“Монголын Үндэсний Олимпийн Хороо”-оос явуулж буй “Сарын шилдэг тамирчин”-г шалгаруулах санал асуулгын дүн гарлаа.
Энэ удаа Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо зохион байгуулагдсан өсвөр үеийн шатрын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний 14 хүртэлх насны
эрэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр тэргүүлсэн байна.
Дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол Улсын анхны эрэгтэй шатарчин болсон юм. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Их мастер Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байсан.
Санал асуулгын дэд байрт 3×3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол гуравдугаар байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга болсон П.Орхон бичигдсэн байна.
“Сарын шилдэг тамирчин” шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан
ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэн гаргасан байна.
О.ДАШНЯМ