Categories
мэдээ нийгэм

Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон хүмүүст мөнгөн шагнал гардууллаа

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж өнгөрсөн билээ. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа. Даби хотод зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнээс Монгол Улс амжилтаа ахиулах зорилттой оролцсон. Зорилт биелж гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноо авч, тусгай байрын шагнал, Үндэсний шилдэг оролцогчийн хос медалийг эх орондоо авчирсан юм. Гагнуурын төрөлд 34 орон оролцсоноор Ж.Жанлав-Ойдов 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Тайванийн оролцогч 730 оноогоор хүрэл медаль, Япон болон Солонгосын оролцогчид 731-733 оноогоор мөнгөн медаль, Хятад улсын оролцогч 737 оноогоор алтан медаль хүртжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *