АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй “Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн”-д 77 орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж байна.
Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс 2015 онд 9 мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн 6 мэргэжлээр өрсөлдөж эхлэв.
Тогоочийн төрөлд оролцож буй Б.Дагвасүрэн эхний өдөр дессерт болон тахианы зутан шөл, хонины махан хоёрдугаар хоол хийх даалгаварыг амжилттай гүйцэтгэжээ. Харин гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд 4 даалгавар гүйцэтгэх юм. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнхөд Дубайн дарвуулт хэлбэрт алдарт цамхаг бүтээх 2D даалгавар ирсэн. Харин өрөг угсралтын төрөлд оролцогч Ц.Мягмарсүрэнд гурван хэсэгтэй Сүмийн бүтээцийг 3D-гээр гүйцэтгэх даалгавар ирсэн бол Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаа нарны үүсгүүрээр хэрэглээний хүйтэн усыг халаах систем бүтээнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-ныг дуустал дөрөв хоног үргэлжилнэ.