалагчийг нь олоогүй байж захиалж алуулсан гээд хүн шийтгэдэг ямар юм байдаг юм бэ. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь ил болго гэсэн санал оруулж байгаа.
Хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн хэрэг нь ил болохоос айж байгаа юм.
Монголын хууль, хяналтын байгууллага дарга нарт үйлчилдэг болсон. Энэ сүлжээ нь нуран унахас эмээж байгаа. Намайг тагнуул гэж гүтгэсэн.
Б.Хурцын ард 49-ийнхэн, нам дамжсан бүлэглэл тэр чигээрээ байгаа.
Би сая Н.Алтанхуягт утсаар хэллээ. “Бүлэглэлийнхээ учрыг олоорой” гэж. Инээж л байна лээ. Бид өөр намынх учраас хашаагаа мэднэ, хаана байхаа мэднэ.
Анхбаяр гэж 42-ын шахаа хийсэн хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр тагнуулын байгууллага ажиллагаа хийгээд бүтэн жил намайг тагнасан. Би Б.Хурцыг Ж.Эрдэнэбат дээр дагуулж орж байсан. Ийм юм хийлээ гэж.
Улсын аюулгүй байдлыг хангах ёстой байгууллагын дарга ажлаа өгөхийн өмнө ийм мэдэгдэл хийж байна. Хуулийнхан төрийн толгойд гарч, Ц.Элбэгдоржийн үед улсыг түйвээсний илрэл энэ. Миний тухай мэдээлэл хийж байхад Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр ямар хамаатай юм бэ.
Би Б.Хурц гэдэг хүнийг жилийн өмнө өргөдлөө өгөөд яв гэсэн. Тэр үед намайг тагнаж байсан юм.
Хууль, хяналтын байгууллагыг завхруулдаг, томилгоогоор дамжуулж бүгдийг нь хянаж байгаа гэдгээ зарлаад байгаа юм биш үү. Ажлаа өгөхөө мэдрээд, ийм мэдээлэл хийнэ гэдэг улс төрийн тагнуул хийж байсан гэсэн үг.
Би ямар ч хамгаалалт авахгүй, тавилангаараа болог. Би энэ муухай хуйвалдааны сүлжээнд орсон хүмүүсээс цагдааг цэвэрлэнэ. Ингэх тусам илүү эрчимтэй цэвэрлэнэ шүү гэж хэллээ.
“Цаашдаа юу өрнөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Юм юм өрнөнө” гэв.
Б.ЭГШИГЛЭН