УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сайд нарын томилгоогоор үргэлжилж байна. Яг одоо Ж.Бат-эрдэнэ гишүүнийг Зам, тээврийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуултад хариуллаа. Ж.Бат-Эрдэнэ: “Орхон гол-Их тамир чиглэлийн авто зам бол мянганы замын чиглэл, хоёрдугаарт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусчихсан байгаа учраас энэ зам цаашаа явах байх.Бидний тавьж буй гол зорилго бол юуны өмнө аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой дэд бүтцээр холбох, Мянганы замынхаа хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх бодлого барьж байгаа. Булганы Дашинчилэн-Хөвсгөл чиглэлийн зам түрүүчийн Засгийн газрын үед асуудал нь шийдэгдсэн. Зогсооно гэж байхгүй” гэв.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Зам бол эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Хоёрдугаарт судалгаан дээр тулгуурласан байх ёстой. Гуравдугаарт аялал жуулчлалын түшиц газруудтай холбогдсон байх ёстой. Их хааныхаа төрсөн нутагтай холбоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тэр газруудаа дэд бүтцээр холбох ажил хийгдэх үү” гэж асуув.
-Ж.Бат-Эрдэнэ “Авто замын сүлжээний эхний гол зорилго аймгийн төвүүдээ холбох. Хоёрдугаарт эдийн засагт хэрэгтэй тэргүүлэх чиглэл болох уул уурхай, аялал жуулчлалын дэд бүтэц орж байна.
Аялал жуулчлалын бүсийг гаргая гэсэн санааг дэмжүүштэй. Гэхдээ аялал жуулчлалын том хөтөлбөрийг та бүхэн батлах хэрэгтэй. Энэ тохиолдолд нэн тэргүүнд Чингис хааныхаа нэр хүндийг ашиглаж томоохон аялал жуулчлалын бүс нутаг бий болгох боломж байна” гэсэн юм.
– УИХ-ын гишүүн Н.Учрал “Гашуунсухайтын зам дээр ажиллаж буй 7000 жолоочийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Таны байр суурь ямар байна вэ” хэмээн асуув.
-Ж.Бат-Эрдэнэ “Яалт ч үгүй Гашуунсухайтын тээврийн асуудал чухал юм. Ер нь тээврийн зохицуулалтыг бид зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна. Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, очиж үзээд дүгнэлт гаргана гэсэн бодолтой байгаа” гэв.