Categories
мэдээ цаг-үе

Зөв явахад амьдрал асар их шагналтай

Энэ бол амьдралаас олж авсан түүний философи. Түүнийх гэж хэнийг хэлээд байна гэж үү. А.Отгонбаатар гэдэг залуугийн тухай ярьж байна. Хэдий нас залуу ч туулсан амьдралын туршлага арвинтай, тов хийсэн яриатай энэ залуугийнд нэг өдөр хууч дэлгэж өнжив.А.Отгонбаатар бол сошиал ертөнцөд идэвхтэй “амьдрагсдын” нэг. Мөн хариуцлага, ёс зүй гэсэн сэдвээр албан байгууллага, хамт олонд лекц уншдаг уран илтгэгч ажээ. Твиттерт зарим хүн түүнийг орк гэж шоолдог. Гэхдээ уншсан лекцэнд нь суугаад уйлаад гардаг хүмүүсийг хараад тэр өөрийгөө орк шиг юм ярьдаггүй гэдэгтээ итгэдэг нэгэн.

ХААИС-ийг инженер багш мэргэжлээр дүүргэсэн түүний өдий хүрсэн түүх олон сонирхолтой замыг туулж. А.Отгонбаатар Өвөрхангайнх. Багадаа аавыгаа алдаж, зургаан өнчин хүүхэдтэй тарчиг амьдралыг давж тэмцсэн ээжийн хэрсүү хүү болон өсчээ. Дунд сургуулиа төгсөөд ээжийнхээ захиснаар хамгийн бага төлбөртэй сургуулийг сонгосон нь Хөдөө аж ахуйн их сургууль байв. Төлбөр төлөөгүй шалтгаанаар нэрээ дуудуулаад хичээлээс хөөгддөг оюутан байсан ч нийгмийн идэвхтэй, нэг ёсны сэнтэг тулдаа инженерийн сургуулийн захирал Г.Энхбаяр дээр өргөдөл бичиж орно. “Энэ хүүхдийг хичээлд нь суулга” гэдэг цохолт хийлгэж аваад багш нартаа үзүүлж хичээлдээ суусаар дөрвөн жилийг ардаа үдсэн сэргэлэн нөхөр. Адаг сүүлд нь төлбөрийн үлдэгдэлтэй учраас дипломгүй хоцрохдоо тулсан ч Б.Бямбаа ректорын ачаар сургууль төгссөн батлахаа авсан юм гэдэг. Дипломоо аваад зогсоогүй төрөлх сургуульдаа ажиллах саналтайгаар маадгар төгсчээ.

Ингээд 500 мянган төгрөгийн цалинтай сургалтын албаны мэргэжилтнээр хоёр сар ажилласан ч залхсан байна. Бичиг цаас цэгцэлж суухаас өөрийг хийдэггүй ажил байсан хэрэг. Тиймээс “Хайран залуу насаа суудал бөглөсөн залхуу албанд өнгөрөөмөөргүй байна, итгэлийг тань алдсанд уучлаарай” гэдэг захиаг захиралдаа үлдээгээд хаяад одсон удаатай. Залуучуудын энэ тэсрэлтийг анаж байсан ректор түүнийг дуудаж, хүсэл зорилгыг нь сонсоод тэр дагуу “Оюутан өртөөлөх төв” байгуулж даргаар нь томилжээ.

Дөнгөж сургууль төгссөн юу ч болоогүй жаал бүхэл бүтэн том сургууль доторх нэг төвийн захирал хийлээ гэдэг хэл ам гарсан тул тушаал буурч мэргэжилтэн болж. Гэвч оюутан байхаасаа улс төр сонирхдог хорхой нь дарагдахгүй явсаар ажлаа орхиход хүрчээ. Ингээд “Монголоороо” гэдэг аян өрнүүлж, улсаа тойрсон ч улс төр гэдэг бол туршлагагүй “шалдан” хүүхдүүдийн хийдэг ажил биш гэдгийг ойлгож. Хий нь гарсан бөмбөг шиг амьтан явахад нь Б.Бямбаа ректор дууджээ. А.Отгонбаатар ХААИС-ийн Бодлого мониторингийн хэлтэст ажиллах санал авсан нь тэр.

Энэ хугацаанд сургуулийн санхүүтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлсэн нь тэнд тэсч үлдэхгүй байх шалтгаан болжээ. Түүнийг ажилгүй болох тэр үед Монголын Оюутны холбооны ээлжит сонгууль зарласан байна. Тиймээс “Монголыг өөрчилье гэвэл оюутны холбоог шинэчлэх хэрэгтэй” гэдэг уриалга дэвшүүлээд давхиад орж. Харамсалтай нь Монголын Оюутны холбоо түүнийг чуулганыхаа танхим руу ч оруулаагүй гэнэ лээ. Цагдаа нараар хамгаалуулсан хурал руу нэвтэрч чадаагүйдээ шаралхаж, уйлаад хоцорчээ. Оюутны холбооны даргыг аль нэг нам бодлогоор тавьдаг учраас тэдний хувьд хэн ч биш А.Отгонбаатар мэтийн бацаан хэрчүүлээд өнгөрсөн нь тэр.

Үүний дараа А.Отгонбаатарын хувь заяа ХААИС-тай дахиад холбогдсон түүхтэй. Анхнаасаа хүсч, мөрөөдөж байсан ажлаа хийхээр болсон нь тус сургуулийн “Оюутан хөгжил маркетингийн алба”-ны дарга болсон явдал байв. Тэр энэ албанд очоод жижиг зүйлээс ажлаа эхэлсэн байдаг. Тамхи татаж, архи уудаг, хоёроос доош дүнгийн голчтой, сурлагаар тааруу 60 хүүхдэд сургалт хийжээ. Түүний сургалтад хамрагдсан хүүхдүүдээс хожим оюутны холбооны дарга ч төрсөн гэх.

Энэ бүхний дараа А.Отгонбаатар дахиад л ажлаасаа гарчээ. Улстөрч болохоор шийдсэн хэрэг. 2016 онд Тусгаар тогтнол эв нэгдэл намаас Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшив. УИХ-ын гишүүн болчихвол улс орноо өөрчилж чадах юм байна гэж бодсон байна. Жижиг машинтай найзуудаа, нэг портер машин хөлсөлж аваад сонгуульд өрсөлдөх зорилготой давхижээ. Сумын захад майхнаа барьж, өглөө нь портер дээрээсээ цагаан хоолойгоор ярьж, иргэд сонгогчидтойгоо уулздаг байв. Сонгуулийн дүн гарахад тэр 500 хүний санал авчээ. Эндээс сонгууль гэдэг чинь ондоо зүйл юм байна гэдэг сургамж авч. Мөн улсын хөгжлийг сум орон нутгаас эхлэх юм байна гэдгийг ухаарчээ.

Тиймээс А.Отгонбаатар нам байгуулав. Намын нэр “Үнэн ба Зөв”. Социал демократ үзэл баримтлалтай энэ нам өнөөдөр аймгуудын намын хороогоо байгуулаад явж байна. “Манай нам мөрийн хөтөлбөрийнхөө нэгдүгээр бүлгийг Бадран гийх монгол хүн гэж нэрлэсэн. Бид аз жаргалтай, стрессгүй нийгмийг бүтээнэ. Монгол хүн цог золбоотой болж байж аз жаргалыг бий болгоно. Ард түмний итгэл найдвар, цог золбоог сэргээхийн төлөө хүн рүүгээ чиглэсэн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нам гэдэг бол тэр чигээрээ үзэл суртал байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл монголчууд төрд үзэл санааг нь бус хүнийг сонгосоор ирлээ. Хэн нэгнийг дарга болгохын төлөө сонголт хийдэг боллоо. Тэгвэл бид үзэл санаагаараа л танигдмаар байна. Манай нам сонгуульд ялалт байгуулах албагүй. Баяжихаа бодсон бол бид АН, МАН-ын ах нарыг очоод долоох байлаа. Гэвч тэгээгүй. Эрүүл нийгмийн төлөө зорьж энэ намыг байгууллаа. Манай намынхан энэ улсын сайн иргэн болж төлөвшиж байвал болох нь тэр. Өнөөдрийн дарга нарын үе 20 жилийн дараа дуусна. Хүссэн хүсээгүй энэ улсын ирээдүй бидний үеийнхний гарт ирнэ. Тэр цагт бид ялгаагүй өнөөдрийнх шиг хулгайч, авлигачид болчихсон сууж байвал яах вэ. Тиймээс хулгай хийдэггүй, авлига авдаггүй үеийг бэлтгэмээр байна. Эндээс бидний ажил эхэлнэ. Ядаж цаг барьдаг, гэрлэн дохиогоор зам гардаг соёлыг түгээх уриалгаас бид ажлаа эхэлж байна. Жишээ нь боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг өөрчилье. Харвард төгссөн хүн боловсролтой биш мэдлэгтэй хүн. Гадаадад таван хэл сураад ирсэн залуу бол чадвартай хүн. Тэгвэл энэ мэдлэг чадвар дээр хүмүүжил, ёс зүй, өв соёл, хариуцлага нэмэгдэж байж боловсролтой хүн болдог.Харвардад сурчихаад эхнэрээ зодоод хүүхдээ өнчрүүлээд байгаа хүнийг боловсролтой гэх үү. Энэ мэтчилэн буруу ойлголтуудыг зөв болгох, монголчуудын буруу хандлагыг өөрчлөхийн төлөө бид ажиллана. Ингэснээрээ ард түмэнд энэ хоёр намаас өөр сонголт бий гэдгийг сануулж, Монголоо хөгжүүлэх гарцыг хайж нам байгууллаа” хэмээн ярив.

Уг нь тэр УИХ-ын гишүүн болчихсон бол олноо байг гэхэд ядаж ганц хууль батлуулчих юмсан гэж мөрөөддөг байснаа нуусангүй. Өнөөдөр гишүүн болох гэж байгаа нөхдүүдээс нутгийнхан нь, элдэв холбоо, төрийн бус байгууллагууд мөнгө гуйдаг болсон. Тэдний дургүйг хүргэхгүйн тулд улстөрчид гуйсан мөнгийг нь яаж ийж байгаад олоод өгөхийг хичээдэг. УИХ-ын гишүүн болоход авлигачин байх шаардлага тавигддагийн жишээ энэ. Тэгвэл А.Отгонбаатар төрийн түшээ болсон бол УИХ-ын гишүүн хэн нэгэнд хандив тусламж өгвөл шууд эргүүлэн татагддаг байх зохицуулалттай хууль батлуулах байж. Хууль санаачилж сумын төсөвт нь “Хүн хөгжлийн мөнгө” гээд тусгаад өгчихнө. Хүмүүсийг мөнгө гуйгаад ирвэл “Төсөл хөтөлбөрөө сумандаа танилцуулаад Хүн хөгжлийн мөнгөнөөс ав” гээд явуулдаг болох байсан гэнэ. Гишүүн болохын тулд мөнгө тараадаг болсон гаж тогтолцоог халж, жинхэнэ бодлого чадварын тулаан хийж өрсөлддөг зам руу оруулах мөрөөдөлтэй байснаа сонирхуулав.

Мөн “Улстөрч хүн бүтээсэн нийгэмдээ сэтгэл хангалуун байх ёстой. Би ирээдүйд охиноо таалагдсан хүнтэйгээ суу гэж хэлдэг болохын төлөө явж байна. Миний охины үеийнхэн дотор архичин, авлигач, хулгайч байхгүй нийгмийг бүтээсэн учраас дураараа бол гэж хэлдэг болмоор байна. Гэтэл өнөөдрийн улстөрчид, иргэд чи архичинтай суух гэлээ хэмээн үр хүүхдэдээ зааж, амьдралд нь оролцож байна. Энэ бол бүтээсэн нийгэмдээ сэтгэл хангалуун бус байгаагийн шинж” хэмээн ярилаа.

ХААИС-ийн хэнхэг оюутан, сургалтын албаны мэргэжилтэн байсан А.Отгонбаатарыг тодорхой хэмжээнд хүмүүст таниулж өгсөн нэвтрүүлэг нь TV10 телевизийн “Манайд хоноё” байв. Найзынхаа урилгаар Монгол хүн хэмээх нэвтрүүлэгт зочноор орсон нь тухайн телевизийнхний хараанд өртөж, удалгүй “Манайд хоноё” гэдэг нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах санал авсан гэдэг.

“Манайд хоноё” нэвтрүүлгийг хийж, нэртэй төртэй нөхдүүдийг гэртээ хонуулдаг байлаа. Учир нь зочидтойгоо гэр хорооллын асуудлыг ярилцаж, гарц шийдэл хайхад нэвтрүүлгийн зорилго оршдог байж. Жишээ нь“Банкууд найман хувийн хүүтэй зээлийг орон сууц авахад зориулж өгдөг. Тэгвэл гэр хорооллын хашаатай айлуудад яг адилхан найман хувийн хүүтэй зээл өгдөг болчихвол айл бүхэн хаустай, тохилог хашаатай болно” гэдэг санааг дэвшүүлдэг байв. Гэхдээ нэвтрүүлэг найман дугаар гараад зогссон байна. Тиймээс нэвтрүүлгээр дэвшүүлсэн энэ мэт санаануудаа одоо намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, ажил хэрэг болгохоор зорьсон байна.

А.Отгонбаатарынх ам бүл дөрвүүлээ. “Манайд хоноё” нэвтрүүлэг хийдэг байсан хашаагаа эгч нартаа өгчээ. Ард нь өөр хашаа авч, байшин барьсан байна. Байшингаа орон сууц болгож, гэр бүлээрээ сайхан амьдрах төлөвлөгөөтэй. Бага багаар нь ажлаа хийж, гэрээ төвхнүүлчихэж. Ирэх зунаас хашаагаа сайхан тохижуулах гэнэ. Энэ гэрийн эзэгтэйг Ч.Ундрахтуул гэдэг. ХААИС-ийн Магистр, докторын сургалтын албанд мэргэжилтэн хийдэг ажилтай. Оюутан байхдаа танилцсан тэд Нууц-Од, Түмэн-Од хэмээх хоёр охинтой.

Том охин О.Нууц-Од аав, ээжийгээ гуравдугаар дамжааны оюутан байхад мэндэлжээ. Хүүхдээрээ хүүхэд гаргалаа гэдэг шүүмжлэлээс айж, эмээхдээ тэд том охиноо гэдсэнд олдоход нь бусдаас нуусан гэдэг. Гэвч даравч далдайж, булавч бултайхын цагт хоёр талынх нь ах дүүс бөөн баяр болжээ. Тиймээс нуугдаж байгаад ил гарахдаа од мэт гэрэл гэгээ баяр баясал авчирсан хэмээн бэлгэшээж ийм нэр хайрласан түүхтэй. Өдгөө О.Нууц-Од охин хоёрдугаар ангийн сурагч.

Баяр бүхнийг алгасахгүй тэмдэглэдэг эднийх бусад залуу гэр бүлүүдийн адилаар сайхан амьдрах мөрөөдлөөр дүүрэн хамтдаа зүтгэж байна. Нийгмийн идэвхтэй, улс төрийн сонирхолтой гэрийн эзэн сүүлийн үед телевизэд бас нэгэн шинэ нэвтрүүлэг хийж эхэлсэн тул гэртээ хамгийн орой ирдэг нь. Гэвч эхнэр хүүхдүүдээ ажил, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх хариуцлагатай албанаас хоцордоггүй хэмээн эхнэр, охидууд нь үнэлэв.

“Нам байгуулаад явах нь мөнгөтэй хүний хийдэг зүйл биш. Зүгээр л зөв явахад амьдрал асар их шагналтай байдаг юм байна. “Миний дүү зөв юм хийж байна. Сайн сайхан зүйл ярьж байна. Би ингэж тусалъя” гэсэн хүмүүсийн дэмээр бүх зүйл бүтэж явна. Мөнгөгүй хүн яаж улс орныхоо төлөө зүтгэж чаддаг юм гэдгийг харуулна” гэсэн өөдрөг сэтгэлтэй А.Отгонбаатар гэдэг залуугийнх гэр хороололд эгэл жирийн нэгэн айл өрхийн тоог нэгээр нэмж, элэг бүтэн сайхан амьдарч явна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *