БЗД-ийн ИТХ-ын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлын талаар тус дүүргийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 2016 оны 12-р сарын 20-нд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Солонгын зөвшөөрлөөр шинэ тамга хийгдэж Баянзүрх дүүргийн ИТХ хоёр тамгатай болжээ. Гэвч шинээр гарсан тамга хаана байгаа нь тодорхой бус аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт хандаж хуурамч, жинхэнэ тамганы асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.
БЗД-ийн ИТХ хурлын гишүүн Б.Дэмбэрэл хэлэхдээ:”Улсын хэмжээнд 2015 оноос хойш бүх төрийн байгууллагын тамгыг нэгдсэн бүртгэлд оруулж, шинэчлэн, регистрийн дугаартай болгожээ. Харин тус дүүрэгт энэ ажил хийгдээгүй. Тиймээс шинэ тамгыг санаатайгаар ашиглахгүй байна уу эсвэл алга болгосон эсэх нь мэдэгдэхгүй байна. Дүүргээс гаргаж байгаа шинэ шийдвэр, актад итгэхэд хэцүү болоод байна. Учир нь хүчингүй гэх регистрийн дугаар байхгүй хуурамч тамгаар бүх эрх зүйн акт, тогтоолууд баталгаажиж байгаа нь эрх зүйн хувьд аюултай асуудал дагуулах юм” гэв.
БЗД-ийн хурлын төлөөлөгч Г.Хонгорхэлэхдээ: “БЗД-т засаглалын хямрал нүүрлэсэн байгааг хүн бүхэн мэдэж байгаа болов уу? Манай дүүргийн ИТХ хоёр тамгатай болоод байна. Нэг нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр жинхэнэ тамга, нөгөө тамга нь хүчин төгөлдөр бус. БЗД-ийн ИТХ-аас гаргасан шийдвэрүүд хуурамч тамгаар баталгаажиж байна. Энэ нь эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэнэ.Дүүргийн тамгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зөвшөөрсний дагуу хэвлэдэг. БЗД-ийн тамга 2016 оны 12 дугаар сарын 20-нд ЗГХГ-ын даргын гарын үсгээр баталгаажиж албан ёсоор хийгдсэн. Гэтэл тэр тамга өнөөдөр хаана байгаа нь тодорхой бус байна. ИТХ-ын дарга хүчин төгөлдөр бус тамгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа юм” гэлээ.
БЗД-ийн хурлын төлөөлөгч Ч.Цэвэгмэд хэлэхдээ “Нутгийн өөрөө удирдах байгууллага өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бус тамгаар үйл ажиллагаа явуулж байна.Эрүүгийн хуулийн 23.2-д тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, мэдсээр байж нууж дарагдуулсан этгээдийг 450-540 нэгжээр торгоно гэж заасан. Мөн 240-720 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэсэн хуулийн заалт бий.Жинхэнэ болон хуурамч тамга эзэмшиж байгаа хоёр хүн хоёулаа хуулийн хариуцлага хүлээнэ” гэв.