Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, ахмад Базарсадын Болдбаатартай уулзаж хөөрөлдлөө. Түүнийг “Бүжин сарны зүүд”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй”, “Бид мартахгүй”, “Ухаан, цэцэг хоёр”, “Тогоруутай нуур”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон дуучин гэдгийг монголчууд сайн мэднэ.
-Монгол түмний хайртай дуучин маань нэг л сураг ажиггүй болчихсон чинь цэргийн хүн болчихож. Хилийн цэрэгт ямар ажил алба эрхэлж байна даа?
-Би Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын 0294 дүгээр тусгай салбарын орлогчоор буюу уран сайхны удирдагчаар томилогдоод ажиллаж байна.
-Уран бүтээлч хүн цэргийн албанд орчихоор нэг л хашигдмал болчихоод байна уу?
-Монгол бөхийн өргөөнд би нийт найман тоглолтоо толилуулж, 21 аймгаа тав тойрсон байдаг. Одоо төрдөө зүтгээд сайхан л явж байна. Мэдсэн сурсан мэргэжлийн мэдлэг чадвараа хамт олонтойгоо хуваалцана гэдэг сайхан. Уран бүтээлч хүний хувьд уран бүтээлчдээ удирдана гэдэг амаргүй л дээ. Гэхдээ Хилийн цэргийн чуулгад ирээд хилчид дайчид болон хил орчмын ард иргэддээ урлаг соёлоор үйлчилнэ гэдэг бахархмаар сайхан алба юм. Морь малаар хүрдэггүй, машин техник ч явахад бэрхшээлтэй хилийн онгон дагшин газруудад очиж тоглолтоо хийнэ гэдэг үнэхээр бахархмаар шүү. Хилийн харуулын ганц цэрэг ч байсан л урлаг соёлоор үйлчлэх тангарагтай улс шүү дээ, бид.
-Танай чуулгаас ч олон сайхан алдартан төрсөн дөө?
-Манай чуулгын бүрэлдэхүүн одоо ерөнхийдөө их залуужсан. Би энд ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай алдартнуудыг тоочно гэвэл барагдахгүй. Бүжгийн төрлөөр гэхэд Отгон гэж гавьяат байна. Дуучдаас “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин Дашдондог, гавьяат жүжигчин Бүрнээбаяр нарын олон хүн бий. Манай чуулгын дуучин Мөнгөнчимэг, Батбаатар, Энхбаатар нар маань ОХУ-ын Линховений олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. “Этэн” морин хуурын хамтлаг маань бас олон улсын фестивальд оролцоод ирсэн. Хилийн цэргийн ерөнхий командлагч хошууч генерал Сэргэлэн, бригадын генерал Бямбасүрэн, бригадын генерал Лхагвасүрэн, штабын дарга, хошууч генерал Лхачинжав нарын гүн дэмжлэг манай чуулгын ажил үйлс өөдрөг байх үндэс болдог доо.
-Шинэ уран бүтээл юутайхан байна?
-Ажилдаа дадлагажиж, уран бүтээлчдээ дэмжиж, залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх, хилчдэдээ уран бүтээлээ толилуулж ажиллах бодолтой байгаа. Миний хувь уран бүтээл нэг хэсэг завсардлаа. Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийн офицерын дамжаанд суралцаж төгслөө. Одоо цэргийн чиглэлээр тоглолт хийх үү, нийтэд зориулсан тоглолт толилуулах уу гэдгээ шийдээгүй л байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Найданжав ахын аялгуу, Батсуурийн шүлэг “Тарнын яргай” дуугаа дүрсжүүлэх, “Хилчин” хамтлагтайгаа хамтарч цэнгүүн зохион байгуулах гээд олон л зорилт өмнөө тавьсан.
-Цэргийн, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах саналыг хэн анх тавив?
-Би арваад компани хариуцдаг группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад мэргэжлээрээ түлхүү ажиллая гэж шийдэн энд ажиллах саналаа тавьсан даа.
-СУИС-ийг хэдэн онд төгслөө?
-2006 онд төгссөн. Манай ангийнхан гэвэл “Ану хатан”-д тоглосон дуучин Отгонжаргал, дуучин Амарбаясгалан, Тамир, Оюунцэцэг, Жавхаасайхан, Үүрийнтуяа нарын олон сайхан авьяастнууд байдаг. ДБЭТ-т Хандхүү нарын манай ангийн олон дуучин ажиллаж байна. Бид “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” зэрэг тоглолтыг хийж байлаа. Миний дуулаачийн мэргэжлийн багш маань олон түмэн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойгийн дүрээр нь сайн мэдэх ардын жүжигчин Жамьяндагва юм. “Ньюанс”-ын Өнөрөө, Энхтайван, гавьяат жүжигчин Ганбат агсан, “Элькондор”-ын Хэрлэн нарын уран бүтээлчдийг улсынхаа болон дэлхийн тайзанд гаргасан мундаг хүн дээ, миний багш. Ангийн багш маань урлагийн гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Дэлгэр байв. Энэ л сайхан багш нарынхаа буянаар өдий зэрэгтэй явна даа.
-Аль нутаг усных билээ дээ?
-Хэнтий аймгийн Батноров суманд төрж, Бэрх тосгонд өссөн хоёр нутагтан даа, би. (инээв) Аав маань алт мөнгөний дархан хүн. Батноровын Тожил дархны хийц гэдэг дээ. Энэ алдарт Тожил дархны шавийн шавь уран дархан. Тожил дархны эдэлж хэрэглэж явсан зүйлс, дархны бүх багаж нь манай ахад байдаг. Аавын хийсэн эмээлийг “Садын хийц” гээд хүмүүс энд тэнд тохчихсон л явдаг. Аавынхаа багшид зориулж “Мөнгөн чимэгтэй эмээл” гэдэг дууг саяхан би дууллаа.
-Аавынхаа уран дархны авьяасаас өвлөв үү?
-Би эцэг, эхээс долуулаа. Ганц эгчтэй, би айлын отгон хүү. Олон ах нарынхаа, бас эгчийнхээ гар дээр бөмбөрч өссөн жаахан эрх талдаа байсан. Аавынхаа авьяасыг дуурайсан нь ах нар маань. Миний хувьд дархны талын авьяас маруухан. Хүүхэд байхдаа хар лавыг нь хайлуулж өгөх зэргээр аавынхаа дархны ойр зуурын ажилд тусалдаг л байсан. Дархны ажилдаа жаахан дөр суулгаж, хэр явцтайг нь харъя гэсэндээ тэр үү аав маань жижигхэн майхан барьж өгөөд, баахан хөнгөн цагаан давтуулдаг байсан. Би тэр хөнгөн цагааныг давтаад бөгж болгож зүүхээс хэтрээгүй. Аавынхаа хаана нь ч хүрэхгүй. Жинхэнэ Батноров хийцийг манай аав хийдэг. Маш олон шавь нартай. Тэднээс улсдаа нэрээ гаргаж яваа нь ч цөөнгүй.
-Ээж тань дуучин гэл үү?
-Ээж Барайширжав маань насаараа сурган хүмүүжүүлэх ажил хийсэн, хөгжимчин хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой. Сайхан дуулчихна. Аавын маань талд нутаг олондоо алдаршсан бүжигчин, дуучин хүмүүс их бий. Тэдэн дотор дээр үеийн “Дүнжингарав” чуулгын дуучид ч бий. Манайхныг Тоотынхон гэдэг. Тоот гэж алдартай уртын дууч хүн байсан юм билээ. Тэгэхээр миний хувьд удам залгаж яваа дуучин гэж боддог.
-Удмын олон дуучдын шийрийг хатаасан дуулах дуртай хүү байжээ дээ?
-Багаасаа дуулах дуртай байсан. Дуулахаасаа өмнө сургуулийнхаа гар бөмбөгийн тэмцээнд их оролцдог байлаа. Гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Бүжгийн тэмцээнд их орно. Хөгжим бас тоглодог байсан. Нэг удаа сумынхаа “Өвлийн хишиг” наадамд дуугаар оролцож түрүүлээд тэрнээс хойш дуулдаг болсон. Яг дуулж эхэлсэн үе гэвэл аравдугаар ангид орсон жилээ Хэнтий аймгийн хэмжээнд зохиогддог байсан “Яргуй” наадам, “Хүүхдийн урлагийн их наадам”-д оролцоод түрүүлж байсан. Голдуу “Никитон” хамтлагийн Бачкагийн “Эгчмэд бүсгүй”, ”Никитон дуулж байна” гээд л нэлээд хэдэн дууг нь дуулдаг байлаа. Урлагийн наадамд оролцохдоо алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг нь аваад уйгагүй явдаг байжээ.
-Гэргий чинь хаанахын хүн байна?
-Манай хүн чинь аймгийн төвийнх. Эхнэртэйгээ анх зургадугаар ангиасаа үерхсээр ханилсан. Хүүхдийн “Яргуй” наадамд анх очихдоо танилцсан гээд бод доо. Одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт эм зүйчээр ажилладаг. Бид хоёр чинь дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Марал маань одоо есдүгээр ангид сурч байна. Надтай нөгөө “Ухаан, цэцэг хоёр” дууг бага байхдаа дуулсан даа. Манай хүүхдүүд чинь дуулахын бөөн хоббитнууд л байдаг юм. Саяхан сарын өмнө бага хүү минь төрсөн.
-Аав охин хоёр ч “Ухаан, цэцэг хоёр”-ыг уяртал, уймартал дуулсан шүү?
-“Ухаан, цэцэг хоёр” дууг анх Монголын хүүхдийн ордны хүүхдүүдтэй дуулсан. Дараа нь сэдэв, утга нь их хөөрхөн ая нь наалдацтай энэ дууг охинтойгоо дуулж үзье гэж шийдээд анх нэг кино концертон дээр дуулж байсан. Миний охин чинь аавынхаа тоглолтыг зурагтаар үзэхдээ дагаж дуулдаг, намайг гэртээ бичлэг тавиад сургуулилт хийж байхад урдуур хойгуур гүйгээд, заримдаа дуурайж дуулж байгаад ихэнх дууг маань сурчихсан байсан. ”Ухаан, цэцэг хоёр” дууг дуулснаас хойш энэ дуу бид хоёроор овоглогдох болсон доо. Энэ дуу ямар ч клипгүй байж байгаад, кино концертоор олонд хүрсэн.