Categories
мэдээ соёл-урлаг

Н.Мөнгөншагай: Өнөө зун хорь гаруй сумын наадмыг “Гангараа” дуугаараа нээсэн

“Хан-Уул” эрдмийн чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Мөнгөншагайтай ярилцлаа.


-Гар дээрээ бэлэн мөнгөгүй хөдөөнийхөн хонь, малаа хөтөлж авчраад таны тоглолтыг үзэж байсан гэсэн шүү дээ. Хоёр гурвуулаа ирээд “Нэг хониор тоглолтыг чинь үзчихье” ч гэсэн гэл үү?

-(Инээв). 2015 оны аравдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод “Гангараа” тоглолтоо хийчихээд дараа нь аймгуудаар явалгүй хөдөө сумдаар нь явж тоглолтоо хүргэсэн юм. Бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хөдөө гадаагүй л өр зээлтэй. Малчдын мал нь банкны барьцаанд. Хөдөө тоглолтоо хийгээд явж байтал нэг залуу над руу утасдаад “Би нэг төлөг бариад очъё. Сайхан шинэ шөл уучихгүй юу. Тэгээд яахав би аав, ээжийгээ дагуулж очоод тоглолтыг чинь үзчихмээр байна” гэж билээ. Тэгж ярихад нь эхлээд надаар тоглоод байна уу даа гэж бодтол дараа нь бодох нь ээ нээрэн л хөдөө орон нутгийнхны минь бодит амьдрал л тэр байсан байхгүй юу. Тоглолтыг нь үзчих юмсан, дууг нь сонсчих юмсан гэсэн хүсэлтэй байгаад байдаг. Гэтэл мөнгө нь байдаггүй. Ийм явдал тоглолтоор явахад зөндөө л тохиолдож билээ.

-Дээхнэ үед урлагийнхан бригадаар явж хөдөө сумд, алслагдсан газруудад дуу хуураа толилуулдаг байсан. Одоо бол манай дуучид, хамтлагууд хамтраад яваад л байх шиг байна. Хэр хүлээлттэй байдаг вэ?

-Над руу маш олон сумаас урилга ирсэн. Тоглолтын зар дээрх утасны дугаараар холбогдоод “Манайд ирээч ээ. Хэзээ ирэх юм бэ” гэнэ. Увсаас их утасддаг. Сүүлдээ намайг загнасан. (Инээв) “Энд чинь бас хүн байдаг шүү дээ” гээд. Баян-Өлгийгөөс хүртэл тэгж утасдаж байсан. Ер нь бол хөдөө гэлтгүй, Монгол орон даяар хүмүүс үзье гэсэн юмаа үзчихдэг болсон байна лээ. Хэдийгээр олон хамтлаг, дуучин тоглолтоор явдаг ч тэрэн дундаас үзье гэснээ зорьж ирж үзээд буцдаг. Үзэгчдийн суудал дүүрэн байдаг. Бид чинь өвлийн хүйтэн жавар, хаврын хавсарга, үргэлжилсэн борооноор тоглолтоо хийх гээд явж л байсан. Уран бүтээлээ хүргээд ингээд явах нь уран бүтээлч хүний үүрэг гэж боддог. Дуучин хүн өөрөө яваад дуугаа хүмүүст хүргэнэ гэдэг чинь их өөр юм байна лээ. “Гангараа” тоглолтоо 13 аймгийн 200 гаруй суманд тоглосон. Үлдсэн сумдад нь тоглолтоо хүргэх гэж явсаар байтал дараагийнхаа тоглолтыг хийхээр болчихлоо доо. Гэхдээ одоо тоглогдох “Дүүрэн жавхаа” тоглолтоо үлдсэн сумдадаа хүргэх төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа.

-Таныг ард түмэн “Гангараа” дуугаар тань мэддэг болсон гэж хэлж болно. Тийм ээ?

-Тийм, тийм.

-Дуу нь дуучнаа олох, дуучин нь дуугаа олох гэдэг их ярвигтай байдаг юм шиг байгаа юм. Дуулахгүй гээд голчихсон дууг нь өөр дуучин аваад нэрд гарчихсан тохиолдол байдаг. Бас олон дуучныг дамжаад дуулагдсан ч түмэнд түгэлгүй орхигдсон дууг хэн нэгэн дуулаад гараад ирэх жишээний. Та яаж яваад энэ дуутай учрав?

-Манай аав аймгийн заан Г.Норовцэмбэл гэж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат хүн байсан. Их сайхан монгол эр хүн байлаа. Аав минь намайг багад бурхан болсон л доо. Тэрнээс хойш аавынхаа ахан дүүстэй холбоо бараг тасарчихсан байж байгаад 2013 оноос бид утсаар ярьж учир байдлаа ойлголцон уулзаж аавынхаа нутагт нь очиж овоо босгож, найр наадам хийсэн юм. Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ ах маань “Чи ийм нэг дуу дуулмаар байна. Аавынхаа тухай, иймэрхүү дуу дуулах хэрэгтэй” гэж ярьсаар байлаа. Би яруу найрагч Б.Болорцэрэн найздаа хэллээ л дээ. Би ийм утга учиртай дуу дуулмаар байгаа юм. Миний аав ийм хүн байсан юм гэж тайлбарлалаа. Тэгээд нэг их удаагүй шүү. Б.Болорцэрэн маань шүлгээ биччихлээ, “Аавын хүүгийн гангараа” гэдэг нэртэй. Шүлэг нь яг миний хүсч байсан, хэлье, дуулъя гэж бодож байсан тэр санааг гаргасан байсан. Нэг сонин юм хэлэхэд “Гангараа” дууны дахилтынх нь шүлгийг би өөрөө биччихсэн юм.

..Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуулын үргэлжлэл билээ… гээд. Уг нь дахилт нь өөр байсан юм. Б.Болорцэрэнд “Би ингээд өөрчилчихлөө” гэсэн чинь “Миний найз ая, аялгуунд нь тааруулаад өөрчил, өөрчил” гэж зөвшөөрсөн юм. Одоо манай Б.Болорцэрэн чинь “Миний найз чинь өөрөө дахилтаа биччихдэг юм” гэж магтана. Аав минь надаар ийм дуу дуулуулахыг хүссэн болов уу гэж дотроо бодож явдаг юм. Энэ дуу клиптэй болоод л телевизээр гарлаа. Ээж маань “Клипийг чинь үзэхээр аав чинь санагдаад нүдэнд харагдаад байх юм” гэж билээ. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэ ах маань аялгууг нь хийсэн юм. Өдөр нь шүлгийг нь өгөхөд орой нь л аяыг нь бэлэн болгочихсон.

Хурдан морь хүртэл эзнээ олно гэж байдаг. Морь эзнээ хайдаг гэлцдэг. Дуу эзнээ олох нь тэрэнтэй агаар нэг гэж боддог юм. “Гангараа” дуугаараа цомгоо, тоглолтоо нэрлээд 2015 онд уран бүтээлийн олз омог ихтэй байсан. Одоо хүртэл “Гангараа” дууг минь дуулуулъя гэсэн урилга ирдэг. Өнөө зун гэхэд хорь гаруй сумын наадмыг энэ дуугаараа нээсэн. “Дүүрэн жавхаа”, “Гангараа” хоёроо өнөө зун олон найр наадам, цолны мялаалган дээр дууллаа. “Дүүрэн жавхаа” дуу маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын хөгжим, яруу найрагч Д.Батсуурь ахын минь шүлэг. Дууны клипэндээ Монгол эрчүүдийн сайхан нөхөрлөл, үерхэл, итгэлцлийг харуулахыг зорьсон юм. Гавьяат жүжигчин Г.Золбоот ах маань гол дүрд нь тоглож хүмүүст хүргэсэн. Жин тээж яваа түшигтэй монгол эрийн дүр төрхийг харуулсан. Энэ дуугаараа одоо болох тоглолтоо нэрлэсэн.

-Одоо тоглогдох “Дүүрэн жавхаа” таны хоёр дахь тоглолт билүү?

-Гурав дахь. 2013 онд “Амин хайртай ээж” анхны тоглолтоо хийж байсан бол 2015 онд “Гангараа” тоглолтоо тавьсан.

-За, дуучин нь дуугаа олчихдог юм байж. Дараа нь цомгоо гаргана, тэгээд тоглолтоо хийнэ гэдэг бүр том даваа юм шиг байгаа юм, дуучдыг хараад байхад. Тоглолт гэдэг нүсэр ажил биз?

-Нүсэр, нүсэр. Нүсрээр барах уу. Их бэлтгэл орно. Бид чинь Нийтийн дууны холбоонд харьяалагдаад л чөлөөт уран бүтээлч гээд яваад байдаг. Энд тэнд ямар нэг байгууллагад харьяалагддаг бол хамт олон нь тусалж дэмжээд болгочихно. Харин чөлөөт уран бүтээлч бол бүхнийг өөрөө бэлдэнэ. Гэхдээ би “Хан-Уул” эрдмийн чуулгын гоцлол дуучин болсон болохоор энэ удаад арай өөр л дөө. Ийм сайхан чуулга нээгдээд удаагүй байна. Даргаар нь дуучин Анхбаяр ажилладаг.

-Ямар Анхбаяр билээ?

-Нөгөө яагаав хүмүүс Анхаа, Халиун гэдгээр нь сайн мэддэг О.Анхбаяр шүү дээ. Манай чуулгын уран бүтээлчдээс хамгийн түрүүлж тайлан тоглолтоо хийж байгаа нь би.

-Тоглолт хэзээ болох билээ?

-Энэ сарын 30-нд Бөхийн өргөөнд болно.

-Даваа гаригт байх нь?

-Би ер нь аливаа юманд бэлгэшээлийг их бодно. Тоглолтууд ихэвчлэн долоо хоногийн сүүлээр, голдуу баасан гаригт болдог. Юмны эхлэл гэдэг гоё. Долоо хоногийн эхлэлээ дүүрэн жавхаа, эрч хүчээр эхлүүлээсэй гэж хүссэн. Тэр тоглолтоос минь дүүрэн эрч хүч аваад бүтэн долоо хоног, сарын турш жавхаатай байх болов уу гэж бодоод даваа гаригийг сонгосон юм. Тоглолтыг минь олон хүн дэмжиж тусалж байгаа. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Ерөнхий зохион байгуулагчаар нь “Дунд урт” продакшн, “Хан-Уул” эрдмийн чуулга ажиллаж байгаа. Мөн “Дэма” эмнэлэг, “Бат комплект” компани, “Хос шагай” салон, “Хан Хүннү” констракшн, “Бубус тур” аялал жуулчлалын компани, “Ану компьютерс”, “Этно” салон, “Юнипресс”, “Гэр” барилгын хуурай хольц брэнд, “Женерал принтинг”, “B sound” продакшн, “Гал” фото дизайн гэсэн ийм олон компани миний тоглолтод тусалж байгаа юм. Эд маань дандаа л намайг дэмждэг, ойр дотнын минь хүмүүс л дээ.

-Дуучдыг тусгайлан урьж аваачаад дуулуулж, дууг нь сонсох гэсэн хүмүүс байдаг юм билээ. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

-Байлгүй яах вэ. “Гангараа”-г дуулуулах гэсэн юм гэдэг. Сүүлийн үед харин “Түвшин жаргалтай хурим”-ыг их дуулууллаа. Заримдаа миний өөрийн ажил амжихгүй болохоор “Миний ажил амжихгүй боллоо. Та нарын ажлыг нураагаад яахав. Би очиж амжихгүй нь байна шүү” гэж хэлж сануулах тохиолдол гарна. Тэгэж ярихаар зарим нь “Үгүй ээ, таныг л заавал авчраарай гэж манай өвөө, эмээ, ээж, аав захисан” гээд шална. Тэгээд би чинь өнгөрсөн зун ганцхан “Гангараа”-г дуулах гээд Өмнөговийн Ноён сумын Ганзагад баг руу явсан ш дээ (инээв). Соёлын төвөөс нь хүртэл утасдаад “Чи л ир” гээд. Нэг талдаа 900 км.

-“Түвшин жаргалтай хурим” дуу тань Монголын хуримын сэдэвтэй дууны санд өөрийн гэсэн байр суурь эзлээд ороод ирлээ шүү?

-Өнгөрсөн хоёр сард энэ дуугаа их ч дууллаа даа. “Сүүн цагаан хурим” дуу 1986 онд зохиогдсон юм билээ. Тэрнээс хойш хуримын дуу төрөхгүй байж байгаад 31 жилийн дараа хуримын дуутай болсон нь “Түвшин жаргалтай хурим”. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Шинэ цагийн хуримын хит дуу гарлаа” гэж тодотгохоор нь баярлаж л байлаа. Хуримын дууны санд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаадаа баяртай байна. Миний хувьд хурим, шинэ айл төрөн гарна гэдэг их том бэлгэшээл. Өрх айл шинээр үүдээ нээж байж эх орон минь өргөжиж хөгжинө. Нэг айл шинээр бий болох нь нэг компани шинээр үүд хаалгаа нээж байгаатай л адил эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа үйл явдал гэж ойлгодог. Өнөө жил их олон хуриманд уригдлаа. Хүмүүс хуримтай таарахаараа нулимж цээрээ гаргаж байгаа харагддаг. Харин миний хувьд хуримыг огт өөр, бэлгэ дэмбэрэлтэй зүйл гэж хүлээж авдаг. Хуримын дуу дуулах гэж байна гэхэд манай зарим найз гайхаж байна лээ. Тийм дуу дуулаад яах гэж байгаа юм. Дуулдгаа л дуулаач гэж байсан. Уран бүтээлч хүн юм чинь ямар ч байсан хуримын нэг дуу дуулаад үлдээчихвэл дуучин болсны нэг хэргээ гаргана гэж зориглоод ийм нэг бүтээлтэй болсон доо. Намайг ингэж уран бүтээл хийж, зориг гаргахад дэмждэг Г.Алтанзул, Н.Алтаншагай, Г.Батгомбо, “Shine” продакшны Бямбажаргал гээд сайн дүү нар минь байна. Мөн Оюунаа эгч, Алтангэрэл ах, найз Цэрэнбатаа минь байна.

-Та дуучин Н.Гэрэлт-Од агсны зээ дүү юм билээ. Н.Гэрэлт-Од бол Монголын эстрадын дууны урлагт өөрийн орон зайг үлдээсэн авьяаслаг нэгэн байсан?

-…Халуун наран жаргав уу, үгүй юу

Сэрүүн саран ургавай хөөрхий

Халгиун сэтгэл хөвөлзөв үү, үгүй юу

Сэлгүүн дэлхий сэвэлзвэй, хөөрхий…(дуулав.Сурв). Энэ дуугаа дуулаад уралдаанд оролцоод явдаг байж билээ. Манай ээж өргөмөл. Н.Гэрэлт-Од ах энэ хоёр маань нэг гэрт өссөн юм, Гандангийн дэнж дээр. Сүүлд манай ээж дээр ирж насан эцэслэсэн л дээ. Үнэхээр авьяастай. Тухайн үедээ дуулж байхдаа Монголын дууны урлагт их шинэчлэл хийсэн. Өөрөө хөгжмийн зохиолчоор хойно мэргэжил эзэмшсэн. Хормейстр, хоорын багш. Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ажилладаг байсан. Гэр бүлийн тогтворгүй байдал гэдэг шошго зүүгээд ахад минь Соёлын тэргүүний ажилтны тэмдгийг нь ч өгөөгүй. Армийн хэдэн медалиуд л байсан. Сэтгэлийн их эмоцитой хүн байсан. Би маш сайн мэднэ л дээ, тэр хүнийг. Хамт амьдардаг байсан юм чинь. “Би Бүх цэргийн дуу бүжгийн чуулга руу дахиж очихгүй ээ” гэж дандаа ярина. Их гомдсон байсан. Тус чуулгад хичнээн ч жил билээ ажилласан мөртлөө нэг ч удаа энгэрээ цоолуулаагүй. Нэгэн хэсэг монголчууд маань алдартай, нэр цуутай хүмүүсээ архиар ундаалсан шүү дээ. Тэрний л нэг золиос нь болсон авьяастан байсан юм, Гэрлээ ах.

-Тэр хүний дуулахыг дэргэд нь суугаад чагнадаг байж дээ, та?

-Дуулахыг нь одоо ч санадаг. Э.Бүрнээбаяр гавьяаттай 1994 билүү 1995 оны үед тайлан тоглолтоо хийж билээ, Офицеруудын ордонд. Манай Гэрлээ ах чинь өндөр, сайхан залуу байсан шүү дээ. Э.Бүрнээбаяр эгч намхан. Гэрлээ ах гарч ирж дуулахаараа микрофоныг дээш нь татаад сунгаж хамгийн өндөр дээр нь тавьж байгаад дуулна. Тэгээд дуулж дуусчихаад хөшигний араар оронгуут Э.Бүрнээбаяр эгч гарч ирээд дуулахаараа нөгөө микрофоныг нь буцаагаад эвхээд доошлуулна. Тэрийг нь хараад инээгээд шоолж байснаа санадаг юм. Тэр тоглолтыг би ээж, дүү хоёртойгоо очиж үзэж байлаа.

Намайг тав, зургадугаар ангид байхад “Шагайгаа “Улаан бүч” чуулгад оруулна аа. Сайхан дуу хийж өгнө өө” гээд л тэрэнтэй уулзуулна, энэнтэй уулзуулна гэж их ярина. Гэрлээ ахын бүх юм нь манайд байсан. Эд хогшлоо манай гэрт авчраад л тэгээд бурхан болсон юм. Би оюутан байхдаа дэвтэр, гар бичмэлүүдийг нь уншдаг байлаа. Хойно сурч байхдаа лекцүүдээ нэгд нэгэнгүй, гаргацтай бичдэг байсан юм билээ.

-Таныг урлагийн хүн, дуучин болоход Н.Гэрэлт-Од агсны нөлөө байжээ гэж хэлж болох нь?

-Намайг “Улаан бүч” чуулгад оруулна гэж ярьсаар байгаад амжаагүй юм. Гэрлээ ах маш цэвэрч, нямбай. Хоол ундыг янзтай сайхан хийнэ. Амттайг нь яана. “Эгч бид хоёр тэгдэг байсан, ингэдэг байсан” гээд багынхаа явдлыг их ярьж дурсана. Залуудаа хөдөө хамаатнууд дээрээ очихоор айлууд уриад л дуулуулаад л аваад явчихна. Олон сайхан дуу дуулсан хүн шүү. Би Гэрлээ ахынхаа “Сайхан хорвоо” дууг нь дуулсан. Ээж маань Монголын Радио дээр очоод архивыг нь шүүлгэж байгаад Гэрлээ ахын дуунуудыг аваад ирдэг юм.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *