Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл холбооны сүлжээ компани 2016 онд 2,7 тэрбумын урамшуулал албан хаагчиддаа олгожээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийв.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах 1800-1969 дугаарын утас тогтмол ажиллуулж байгаа юм. Энэ утсанд өнгөрсөн сард 69 дуудлага ирсэн байна. Үүнээс 38 нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол байсан бол 31 нь зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Гомдлын дийлэнх нь боловсролын салбар, нийслэл болон аймаг, сумдын ИТХ, Засаг дарга болон гааль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллийн эхэнд дурдлаа.

Тус хэлтэс өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25 хүртэл Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд ажлын хэсэг гаргаж 12 яам, 20 агентлаг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 23 компанид хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, ажилд томилсон, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлдэггүй, бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын төсөвт өртгийг нэмэгдүүлдэг, тендерт цөөн тооны аж ахуйн нэгж оролцуулдаг, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн төрийн зарим байгууллага албан хаагчдадаа шагнал урамшуулал хавтгайруулан олгодог зөрчил их байгааг Т.Баярхүү комиссар онцлов. Тэрбээр ярихдаа “Мэдээлэл холбооны сүлжээ компани 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум олгосон байна. Энэ урамшуулал нь зарим төрийн байгууллагуудын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхээр байгаа юм. Тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж. Гэтэл төрийн байгууллагуудад шилэн кабелиа өндөр үнээр түрээслэдэг байна. Ажлын хэсэг зарим зөрчлийг газар дээр нь залруулж, хууль эрхзүйн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эрсдэл бий болгож байгаа нөхцлийг арилгах чиглэлээр Засгийн газар, УИХ-д зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа. Ирэх саруудад 21 аймгуудын ЗДТГ болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд танилцахаар төлөвлөж байна” хэмээв.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс (ХШДШХ) өнгөрсөн сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1029 иргэний материалыг хүлээн авч, 821-ийг нь бүрэн хянасан байна. Үүнээс хоёр иргэнийг илт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ. Тухайлбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектурын газрын албанд ажиллахаар нэр дэвшсэн Б нь Барилга байгууламж, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэмшигч аж. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай хэмээн үзжээ. Мөн ОӨУБЕГ-ын Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст ажиллахаар нэр дэвшсэн Д нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Энэ нь ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчийн ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглох тухай Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн байна хэмээн эрхэлсэн комиссар Х.Хашбаатар мэдээлэв.

Түүнчлэн, “Манай хэлтэст төрийн удирдах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах 100 гомдол ирсэн. Өргөдөл гомдлын дийлэнхийг Орхон, Баянхонгор, Дундговь аймгаас ирүүлсэн байна. Үүнээс хоёр гомдлыг шалгаж үзээд, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн. Тухайлбал, Баянгол дүүрэгт орших нэгэн цэцэрлэгийн эрхлэгч хууль бус төлбөр хураамж авсан, өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон зэрэг зөрчил гаргасан байна. Мөн Өмнөговь аймгийн нэгэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Тиймээс эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай албан бичгийг нийслэлийн Засаг дарга болон Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Өмнөговь аймгийн Засаг даргаас тухайн сургуулийн захиралд сахилгын арга хэмжээ авсан гэсэн хариу ирүүлсэн. Одоо хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн дарга зэрэг долоо, ОӨУБЕГ-ын дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцохоор холбогдох байгууллагуудад хандсан. Эдгээр хүмүүс өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгөнд орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй байна” гэлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн товч мэдээлэл хийлээ. Тус хэлтэс өнгөрсөн сард 155 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 12-ыг нь шүүхэд шилжүүлсэн байна. Түүнчлэн 12 хэргийн хэрэг бүртгэлтийг хааж, одоогоор 127 хэрэг шалгаж байгаа юм. Шүүхэд шилжүүлсэн 12 хэрэгт холбогдсон 36 хүний 8 нь улс төрийн, 7 нь төрийн захиргааны, 11 нь төрийн тусгай албан тушаалтан байжээ. Эдгээр хэргийн улмаас улсад нийт 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *