Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төслийн талаар танилцуулав. Хугацаа нь тулсан гадаад өрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, санхүүгийн хямралаас сэргийлэх зэрэг Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт олон сорилт тулгарсныг даван туулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэн хэлсэн.
Хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавих зорилгоор Олон улсын валютын сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-тэй уялдуулан 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа гэв. Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Гэсэн хэдий ч дунд, урт хугацааны гадаад төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байгаа тул төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлага хэвээр байгааг танилцуулгын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцоллоо. Энэ шаардлагын хүрээнд ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусган боловсруулсан байна.
Инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 5.4 хувьд хүрч, өмнөх саруудаас өсөх хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон зарим төрлийн татвар нэмэгдэх нөлөөгөөр инфляци өсөх ч Төв банк бууруулахаас илүүтэйгээр 8 орчим хувьд тогтворжуулах нь чухал хэмээн үзсэн байна.
Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх зорилготой нийцтэй байдлаар тодорхойлжээ. Мөн тэрбээр Төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олонулсын шилдэг туршлага, зарчимд тулгуурлан шинэчлэх зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, банк, санхүүгийн салбарынтогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах, банкныхяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг банкны хууль тогтоомжид нэвтрүүлэх зорилгоор Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөнхадгаламжийн даатгалын тухай хууль, мөн активын удирдлагын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Активын удирдлагын тухай хууль,валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор Валютынзохицуулалтын тухай хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгааг дурдсан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, зээлийн хүүг бууруулахад чиглэлээр Монгол банк ямар бодлого, арга хэмжээ авч байгааг тодруулсан асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Төв банк зээлийн хүүг буурлах цаг болсон хэмээн үзэж өргөн мэдүүлээд буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх заалт оруулсан байгаа. Тус баримт бичгийг боловсруулахаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн байгууллагууд, банк, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгав. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Банкны тухай хуулийн төсөлд зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монгол банкинд олгох тухай заалтыг тусгасан байгаа гэв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсад хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын 40 Зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх, 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг даалгавар өгөгдөөд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжив. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хойшлуулав
Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.
Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу төрөөс төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх удиирдлагыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зарим нэг хүндрэл гарч байна хэмээн үзсэн байна. Иймд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурал хийх, ТУЗ-ийн хурал болон шийдвэр хүчин төгөлдөр болохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив
Үүний дараа Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд,хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Азийн хөгжлийн банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, тус банкны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй ажээ.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авахыг дэмжиж байгаа ч зарцуулалтыг оновчтой болгоход Сангийн яам, Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Тухайлбал, экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, нийслэлийн шинэ дүүргийг зохион байгуулах, нэн шаардлагатай нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа тэмдэглэж байлаа.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив. Эдийн засгийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.