Categories
мэдээ нийгэм

Ж.Бат-Эрдэнэ: Уул уурхайн бүтээгдэхүүн эргэлтэд орох замуудад анхаарал хандуулна

Image result for Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг 88,1 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, “Гашуун-Сухайтын зам дээр 7000 жолоочийн эрх ашиг хөндөгддөг. Энэ нь зөвхөн тэдгээр жолооч нарын асуудал биш юм. Тэдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүдийг оролцуулвал нийт 30 мянган хүнд хамааралтай асуудал болсон байна. Иймд тэдгээр жолооч нарын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй” гэхэд нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ, “Гашуун-Сухайтын зам дээрх тээврийн зохицуулалтыг хийнэ. Ер нь холбогдох 2-3 сайдын хамтарсан ажлын хэсэг гаргахын зэрэгцээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцая гэсэн байр суурьтай байгаа” гэсэн тайлбарыг хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Зам ямар байна, төр тийм байна” гэсэн үг байдаг. Өнөөдөр хүн бүр машинтай болсон энэ үед Засгийн газрын ажлыг зам ямар байгаагаар нь дүгнэж байгаа шүү. Монгол Улсын нүүр царай болсон замыг та хэрхэн сайжруулах вэ. Мөн өнөөдөр олон улсын нислэгийн тийз маш өндөр үнэтэй байгаад та ямар байр суурьтай байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан юм. Тус асуултад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ, “Монгол Улсын хөгжилд түлхэц болохуйц замуудаа сайжруулахад анхаарна. Мөн агаарын тээврийн өрсөлдөөнийг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зорчигчид бололцооны үнээр зорчдог байх ёстой” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Сүүлийн хэдэн Засгийн газрын улстөржилтөөс болоод бид Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн зарим боломжоос хоцорсон. Бид энэ боломжийг алдлаа. Танай Засгийн газар, тэр дундаа танай яам энэ асуудлыг эзэнжүүлж авч яваарай. Энэ нэгдэлд орсноор манай улсын ачаа эргэлт 50 дахин нэмэгдэнэ. Оюу-Толгой л гэнэ, гэтэл энэ төслөөс манай улсад үлдэж байгаа юм ховор. Харин үүний оронд Торгоны замын эл том эдийн засгийн нэгдэлд Монгол Улс нэгдчихвэл манай улс юу ч алдахгүй, харин ч мөнгөн урсгал татах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Төмөр замын асуудлыг ойрын хугацаанд нэн даруй шийдэх хэрэгтэй. Монгол инженерүүд АН-2 онгоцыг угсарч байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ ажлын санаа нь зөв. Үүний зэрэгцээ олон улсын стандартыг чанга мөрдөх шаардлага байгааг мартаж болохгүй. Энэ асуудалд та анхаарч ажиллаарай” хэмээн захьсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Монголын төмөр зам гэдэг компани хаана аль байгууллагын байранд байрлаж байгаа вэ. Идэж уудаг, ашиггүй байгууллага юм бол татан буулгая. Онгоцны буудалд гал гарлаа гэсэн юу болсон бэ. Улаанбаатар-Дарханы зам хэзээ сайжрах вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Үүнд нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ, “Монголын төмөр зам компанийг монголынхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс анх байгуулж байсан. Улаанбаатар төмөр замын байранд байрладаг. МИАТ-ыг татан буулгана гэсэн бодол надад байхгүй. Эдийн засгийн хувьд ашигтай ажиллуулахад анхаарах хэрэгтэй. Улаанбаатар-Дарханы замд жил бүр засвар хийдэг. Өнгөн засвар хийгээд байна уу асуудал хаанаа байна гэдгийг ажлаа аваад шалгаж үзнэ” хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Төмөр зам барих асуудал бол мөнхийн сэдэв шүү. Дотоодын аж ахуй нэгжээ дайчлаад барих бүрэн боломж бий. Мөн Монголын экспортын бараа дамжин өнгөрч буй автозамуудыг эхэлж барих хэрэгтэй. Түүнээс эдийн засгийн нөхцлийг нь үнэлэлгүй замуудыг бариад байж болохгүй” гэсэн байр суурьтай байсан бол нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ, “Авто замын хувьд бүх аймгуудаа нийслэлтэй холбоно. Одоогоор дөрвөн аймаг дутуу байна. Аймгийн төвийг сумдтай холбох асуудал бол дараагийн шатны ажил шүү. Ер нь бол уул уурхайн бүтээгдэхүүнийг эргэлтэд орох замуудад анхаарал хандуулна” хэмээн хариулж байв.

Товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *