Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Даланжаргалант сумын малчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцэж байна

Дорноговь аймгийн Даланжаргалант сумын малчид уул уурхайн үйл ажиллагааны улмаас малын бэлчээр сүйдэж, байгаль орчин, хүн малд сөргөөр нөлөөлөн, амьдрах газаргүй болж буй талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэрт АМГТГ-аас сонгон шалгаруулалтаар олгох гурван талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн тендерийг хүчингүй болгож, цуцлуулахыг шаардаж байгаагаа энэ үеэр хэлэв.

Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний гарт, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэйг баталгаажуулсан байдаг. Энэ эрх, нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд уул уурхайн үйл ажиллагаа, төрийн сул хяналтын улмаас удаа дараа зөрчигдөж байна. Малчид бид мал аж ахуйгаа эрхлэх боломж улам бүр хумигдаж , хүн мал уух усаа уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд алдаж, шөнөдөө ээлжээр манах хүртэл эрсдэл дарамтад байна гэж тэд ярилаа.

Тухайн сумын нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд уул уурхай үйл ажиллагаа явуулдаг байна. Дээрх талбайд 1990-ээд оноос хойш “МАК” корпораци, “Чингисийн хар алт”, “Штанк коли”, “Алаг тогоо” зэрэг томоохон компаниуд хайгуул, олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа ч одоог болтол хангалттай хэмжээний нөхөн сэргээлт хийгээгүй ажээ.

АМГТГ нь тус сумын гурван багийн малчдын гол бэлчээр нутаг болох Алаг толгод, Гашуун, Залаатад 12 664,57 га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын тендер зарлаад, аравдугаар сарын 23-нд ялагчийг шалгаруулж тусгай зөвшөөрөл олгоход бэлэн болоод байна. Энэ нутагт гурван багийн 40-өөд өвөлжөө, 30 гаруй мянган мал бүхий 40 гаруй малчин өрхийн бэлчээрийн газар хамрагдах болоод байна гэж тэд ярьсан юм.

Малчид зарласан тендерээ цуцлах шаардлагыг Ашигт малтмал газрын тосны газарт энэ сарын 12-нд хүргүүлжээ. Түүнчлэн уг сонгон шалгаруулалтыг зогсоох талаар Ерөнхий сайдад хандсан байна. 900 хүний гарын үсэг зурсан өргөдлийг мөн тус тус хүргүүлсэн ч одоогоор хариу ирүүлээгүй байна.

Мөн малчдын шаардлагын дагуу гурван талбайн сонгон шалгаруулалтын тендерийг цуцлахгүй байх аваас тэмцлийн хатуу хэлбэрт үе шаттай шилжих болно гэдгээ мэдэгдэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *