Бөхийн жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд Хорватын Загреб хотод эхэллээ. Нийт 83 улсын 590 тамирчин өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55, 60 кг, эмэгтэйчүүдийн 44, 48 кг-ын жингийн барилдаанууд явагдсан юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-д хүч үзсэн Монголын тамирчин Л.Өнөболд, 60 кг-д зодоглосон 2017 оны насанд хүрэгчдын улсын аварга Ж.Амарболд нар хүрэл медаль хүртсэн байна. Л.Өнөболд “С” хэсэгт багтаж эхний даваандаа Тунисын Аяри Мухамедыг ялж хоёрдугаар тойрогт Киргизстаны Уулу Айбекыг хожиж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Яба Папинашвилид хожигдсон байна. Улмаар дагах барилдаанд Оросын Адам Исаевыг хожиж хүрэл медалийн төлөө Гүржийн Нинашвилиг ялсан юм.
Харин 60 кг-д хүч үзсэн Ж.Амарболд “А” хэсэгт барилдаж Туркийн Аккус, Узбекистаны Амандавлатов, Маракогийн Уммани нарыг ялаад хэсгийн аваргын төлөө Азебайжаны Крамат Хусеновд хожигдсон юм. Дагах тойрогт шилжсэн манай тамирчин Белгийн Ез Зеррардыг хожиж хүрэл медалийн төлөө Бразилийн Пеннаг ялсан байна. Энэ жинд зодоглолсон Б.Мягмардорж хоёрдугаар тойрогт Азербайжаны Есиповт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Б.Хорлоо хоёрдугаар тойрогт Слований тамирчин Стенгерт ялагдсан байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, Б.Мөнхжаргал, 57кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ц.Баттөмөр, Б.Батболд нар барилдаанаа хийж байгаа юм.