Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганжавхлан: “Ид шидийн орон”-ыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэдэг бол маш том сорилт

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлантай ярилцав.


-“Ид шидийн орон” нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэзээнээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна?

-Процессын дагуу зөвшөөрлөө авах гээд л явж байна. Багш, ажилчид маань эндээ байрлаад дотоод ажлуудаа хийж эхэлсэн. “Ид шидийн орон” маань утаа гаргахгүй эко хотхон учраас цахилгааны асуудлаа түргэн шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүн дээр холбогдох байгууллагууд дэмжих байр суурьтай байгаа.

-Иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг цугласан гэж байгаа. Үүнийг хэрхэн бий болгосон талаараа хуваалцаач?

-Нэг тэрбум төгрөг гэхээр их том тоо сонсогдож байна л даа. Нэг боломжтой хүн шууд 50 сая төгрөг гаргаад өгсөн зүйл байхгүй. Хүн бүрийн сэтгэл шингэсэн нэг зуу, нэг мянган төгрөг нийлж бий болсон. Мөнгөөр үнэлэгдэхгүй зүйлс ч багтаж байгаа. Дунд сургуулийн хүүхдүүд витамин С зараад нэг гэр авч өгөх жишээтэй. Нэг портер ачаа зөөгөөд өгөх, хэдэн шуудай цемент буулгаад өгөх зэрэг хүн бүрийн сэтгэлийн өглөгөөр ёстой л ид шидтэй юм шиг тэрбум төгрөг босоод ирсэн. Монголчууд хүүхдийн төлөө, хүчирхийллийн эсрэг яаж нэгдэж чаддагийн тод жишээ боллоо л гэж хэлмээр байна.

-Төр засаг, хууль хяналтын байгууллагын хүч хүрэхгүй байгаа асуудалд Төрийн бус байгууллагын хувьд хангалттай хэмжээний өөрчлөлт хийлээ гэж харж байна л даа?

-Хангалттай гэж хэзээ ч харж байгаагүй. Илүү их ажилламаар байна. “Ид шидийн орон” 60 хүүхдийг цэцэрлэгт хамруулж, 45 хүүхдийг хамгаалалтад авах боломжтой. Үүний цаана байгаа хүчирхийлэлд өртөж буй 4500 хүүхэд, цэцэрлэгт явж чадахгүй байгаа 60 мянган хүүхдийг яах юм бэ. Энд орсон нь азтай, орж чадаагүй нь азгүй гэх юм уу. Тэр хүүхдүүд монголын ирээдүй болохгүй юу. Тэд ирээдүйд эцэг эх, нийгмийн нэг идэвхтэй хэсэг болно. Төр засгийн зүгээс ч олон ажил хийх байх аа. Хийгээсэй гэж хүлээж байна. Төр засгаа муулаад тултал нь шейр хийгээд явж болох л байсан. Гэхдээ тэглээ гээд хичнээн асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ. Бидний хувьд дөнгөж нэг гэрэл асаагаад эхэлж байна. Хоёр дахиа хаана барих вэ гэх мэт хөнгөн асуулт хүмүүс асууж байна. Тэр хүмүүст хэлэхэд гол ажил эхлээгүй байна. Хүүхэд хамгаалах байранд амьдарч байгаа хүүхэд болгоны ард хүчирхийлэл, кейс, бүхэл бүтэн ертөнц байгаа. Энэ болгоныг зөв зохион байгуулж, үйл ажиллагааг жигдлэх, энэ төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэдэг бол маш том сорилт. Хоёр байшин бариад л хүүхэд хамгаалагдчихна гэж ойлгож болохгүй. Энд асуудал байгаа болохоор бид ирсэн. Энд ажиллана гэдэг өөрөө аз жаргалтай сайхан ажил биш. Бид энэ асуудлыг шийдвэрлэх гэж ирсэн. Үүнийг өөрчлөх зүрх сэтгэлтэй хүмүүс бүхнээ зориулаад хэдэн жил зүтгэнэ. Үнэхээр сайн үр дүнд хүрээд, жигдэрчихвэл хоёр дахь руугаа орж болно.

-Өөрийн тань хувьд ер нь яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулах болов?

-Миний хувьд нэг сонин уншаад эсвэл фейсбүүкээр хараад энэ зүйлийн эсрэг явъя гэж бодоогүй. Би өөрөө хүний наймааны гэрч болж, тэр хүмүүсийн үхэл хагацал, зовлонг нүдээр үзэж, хамт байсан учраас үүний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн бодол миний толгойд бат суусан. Миний амьдралд тийм зүйл тохиолдсон. Нэлээн олон эмзэглэл байдаг.

-Яг ямар зүйл тохиолдсон юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө би Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдүүр явж байгаад “Хүний наймааг таслан зогсооё” гэсэн бичиг барьсан хөл, гаргүй нэг ахтай таарсан. Ганзориг ах хүний наймаанд охиноо алдсан ч охиных нь хэргийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгсэхгүй болгосон юм билээ. Надад сонголт байсан. Түүнд туслах уу, эсвэл зүгээр сонсоод л яваад өгөх үү гэдэг. Тэгээд Ганзориг ахаас бичлэг хийлгээд энэ бүхнээ баримтжуулах зориг байна уу гэж асуусан. Тэгэхэд тэр ах намайг албал алах хугацаа байсан, тэгээд ч надад айх юм байхгүй. Би тэртээ тэргүй алдах юмгүй хүн. Охиныхоо төлөө, бас бусдыг над шиг битий зовоосой гэсэндээ сэрэмжлүүлэг өгч чадна гэж хариулсан. Тэгээд тэр оройдоо хийсэн бичлэгээ youtube дээр тавихад тэр шөнөдөө зургаан мянган хүн үзсэн байсан. Тэрнээс хойш нийгэмд “Ганзориг ахын хэрэг” гэсэн мэдээлэл хүрсэн. Удалгүй энэ асуудлаар олон нийт шуугиж эхэлсэн ч асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл интэрнэтээр цацагдаж, олон нийтэд хүрсээр, асуудал нь ч шийдэгдээгүй явтал Ганзориг ах нас барчихсан. Нас барахдаа их учир битүүлэг байдлаар нас барсан. Гартаа мөс барьчихсан, газар хэвтэж байснаар олдсон. Хэдхэн хоногийн өмнө зүв зүгээр надтай уулзаж, тэмцэж явсан хүн гэнэт ингээд нас барсан нь нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээд энэ тухай мэдээллээ олон нийтэд улам хүргэх ёстой гэж бодон “Ганзориг ахын эмгэнэл” нэртэй нийтлэл бичиж байсан. Өнөөдөр энэ мэт нийгмийг цочроосон олон гэмт хэрэг гарах болжээ.

Гэтэл манайхан түүнийг зөвхөн сенсааци болгоод л өнгөрч байна. Түүнийг үзэн ядаад, шоронд хийгээд л өнгөрдөг. Гэтэл энэ бүхнийг бий болоход нөлөөлж байгаа ямар цог, цучил байна гэдэгт хэн ч анхаарлаа хандуулахгүй байна шүү дээ. Жишээ нь, 40 настай хүн таван настай хүүхэд заазуурдчихсан. Тэгэхэд тэр заазуурдсан хүний хоёр настай үеийн амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй. Муу хүн байсан уу. Ямар гэр бүлд, ямар нийгэмд өсөв. Юу тэр хүнийг таван настай хүүхэд заазуурдах хэмжээний араатан болгов. Ямар ямар нийгмийн хүчин зүйл нөлөөлөв. Үүнтэй ижил хичнээн хүн байна. Маргааш заазуурдахад бэлэн хэдэн хүн байна. Үүнд гэр бүлийн суурь боловсрол яаж нөлөөлөв гэдгийг давхар харж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй болов уу.

-Танай байгууллага энэ мэт хүчирхийллийн кейсийн шийдвэрлэлт дээр хэрхэн дуу хоолой, хувь нэмрээ оруулж байв?

-Таван настай хүүхдийг заазуурдсан хэрэг дээр гэхэд эцэгт нь шаардлагатай хариуцлагыг хүлээлгэсэн. Маш ховор зүйлчлэгддэг 100.1.1 дүгээр зүйл анги буюу байнгын тарчлаан зовоох гэдэг ангиллыг оруулж ирж яллуулсан байгаа. Энэ бол дэвшил юм. Долоо хоногт нөхөртөө гурван удаа зодуулна гэдэг бол гэмт хэрэг. Үүнийг мэдэхгүй хүмүүс байна шүү дээ. Мөн өнөөгийн манай нийгэмд хүчирхийлэл байна уу, сэтгэцийн эмгэг байна уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй байна. Би харахдаа энэ бол хүчирхийлэл биш, сэтгэцийн өвчтөн гэж харж байгаа. Хоёр настай хүүхдээ шөнөжин хазаж тамлаж байгаа хүн бол сэтгэцийн өвчтөн. СЭМҮТ-д хэвтэж байх ёстой хүн гудамжинд зүгээр явж байна гэдэг бол аюул. Тэр хүмүүс өөрөө өвчин туссанаа ч мэдэхгүй байгаа юм. Нийгэм дээр сэтгэцийн өвчтэй хүмүүс их байна. Үзэн ядаад шоронд хийхийг хэн ч чадна. Үүний оронд ямар өвчин байна гэдгийг судлах хэрэгтэй. Ийм гэмт хэрэг үйлдэх боломжтой хичнээн хүн байна гэдгийг судлах хэрэгтэй.

-Та өнөөгийн нийгэмд сайн үлгэр дуурайл үзүүлж чадлаа. Ч.Ганжавхлан шиг зуун хүн байхад манай улс хөгжинө гэж хүртэл ярих болжээ?

– Бид өчнөөн олон мөнгөтэй, боловсролтой хүмүүсийг мэднэ. Тэднийг хараад улс орон хөгждөг бол хөгжихөөр хугацаа боллоо. Миний бодлоор тухайн хүний суурь ямар байхаас бүх зүйл эхэлнэ. Зөв л байх хэрэгтэй. Тэгвэл түүн дээр ургасан юу ч сайхан ургана шүү дээ. Суурь гэдэг бол хүүхэд насанд бий болдог. Бид өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн сууринд анхаарлаа хандуулж байна.

-Хувь хүний хөгжлийн багш хийж байсан юм билээ. Өнөөгийн залуус өөрийгөө олох, юуны төлөө амьдарч буйгаа мэдэх гэж багагүй хугацаа алддаг юм шиг санагддаг. Таны хувьд тэдгээр залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би өөрийгөө олохын төлөө, илүү утга учиртай амьдрахын төлөө явж байна. Өөрийнхөө хувьд өөрийнхөө зөв гэж бодсон, сонгосон замаар зөв явж байгаа гэж боддог. Өөрийгөө энэ түвшинд олох хүртлээ ийм л хугацааг зарцуулсан. Надад алдаа дутагдал бий, муу муухай араншин гээд хүнээс гардаг муу сайн бүхэн бүгд бий. Би ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайн байхыг хичээж явна. Надад маш сайн хамт олон бий. Миний хувьд тэднийг манлайлж, хариуцлага үүрч яваа болохоор намайг мундаг гэж бодоод байх шиг байна. Миний ард маш хүчтэй баг хамт олон байгаа. Тэдгээр залуусаараа бахархаж явдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *