“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.
-Та хамгийн сүүлд “Хайрлахын жаргал” хэмээх цомгоо гаргасан. Харин одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?
-Залуу уран бүтээлч хүний хувьд шинэ уран бүтээлүүд хийхээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийсээр байна. Сайхан уран бүтээлүүд дээр ч ажиллаж байна. Ерөнхийдөө өмнөдмонгол, буриад ардын дуунуудаас миний хоолойнд тохирохуйц болоод сэтгэлд хүрсэн сайхан бүтээлүүдийг дуулахаар бэлдэж байгаа. Тиймээс ойрын үед тун завгүй л явна даа.
“Хайрлахын жаргал” цомог миний хамгийн анхны цомог л доо. 2006 онд СУИС-ийг төгссөнөөсөө хойш өдийг хүртэл дуулсан ч хараахан цомгоо гаргаж амжаагүй байлаа. Ингээд энэ жил цагаан сарын шинийн нэгний өглөө цомгоо хүлээн авсан. Түүнд их бэлгэшээж байгаа шүү. Цомог маань нийт 13 дуутай. Монгол сонгодог хэв маяг үнэртсэн цомог болсон.
-Өмнөдмонгол болоод буриад дуу өөр, өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой байдаг байх. Энэ тухайд?
-Аялгууны онцлог яалт ч үгүй байгаад байгаа юм. Мэдээж үүнд тухайн нутаг орны уул ус, аж ахуй амьдрал, өв соёл зэрэг салшгүй холбоотой. Ер нь ч ардын дууны онцлог нь тэр шүү дээ. Миний хувьд өмнө нь ардын дуу дуулж үзээгүй байсан л даа. Харин “Хайрлахын жаргал” цомогтоо “Хун галуу” хэмээх ардын дууг дуулсан нь цаашид энэ чиглэлээр уран бүтээл туурвих урам зориг өгсөн юм. Дуурийн дуучин учраас өмнө нь төдийлөн ардын дуу дуулаад байсангүй, бас тийм зориг ч байгаагүй гэхэд болно. Одоо бол ардын дуунд өөрийгөө сорьж үзье гэж бодож байгаа. Манай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуай болон Төрийн шагналт Н.Жанцанноров багш маань сонгодог дуучдад зориулсан ардын дууны сайхан найруулгуудыг хийдэг. Тэдгээр найруулгууд нь бидний хоолойнд ч их сайхан тохирдог. Сонсоход ч их сайхан санагддаг шүү.
-Сүүлийн үед “Voice” хамтлаг нам жим байна. Хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарч байгаа юу?
-Хамтлагийн гишүүд маань сүүлийн хоёр жил ганцаарчилсан уран бүтээлүүд дээрээ түлхүү ажиллалаа. Гэхдээ “Voice” хамтлаг тарж, бутарсан гэсэн үг биш. Манай хамтлагийн дуучин СТА С.Баттулга бид хоёр Монголдоо уран бүтээлээ туурвиж байгаа. Харин А.Эрдэнэжаргал маань Монголдоо байхгүй байгаа учраас хамтлагийн уран бүтээл түр завсарласан. Ямартай ч бидэнд өмнө нь хийж байсан, хүмүүсийн сонсож амжаагүй маш олон уран бүтээл бий. Хоёр ч цомог гаргахаар нөөц байгаа шүү. Гэхдээ яг хамтдаа уран бүтээл дээрээ ажиллах боломж тун бага байгаа учраас шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэж чадахгүй л байна. Тиймээс А.Эрдэнэжаргалыгаа хүлээж байна даа. Хамтлаг маань байгуулагдаад хэдийнэ арван жил болжээ. Манай А.Эрдэнэжаргал бид хоёр нэг анги л даа. Анх хоёулаа дуэт дуулдаг байлаа. Харин С.Баттулга маань манай дээд ангийн оюутан байсан юм. Бид хоёр Тулгаагийнхаа дуулахыг сонсох их дуртай. Сайн дуучин шүү гэж битүүхэн хүндэлнэ. Харин удалгүй бид хоёр Тулгаатайгаа танилцаж хамтлагаа байгуулсан даа. Энэ хугацаанд олон ч сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаажээ. Гэхдээ “Voice” хамтлаг тэдгээр дууг дуулсандаа үзэгчдэд сайн хүрсэн гэж хэлж болохгүй. Үүнд хөгжмийн зохиолч, яруу найрагч нарын үүрэг маш их. Мөн хөгжмийн найруулга хийдэг хүмүүсийн нөлөө ч маш их байдаг. Ер нь хөгжмийн найруулгыг муу хийвэл дуучид хэдий сайн дуулаад ч хүнд хүрдэггүй гэмтэй л дээ. Бүх зүйл зохилдож байж л уран бүтээл ард түмэнд хүрдэг юм. Тиймээс хамтран ажилладаг бүхий л хүмүүстээ “Өдрийн сонин”-оороо дамжуулж талархаж явдгаа илэрхийлье.
-Та цаашид дуурийн дуулаачийн чиглэлээрээ гадны орнуудад дуулах бодол бий юү?
-Мэдээж би монгол хүн. Монголд өссөн, хүмүүжсэн, боловсорсон. Гэсэн ч уран бүтээлч хүн зөвхөн өсөж төрсөн газраа өөрийгөө оосорлох хэрэггүй юм шиг санагддаг. Ер нь ч дэлхийн түвшинд гарах нь уран бүтээлч хүний мөрөөдөл байдаг. Тийм мөрөөдөлтэй байх ёстой ч гэж ойлгодог. Дэлхийн түвшинд гарч чадаж байна гэмээнэ эх орныхоо нэрийг цуурайтуулж, нэрийн хуудас нь болох боломж бүрдэнэ шүү дээ. Манай уран бүтээлчид ч эхнээсээ дуурсгасаар байгааг та бүхэн мэдэх байх. Миний хувьд ч үүний төлөө аажуухнаар алхаж байна. Уран бүтээлүүд маань ч гадны сонсогчдод хүрчээ. Зарим нь холбогдож баяр хүргэж байна. Цаашид хамтран уран бүтээл хийх саналыг ч ирүүлээд байгаа. Үүнд тун их баяртай байгаа шүү. Ямартай ч хийж байгаа уран бүтээлүүд маань тун удахгүй үзэгч, сонсогчид та бүхэнд минь хүрэх биз ээ.
-“Миний ээж тэмээчин” дууг таны дуулснаар “Монгол тулгатны 100 дуу”-нд багтаасан байсан. Ер нь энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?
-Миний дуулсан гурван ч дуу “Монгол тулгатны 100 дуу”-нд орсон байна лээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Б.Шарав гуайн хөгжим, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон” хэмээх анхны уран бүтээл минь багтсан. Мөн “Voice” хамтлагийн маань “Монгол” хэмээх дуу багтсан байгаа. Харин гурав дахь нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн аялгуу, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн шүлэг “Миний ээж тэмээчин” хэмээх гайхалтай бүтээл юм. Энэ дууг бүтээсэн хоёр хүн хоёулаа манай Баянхонгор аймгийн хүмүүс л дээ. Би ч гэсэн энэ нутгийн хүн болохоор энэ дууг дуулснаа их сайхан хувь тохиол гэж боддог юм.
Гэхдээ надад “Миний ээж тэмээчин” хэмээх энэ сайхан дууг дуулах зориг зүрх байгаагүй л дээ. Харин С.Сансаргэрэлтэх ахад Ч.Сангидорж гуайн уран бүтээлийн бүх эрх нь байдаг юм билээ. Тэрээр энэ дууг бичүүлэхээс хоёр жилийн өмнө “Миний дүү энэ дууг сонгодог хэлбэр рүү хувиргаад дуулаачээ. Чи өөрийнхөө стиль, жанраар дуулвал болох юм шиг л санагдаад байх юм” гэж хэлж байсан. Миний хувьд өөртөө нэг л итгэлгүй байсан учраас хоёр жил гаруй дуулж зүрхлэхгүй явсан л даа. Харин дуулсны дараа хүмүүст сайхан хүрсэнд сэтгэл их өег байгаа. Ер нь бол энэ дууг маш олон уран бүтээлч дуулсан байдаг. Хамгийн анх А.Сарантуяа гээд эмч бүсгүй дуулсан юм билээ. Дараа нь МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулсан байдаг юм. Гэсэн ч миний дуулснаар “Монгол тулгатны 100 дуу”-нд багтаасанд их баяртай байгаа шүү.
-Хонгор нутаг руугаа хэр их зорьдог вэ?
-Миний аав Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Даваасүрэн гэж хүн байсан. Аав минь нутаг усандаа хөдөлмөрч, зүтгэлтэйгээрээ их алдартай. Аймаг, сумынхаа хөдөлмөрийн аваргаар жил алгасахгүй тодордог байлаа. Тиймдээ ч нутгийнхан нь “аварга” хэмээн авгайлдаг байж билээ. Харин ээж минь Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул Жүгдэр гэж хүн бий. Би эхээс зургуулаа. Отгон охин нь юм. Миний хувьд Заг сумын Хүрэн бэлчир гэдэг газар төрсөн л дөө. Аав минь ч энэ газар төрсөн юм. Бид энэ зун ах, дүүтэйгээ хамт нутаг усаараа сайхан аялаад ирлээ. Аав минь их эрт бурхан болсон болохоор биднийг багад манайх Дархан-Уул аймаг руу нүүсэн юм. Тийм болохоор нутагт маань аав, ээжийг минь таних хүн ч ховор болоо байлгүй гэж бодож байлаа. Харин замд таарсан нэг айлаас аавыг минь таних эсэхийг асуухад “Аварга Даваасүрэн үү” гэсэн шүү. Бид ч танина гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Аавынхаа тухай танихгүй хүнээс сонсоод өмөрдөг юм билээ. Ямартай ч хүний төрж өссөн нутаг ус гэдэг үргэлж түшиж, ивээж явдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс ч нутаг усаа их хайрлаж явдаг юм даа.
-Та дэлгэцийн бүтээлд Ану хатны дүрийг бүтээж байсан. Түүнээс хойш кинонд тоглох санал ирсэн болов уу?
-Тэр сайхан дүрийг бүтээсэндээ их баяртай байдаг шүү. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байгаа.
-Таны “Хайрлахын жаргал” цомгийн нэрийг хараад хайр, дурлалтайгаа учирсан юм болов уу гэж бодож байлаа. Ер нь энэ сайхан бүсгүйг залуус хэр их болзоонд урьдаг вэ?
-Албан ёсоор хэлчихье, би найз залуутай. Ер нь болзоонд нэг их уригдаад байдаггүй. Ерөнхийдөө маш их завгүй байдаг. Сүүлийн хоёр жил л гэхэд Монголдоо маш бага хугацаанд байлаа. Сурч боловсрох, уран бүтээлийн ажил зэргээр гадны орнуудыг ихээр зорих шаардлага гарлаа. Хамгийн сүүлд л гэхэд Бээжингийн Минзу театрт “Хайр шингэсэн тоорой” хэмээх дуулалт жүжгийн гол дүрд тоглолоо. Энэхүү дүрдээ бэлдэхийн тулд Минзу болон Хөх хотын театрт хоёр сар гаруйн хугацаанд бэлдсэн. Их ч хөдөлмөрлөсөн. Их ч зүйл сурлаа. Дэлхийн урлагийн зах зээлд хаана явж байгаа вэ гэдгээ ч мэдэрсэн ийм цаг, үе байлаа. Харин ирээд Европ руу, бас хөдөө орон нутаг руу тоглолтоор явсан. Ер нь цаашид энэ мэтчилэн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж, хурдтай болоод чанартай хийхийн төлөө мэрийнэ гэсэн бодолтой байгаа. Хийхээр төлөвлөсөн зүйлүүд ч маш их байна. Тэгэхээр болзоонд явна гэдэг хэцүү болоод найдлагагүй зүйл болсон. (инээв)
-Та нэг хэсэг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай нэр холбогдоод байсан. Энэ шуугианы тухай ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл болоогүй. Ер нь тухайн үед намайг Г.Ариунбаатартай холбож бичээд байсан хүмүүс надтай хамт байгаагүй. Нүдээр хараагүй, үзээгүй. Тэгсэн мөртлөө яг хажууд нь байсан юм шиг сэтгэж боддог. Бас түүндээ шууд итгэдэг, бичдэг, түүнийгээ тараадаг. Бидний хөгжихгүй байгаа шалтгаан бол ердөө л энэ. Уул нь бие биенээ өөлөх, өөнтөглөх нь гол биш шүү дээ. Энэ ертөнцийг жаахан ч гэсэн гэгээлгээр харж чадах юм бол амьдрал үнэхээр сайхан. Гэхдээ би хар хэл амнаас хэзээ ч айдаггүй. Ер нь юм хийж, бүтээж байгаа хүнийг л хар хэл ам дагадаг юм билээ. Мэдээж ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн сайхан амьдарна. Амьдрал нь дээшлэнэ шүү дээ. Харин түүнд нь хүмүүс атаархдаг, муулдаг, бас шүүдэг байх нь л дээ. Гэхдээ би ингэх тусам нь бүр л илүү хөдөлмөрлөж, улам амжилттай явъя гэж боддог.
-Таныг тогтмол фитнессээр хичээллэдэг, бас ууланд алхдаг гэж сонссон. Хэдийнээс дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг болсон бэ?
-Би Дархан-Уул аймагт арван жилээ төгссөн. Тухайн үед Дархныхаа сагсанбөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Томоохон тэмцээн уралдаанаас олон ч медаль хүртсэн дээ. Бас муу ч үгүй сагсанбөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй шүү. (инээв) Харин СУИС-д орсон цагаасаа спортоо орхиод аеробикийн дугуйланд хичээллэдэг болсон. Багаасаа л спортоор хичээллэчихсэн болохоор фитнессээр хичээллээд эсвэл ууланд алхаад ч юм уу хөлсөө гаргамаар санагддаг болчихдог юм билээ. Хөлсөө гаргачихвал бие хөнгөрөөд их сайхан болдог. Бас ууланд алхах их гоё. Охин маань дөрөвдүгээр анги л даа. Сүүлийн үед охинтойгоо хамт ууланд алхаж байгаа. Анзаараад байхад хүн уул өөд өгсөж явахдаа үргэлж гэрэл гэгээтэй, өөдрөг юм боддог юм билээ. Дээшээ тэмүүлж байгаа хүн хэзээ ч уруу, дорой юм боддоггүй байх нь л дээ.