Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Тэгвэл энэ их айлаар овоглож, 40 шахам жил үндэсний телевизийн нүүр царай болж явсан нэвтрүүлэгч Ж.Бямбаатай ярилцлаа.
-Монголын үндэсний олон нийтийн телевиз үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ их айлтай ажил, амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би Завхан аймгийн Ургамал суманд төрж өссөн хөдөөний хүүхэд. Жаахандаа хоолой их өвддөг. Хоолойны ангени өвчтэй байлаа. Дөрөвдүгээр анги төгсмөгц ээж аав хоёр маань ганц охиныхоо хоолойны махыг авахуулна гээд гэрээ ачаалаад 1966 онд нийслэлд нүүж ирсэн юм. Нийслэлд ирээд 21 дүгээр дунд сургуулийн тавдугаар ангид элсэн орж хотын хүүхэд болж байлаа. Тухайн цаг үед өмссөн хувцас, зан характер маань яг л хөдөөнийхөөрөө. Хотын хүүхдүүдтэй нэг хэсэг ижилдэж нөхөрлөнө гэдэг хүүхэд насанд минь их хүнд хэцүү байсан санагдана. Ичимхий болохоор хотын хүүхдүүдтэй ижилдэж дасна гэдэг амаргүй байсан. Дунд ангид ороод үеийн нөхөдтэйгээ ижилдэн дассан. Би хөдөө байхдаа “Эх орон-52” радио сонсож өссөн юм. Нэвтрүүлэгч ах эгч нар сайхан сайхан нэвтрүүлэг, шүлэг уншиж, ярина. Тэр бүхэн миний сэтгэлд хадаатай үлдсэн. Би энэ хүмүүс шиг сайхан ярьдаг хүн болох юм сан гэсэн багын хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Ингээд найм, есдүгээр ангиасаа “Октябрийн цуурай” гэдэг радио станцаар сурагчдад дасгал гимнастик заах, хийлгэх, “Пионерийн үнэн” сонин дээр гарсан аятайхан материалуудыг түүвэрлээд завсарлагаанаар уншдаг дадалтай болсон. Мөн нэвтрүүлэгч шиг уншихыг хичээдэг байлаа.
-Нэвтрүүлэгч болохыг та багаасаа хүсч мөрөөдөж байжээ?
-Тийм ээ. Би аравдугаар ангиа төгсөөд багшийн дээд сургуулийн орос хэлний ангид шалгалт өгсөн боловч миний оноо хүрээгүй. Химийн ангид орсон. Гэхдээ надад химийн багш болно гэсэн төсөөлөл ер байгаагүй. Хагас жилээр сураад сургуулиасаа гарчихлаа. Аав минь охиныхоо сэтгэлийн дуудлагыг дагаж, хүсэл мөрөөдөлд минь ойртуулах бодлоор радио дээр дагуулж очсон. Тэгэхэд надаар “Үнэн” сонины жижиг хэсгээс уншуулж, мэддэг шүлгийн хэсгээсээ унш гэсэн. Анхны шалгалт маань тэр байлаа. Дуу хоолой боломжийн, үг хэллэг тод, шүлэг хөөрхөн уншдаг юм байна. Энэ хүүхдийг нэвтрүүлэгчээр бэлтгэхэд болохгүй зүйл алга гэж анх удаа надад найдлага төрүүлж байсан юм даа.
-Тэгээд л үндэсний телевизэд ажиллаж эхэлсэн үү?
-Үгүй. Нэвтрүүлэгч гэдэг мэргэжил бол олон талын мэдлэгтэй байх ёстой. Тийм учраас дээд боловсролтой байхыг шаардана гэж надад хэлсэн. Тэгээд л Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засагчийн ангид элсэн ороод, дөрвөн жил суралцаж төгссөн. Намайг гуравдугаар курсэд байхад телевизэд нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн зар явлаа. Тэр зарын дагуу телевиз дээр ирээд шалгалтад орсон. Гурван зуу гаруй хүүхэд залуус шалгуулснаас гурван хүн тэнцэж, хамгийн эцсийн шалгаруулалтад би ганцаар тэнцэж байж билээ. “Чамайг сургуулиа төгсөхөөр ажилд авна” гэсэн мэдээг сонсоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан. Ингэж багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх анхны үүд хаалга минь нээгдсэн.
-Авьяастай, төрөлхийн сайхан дуу хоолойтой төрнө гэдэг хүн бүхэнд заяах зүйл биш. Гэхдээ л авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг шүү дээ. Анх эфирт гарахад айж сандрах зүйл байсан уу?
-1977 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд төгссөн жилээ телевизэд ирсэн юм. Уншилтын, хөтлөлтийн дадал эзэмшүүлэх үүднээс радиод нэг хэсэг дадлага хийлгэсэн. Радиогийн тэр олон нэвтрүүлэгчид надад зааж сургаж байлаа. Телевизийн нэвтрүүлэгч хүн ямар байх ёстой гэдэг анхны “А” үсгийг минь радиогийн нэвтрүүлэгч Жанцан гэж сайхан нэвтрүүлэгч надад зааж, би шавь нь болсон. Г.Чулуунбат, Балжир, Гүнгаа, Батцэрэн гээд алтан үеийн сайхан нэвтрүүлэгчид надад бүхнийг зааж, чиглүүлсэн. Ингээд радиод нэг жил ажиллаад 1978 оны есдүгээр сараас телевизэд ажиллах болов оо. Хөдөөний бүрэг ичимхий, задраагүй хүүхэд байсан учраас хэцүү санагдах зүйл бишгүй байлаа. Айна, ичнэ, сандарна. Тэр бүхэн хүлээс юм шиг л санагдаж байлаа. Хамгийн анх Доржбат нэвтрүүлэгчтэй арван минутын мэдээ уншихаар камерын ард сууж байснаа ер мартдаггүй. Энэ хугацаа надад маш хүнд хэцүү байсан. Хоёр өвдөг чичрээд, хоёр гар салгалаад хамаг биений хөлс асгарч байлаа. Тэр үед “Би алдаж болохгүй” гэсэн ганцхан бодолтой л оржээ. Мэдээг үзэгчдэд яаж хүргэх вэ, яаж ойлгомжтой унших вэ гэдгийг тэр үед тархинаасаа гаргаад хаячихсан байж билээ.
-Тэр үед нэвтрүүлэгч, хөтлөгчөөр их сургуульд суралцаж төгсдөггүй байж. Хамт олноосоо, практик дээрээс л бүхнийг сурсан байх даа?
-Тэгэлгүй яахав. 1978 онд отгон нэвтрүүлэгч гэдэг алдрыг хүртэж, хоёр дахь үеийнхнийг манлайлж орж ирж байлаа. Д.Нарантуяа маань надаас хоёр жилийн өмнө орж ирээд байсан. Мэдэхгүй, чадахгүй зүйл ч их байлаа. Тэр үед хангай шиг түшигтэй нэвтрүүлэгч Цэенханд гуай минь надад ярьж, зөвлөдөг байлаа. Батбаяр, Доржбат, Харцага гээд бүгд л миний багш болохоор хүмүүс байсан. Далдаас уншиж, хэд хоноод эфирт гараад эхлэхээр бага багаар дасдаг юм билээ.
-Үе үеийн телевизийн нэвтрүүлэгчдийн дундаас таны дуу хоолойны өнгө, хөтлөлтийн ур чадвар эрхгүй ялгардаг. Энэ бүхнийг бий болгохын тулд хэрхэн хөдөлмөрлөж байсан талаараа хуваалцахгүй юу?
– Миний дууны өнгийг нэг тийм ваархтан өнгөтэй гэдэг. Үүнийг би сайн ойлгодоггүй. Хүний чихэнд сонсголонтой нэг зүйл байдаг болов уу. Телевизийн нэвтрүүлэгчид дундаас би нийтлэлийн нэвтрүүлэг, уранзохиолын нэвтрүүлгийг анх уншиж эхэлсэн байдаг. Манай телевизийн соёл урлагийн редакцийн найруулагч Жанал гуай намайг шүлэг яруу найраг боломжийн уншчихдаг юм байна. Үүнийгээ хөгжүүлж үргэлжилсэн үгийн зохиол, өгүүллэгийн утга учрыг үзэгчдэд хүргэх эрхэм даалгаврыг надад өгсөн. Ингэж би “Үгийн увидас” нэвтрүүлгээр Удвал, Догмид, Лувсанцэрэн гээд хэд хэдэн зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолыг уншиж үзэгчдэд хүргэж байлаа. Энэ маань хожим “Болор цом” яруу найргийн наадам дагнасан хөтлөгч болоход нөлөөлсөн байх. “Болор цом” яруу найргийн наадмын хөтлөгч болсон нь миний амьдралд тохиосон хамгийн сайхан дурсамжтай, бахархалтай цаг үе байжээ. Үүнээс гадна “Алтан намар”, “Морин хуур” зэрэг хөгжмийн наадмын нэлээн олон дугаарыг дагнан хөтөлж байлаа. Энэ бүхэн бол миний яруу найрагт дуртай, уран зохиолын ид шидийг гайхаж биширч явсны минь буян заяа юм болов уу гэж боддог доо.
-Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг. Та өнөөдөр ч “Лавайн эгшиг” радиогоор Монголын ард түмэнтэйгээ уулзаж, бодол санаагаа хуваалцсаар явааг тань харахад бахархалтай санагдаж байна л даа?
-Тэгэлгүй яахав. Ард түмнийхээ хайр хүндлэлийг алхам тутамдаа тэдний харцнаас мэдэрч явна гэдэг том аз завшаан. Түүнийг дааж явна гэдэг том ухаан. Би өөрийгөө азтай, жаргаж яваа эмэгтэй гэж боддог. Өнөөдөр би эмээ болж, ач зээ нарынхаа дуу хоолой, инээд хөөрийг сонсож тэдэнтэйгээ бужигнаж явна. Насныхаа намартай аль хэдийнэ золгосон ч энэ сайхан гэгээрлийг хүнд өгдөг Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн “Лавайн эгшиг” радиод ажиллаад хоёр жил гаруй хугацааг үдэж байна. Миний дуу хоолой тасраагүй, Монголын мянга мянган сонсогчидтой радиогийн долгионоор уулзаж яваагаа азтай тохиол гэж боддог. Танд шавь оръё, таны арга туршлагаас суръя гэсэн олон сайхан шавьтай. Монголын телевизүүдээр тэд минь хөтлөгч нэвтрүүлэгч хийж байгааг харахад сайхан байдаг. Бахархдаг. Энэ бас л миний аз жаргалын нэгээхэн хэсэг гэж боддог шүү.