Categories
мэдээ цаг-үе

Шүлсээр дамжих халдвар нь хеликобактери цаашлаад ходоод, элэг цөсний өвчнүүдийн эх үүсвэр болсоор байна

Сүүлийн үед шүлсээр дамжих халдварууд ихсэх болжээ. Энэ нь хэд, хэдхэн тодорхой шалтгаантай. Тухайлбал, манайхан найр наадам, тэмдэглэлт баярын үеэр зочдод архи, айраг хундагалахдаа нэг аягаар тойруулдаг. Ингэхээр нэг хүн хундага архи уухын хажуугаар, найран дээр байгаа бүх хүний шүлсийг аяганы ирмэгээр нь дамжуулан хүртэж, нян авч байна гэсэн үг. Айргаа аяганыхаа ёроолд үлдээгээд, дараагийн хүн түүний үлдэгдэл дээр айраг нэмж уудаг зэрэг нь ч маш бүдүүлэг, бохир заваан зүйл болчихоод байгаа юм. Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян бактери байдаг болохыг олон улсын эрдэмтэд олоод тогтоочихжээ. Шүлсээр хеликобактери дамжина, уг бактер нь ходоодны хавдраас эхлээд олон төрлийн өвчний эх үүсвэр болдог.

Уг нь дээхэн үеийн Монголчууд аягаа тусгай уутанд хийгээд бүсэндээ зүүчихдэг, хаана ч явсан зөвхөн өөрийн аягаар, хоол ундаа идэж, айраг архиа зооглодог байсан уламжлалтай юм. Ингэхдээ ихэвчлэн зэс, мөнгөн аягыг хэрэглэдэг байсан. Угаас мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодийг устгадаг гэнэ. Мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид шингэдэг аж. Мөнгөн аяга байхгүй тохиолдолд усны савныхаа ёроолд жижиг мөнгө хийчихэд ус мууддаггүй зэрэг эерэг нөлөөтэй байдаг аж.

Орчин цагт суурин соёл иргэншил рүү шилжээд, хүмүүс өөр, өөрийн аягаа биедээ авч явдаггүй болжээ. Тэгвэл ядаж, найрын дэг соёлд нэг шинэ үйлчилгээ оруулчихмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, найранд аяга ариутгаж угаадаг, хүн бүрт тус, тусад нь аяганд архи, айраг хийж өгдөг аягачтай болчихмоор байгаа юм. Тэгэхгүй бол хэн дуртай нь нэг хундаганд архи хийчхээд л хүн бүрт дамжуулдаг, түүнийгээ уухыг шаарддаг байдал шүлсээр дамжих халдварт өвчнийг улам даамжруулж байна.

Мөн хүний шүлсээр дамжин халдварладаг гол стрептоккок мутант нян нь хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэхэд ч халдварладаг байна. Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 төрлийн нян бактери байдаг аж. Ингээд элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери үүснэ. Мөн шүлс болон хоносон хоолноос үүдсэн үе мөч, зүрх судасны өвчин газар авсаар байна.

Их эмч Б.Баярбямба: ХЕЛИКОБАКТЕРИ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХШАЛТГААН БОЛДОГ

Шүлсээр дамжих халдварын талаар их эмч Б.Баярбямбаас тодрууллаа.

-Манайхан найр наадам, тэмдэглэлт баяр ёслолын үеэр голдуу нэг аягаар дамжуулж, айраг, архи уудаг. Энэ тохиолдолд ямар, ямар өвчин халдварладаг юм бэ?

Их сонирхолтой асуулт байна. Нэгэнт уламжлалт найр хуримтай холбоотой асуулт байгаа болохоор монголчуудын уламжлалт соёлын талаар товчхон мэдээлэл өгөх нь зөв байх. Монголчууд бидний нүүдлийн соёлын нэг чухал зүйл бол хүн бүр өөр өөрийн аяга халбагатай байсан байгаа юм. Тэрийгээ өвөртлөөд авч явдаг. Айлаар орохдоо ихэвчлэн өөрийн тагш аягандаа цай, хоол хийлгэж иддэг байжээ. Энэ нь эрүүл ахуй талаасаа маш сайн хэвшил. Өөрөөр хэлбэл ахуйн замаар дамжин халдварладаг халдвараас зан үйлээрээ өөрсдийгөө хамгаалдаг байсан байгаа юм. Харин хотжсон нийгэмд энэ зүйл үгүй болж хаа таарсан газраа нийтийн аяга таваг халбага хэрэглэж байгаа нь хеликобактери пилори тархах үндсэн нөхцөл болж байна.

-Дээрх байдал нь халдварт өвчнүүдийн эх үүсвэр болж байна гэж ойлгож болох уу?

Хеликобактери пилори нь ам-амны замаар буюу аяга халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хуваан идэх, нэг савнаас хооллох, ундлах үед халдварлана. Мөн өтгөн амны зам буюу хүний өтгөнөөр бохирлогдсон эд зүйл, бохир гараар халдварладаг гэж үздэг. Тэгэхлээр дээрх тохиолдолд нэг нэгэндээ хеликобактери пилорийн халдвар тархааж байх боломжтой.

-Хеликобактери хүний биед байх ёстой юм уу. Байх ёсгүй юу. Хеликобактерийн үүсэл, хор хөнөөл юу вэ?

Хүн төрөлхтөн 1982 он хүртэл Хеликобактери пилори гэж байдаг үгүйг мэддэггүй явжээ. Австралийн эрдэмтэн Бэрри Маршел, Робин Варен нар 1982 онд ходоод гэдэсний замд байрладаг хеликобактери пилориг нээн илрүүлжээ. Үүнийхээ дараагаар 2005 онд хеликобакери пилори нь ходоод гэдэсний үрэвсэл, шархлааг үүсгэдэг болохыг тогтоосноор, физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэж байсан юм. Энэ цаг үеэс хойш энэ бактеритай холбоотой судалгаа шинжилгээ их хийгдэх болсон. Хеликобактерийн хоруу чанар өндөртэй “Cag A” уураг нийлэгжүүлэгч тип I, хоруу чанар багатай тип II гэж байна. Өөрөөр хэлбэл хоруу чанар өндөртэй типээр халдварласан үед үрэвсэл, шархлаа нь ходоодны хавдрын шатруу хурдан хүргэдэг. Монгол, Японы эрдэмтэд хамтраад хийсэн судалгаанаас харахад Монголчуудын 76 хувь нь хеликобактерийн халдвартай байна. Эдгээр хүмүүсийн хеликобактерийн генотипийг нь судлаад үзэхэд баруун европт тархсан тип нь монголчуудаас илэрсэн. Ази хүмүүс байж Зүүн өмнөд азийнханд тархсан тип нь илрээгүй харин баруун европчуудад тархсан тип нь илэрсэн нь бас сонирхолтой. Хеликобактерийн хор уршиг гэвэл ходоодны үрэвсэл, шархлаа үүсгэж тэр нь цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог.

-Аягаар, шүлсээр дамжих өвчнүүдээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

Сэргийлэх тал дээр хоёр талын хүчин чармайлт чухал. Мэдээж иргэн хүн гэртээ өөрийн гэсэн аягатай байж тэрийгээ бусдад хэрэглүүлдэггүй байх хэрэгтэй. Түрүүн хэлсэн халдвар дамжих замаас сэргийлэх хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.

Нөгөө нэг асуудал нь иргэн хүн хувийн ариун цэврээ ягштал баримталдаг байж гэхэд нийтийн хоолны газар аяга таваг, халбага сэрээгээ стандарт эрүүл ахуйн шаардлагын дагуу ариутгаж цэвэрлэдэггүй байвал тэгээд л тэндээс халдвар авчихна. Тэгэхээр л хеликобактериас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр талын хүчин чармайлт маш чухал юм.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолыг амандаа хөргөж өгөөд байдаг. Үүнийг шүлсээр дамжуулан ээжийнхээ бүх өвчнийг авч байна гэж ойлгож болох уу. Эсвэл шүлсээр халдварладаг, халдварладаггүй өвчин гэж байх уу?

Түрүүн хэлсэн халдвар дамжих замаа дахин саная. Хеликобактери ам-амны замаар дамжина. Монголчууд бидний дунд түгээмэл байдаг буруу зуршил бол хүүхдүүддээ амаараа хоолоо өгдөг нь хамгийн буруу. Энэ нь ганцхан хеликобактери дамжуулаад зогсохгүй буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэдэг олон төрлийн бактерийг шууд дамжуулдаг. Энэ үйлдэл бол хүүхдээ хорлож байгаа тод жишээ. Судлаач Г.Отгонсүрэн нарын хийсэн “Хүүхдийн дундах хеликобактерийн тархалт”-ын судалгаагаар 65-100% халдвартай байна гэсэн дүн гарсан байгаа юм. Хүүхэд эхээс төрөхдөө хеликобактеритэй төрдөггүй гэдгийг л санах хэрэгтэй.

-Олон улсад амаар дамжих халдвар, хеликобактериас хэрхэн яаж сэргийлж байна вэ?

Иргэн хүн өөрөөс хамаарах хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хэрвээ хеликобактерийн халдвартай байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Нэг ажиглагддаг буруу зүйл бол хеликобактерийн халдвар илэрсэн мөртлөө нэг нэгнээсээ сургаар сонссон судлагдаагүй, нотлогдоогүй элдэв зүйл хэрэглэх тохиолдол ажиглагддаг. Энэ хамгийн буруу. Хеликобактери бүрэн эмчлэгддэг. Харин нарийн мэргэжлийн эмчид хандаж олон улсад хэрэглэгддэг эмчилгээний стандарт, аргачлалаар эмчлүүлэх нь чухал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *