Categories
мэдээ улс-төр

Х.Баделхан: Шинэ Засгийн газар нэн тэргүүнд цэвэрлэх байгууламж барих хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой юм байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн эхний хүн нь Хавдисламын Баделхан байлаа. Түүнийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилохын өмнө гишүүд агаар, хөрс, усны бохирдол, барилгын чанар, төв цэвэрлэх байгууламж, хот төлөвлөлт гээд олон сэдвийг хөндөж захиас хэллээ.

А.Сүхбат гишүүн нэр дэвшигчээс Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэн барихгүй бол шинэ барилга, гэр хорооллын дахин төлөвлөлт бүтэхгүй. Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн талаар ямар бодолтой байгаа вэ хэмээн лавласан.

Х.Баделхан гишүүн хариулахдаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл гарсан, та мэдэж байгаа. Байгаль орчны байнгын хорооны хурал дээр хэд хэдэн удаа хэлэлцсэн. Нэлээд боломжийн сайн зураг төсөв гарсан гэж манай яамныхан үздэг юм байна. Хамгийн гол нь цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг эргэж ашиглах, боловсруулаад гарсан метан хийгээр эрчим хүч гаргах технологи тусгагдсан юм байна. Францын Артилла компани зураг төсөв гарсан юм байна. Бас нэг том дэвшил боловсруулсан саарал усыг нь машин угаахад ашиглахаар төсөлд тусгагдсан юм байна. Нэг удаа концессийн тендер зарлагдаад авах эзэнгүй буцаж байгаа юм байна. Нийтдээ 350 сая долларын өртгөөр барилга босох юм байна. Шинэ Засгийн газар нэн тэргүүнд төв цэвэрлэх байгууламж барих хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой юм байна гэв.

О.Баасанхүү гишүүн санал хэлэхдээ Засгийн газар 50 хувь нь давхар дээлтэй байж болно. 100 хувь давхар дээлтэй байх зохисгүй учраас улс төрийн акц хийж, дээлний зурагтай самбар дэргэдээ тавьж буйгаа тайлбарлав. Цэвэрлэх байгууламжийн концессийг хүчингүй болгодог нь яаж байгаа юм бэ, өмхийтэйгээ байя гэж байгаа юм уу. Найман хувийн ипотекийн зээлэнд анхааръя. Найман хувийн зээл чинь жирийн иргэдэд олдохгүй байна гэв.

Д.Хаянхярваа гишүүн Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэхгүй бол өмхий самхай хэрээс хэтэрлээ. Гэр хорооллын дунд хоёр, гурван газийн парк байгуулвал утааны асуудал шийдэгдэнэ. Барилгын үнэ өртгийг өсгөж байгаа зүйл тусгай зөвшөөрөл. Цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл авилга цэцэглүүлж байна. 100 метрийн цаанаас дулаан авах боломжтой байхад 500 метрийн цаанаас ав гэдэг. 100 метрийн цаанаас авахын тулд яриа хөөрөө болдог. Энэ асуудлыг цэгцэлбэл барилгын үнэ буурахад нөлөөлнө гэж хэллээ.

Б.Энх-Амгалан гишүүн гэр хороололд зөөврийн хийн станцууд байрлуулах замаар цахилгаан, дулаан, утааны асуудлыг шийдэх боломжийн тухай мөн дурдлаа.

Ш.Раднаасэд гишүүн шинэ сумын төвийг одоо Ерөнхийлөгч байгаа хүн эхлүүлсэн. Дууссан ч юм байхгүй овоолсон шороо болсон. Үүнийг яаж шийдэх юм бэ.

940, 500 хүүхдийн барилга сумын төвд барихад нэг зураг төслөөрөө бариад явах хэрэгтэй байна. Зураг төсөл гэдэг шалтгаанаар ажил явдаггүй гэлээ.

Ж.Мөнхбат гишүүн АНУ-ын Мянганы сорилын сангийн мөнгөөр цэвэрлэх байгууламжийг шийдээд өгье гэж яригдсан. Ингэвэл Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх бүрэн боломж бий. Санал санаачилгатай ажиллаарай. Хятадын 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дэд бүтцийг шийдвэл гэр хороолол хаус хороолол болох бүрэн боломж бий гэлээ.

Х.Баделханыг УИХ-ын гишүүдийн 87,5 хувийн саналаар Засгийн газрын гишүүнээр томиллоо.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *