Categories
мэдээ цаг-үе

Гоцлол дуулаачдын анги

СУИС-ийг гоцлол дуучин мэргэжлээр 2008 онд төгссөн нэгэн ангийнхан Монголын урлагийн ертөнцийн нэгэн хэсэг болсон гэж болно. 2003 оны намар дуучин мэргэжлээр суралцахаар анх 52 хүүхэд элсэн орж оюутан болсон түүхтэй. Тэднээс 23 нь энэ мэргэжлээр сургуулиа дүүргэсэн бөгөөд уран бүтээлээрээ олны танил болжээ. Д.Намсрайноров, “Шуранхай” хамтлагийн Номин-Эрдэнэ, Ө.Цэрэнчунт, Нарантунгалаг, Амарбаясгалан нарыг үзэгчид уран бүтээлээр нь сайн таньдаг.

Эдний ангийнхныг оюутан болох үед улс орон маань зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан. Тиймээс янз бүрийн шалтгаанаар зарим нь мэргэжлээрээ төгсч чадаагүй хэмээн ярьцгаасан юм. Хэдийгээр эдийн засаг хямарсан амаргүй үе байсан ч дуучид эргэн мандаж эхэлж байсан гэцгээв. Хамгийн гол нь үндэсний урлагаа илүү сурталчилдаг болсон үе гэнэ. Тэднийг урлагийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байхад манай дуучид олон улсын уралдаан тэмцээнд оролцдог болсон. Ер нь уран бүтээлч хүн гэдэг нийгэмд ямар чухал үүрэгтэй болох нь бүр ч мэдрэгдэх болжээ. СУИС-ийн босгыг алхан орсон тэр жил тус сургуулийг олны танил болсон дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар дүүргэсэн аж. Хамгийн гол нь эдний ангийнхан алтан үеийнхэн гэгддэг ардын жүжигчин Г.Хайдав, гавьяат жүжигчин Н.Банди, ардын жүжигчин Д.Жамьянжав, гавьяат жүжигчин О.Дашиймаа гээд олон сайхан нэртэй уран бүтээлчдээр ихийг заалгажээ. Тиймээс өөрсдийгөө ихэд азтайд тооцдог.

Дуучинд суралцана гэдэг бусад мэргэжлээр сурахаас арай өөр. Оюутан болгон мэргэжлийн нэг багштай. Тайзны уран чадвар, онол зэрэг ерөнхий эрдмийн хичээлдээ ангиараа сууна. Амь нэгтэй эдний ангийнхан өнөөдөр бүгд л цаг зав муутай хэдий ч боломж гарвал уулзаж оюутан үеэ дурсана. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын эхээр Д.Намсрайноровын хуримаар ангиараа уригдан очжээ. Олны танил болсон дуучны хуримын талаар манай хэвлэлүүдээр ч нэлээд бичсэн. Түүний бүтээлүүдийг монголчууд сайн мэддэг бөгөөд 2006 онд анхныхаа дууг үзэгчдийн хүртээл болгож байжээ. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн.

О.Энхтуул багшаар удирдуулсан гоцлол дуучны ангийнхны хэн нэгэнд нь баяр, эмгэнэл тохиолдоход заавал очдог. Өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт эдний ангиас бараг есөн хүүхэд ажиллаж байна. Тиймээс Монголын урлаг тэр дундаа сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Эдний ангиас төрсөн дуучин Г.Энхбаатар удахгүй “Дөрвөн цаг” тоглолтоо хийнэ

Монголын шилдэгт тооцогддог уртын дуучдын нэг болох Г.Энхбаатар мөн л эдний анги. Уртын дууны улсын анхдугаар уралдаанд оролцож тэргүүн байранд шалгарч байсан тэрээр хэдхэн хоногийн дараа “Дөрвөн цаг” нэртэй тоглолтоо хийхээр нэлээд завгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд “Ахмадын баяр 2017” тоглолтод оролцож үзэгч олноо баярлуулжээ. “Манай Г.Энхбаатар бол ёстой л байгалиас заяасан дуучин хүн” хэмээн нөхөд нь ярьж байв. Ангийн андууд нь тоглолтыг очиж үзэх нь лавтай. Дашрамд дурдахад Монголд эрэгтэй уртын дуучид цөөхөн байдгийг уншигч та анзаарсан байх.

СУИС-ийн 2008 оны гоцлол дуучдын ангийн бас нэгэн бахархал нь дуурийн дуучин Ө.Цэрэнчунт. Ардын жүжигчин Г.Хайдавын шавь тэрээр СУИС-ийг төгссөнийхөө дараа Санкт-Петербургийн Римский-Корсаковын нэрэмжит консерваторыг төгссөн. ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн академик театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа. Өдгөө Хөгжмийн консерваторт багшилдаг. Тэрээр сургуулиа дүүргэсэн даруйдаа буюу 2008 онд анхныхаа тоглолтыг хийж байснаа дурсав ярив.

2003 оноос тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй“ Шуранхай” хамтлагийн Б.Номин-Эрдэнэ өнгөрсөн жил “Ethnic Moment” тоглолтоо хийснийг үзэгчид санаж байгаа байх. Тэрээр ихэд нүүрэмгий охин байжээ. Нэг удаа онолын хичээл дээр самбарын өмнө гарч ихэд сайхан бүжиглэсэн аж. Ангийн анд Оюунбат нь түүнийг дэмжиж хамтран бүжиглэхээр гарсан боловч бараг ичээд больсон гэнэ. Эдний ангиас хоёр хос төрсөн. Баттулга, Одончимэг, Гантулга Билгээ нар. Оюутан байхдаа Баттулга Билгээгийнд очиж хоол хийж идэж сэтгэлийн яриа өрнүүлдэг байснаа дурсав. Залуухан гэр бүлд дараа болохгүйн тулд идэх юмаа аваад очдог байлаа хэмээн ярьцгаав.

Гоцлол дуулаачийн мэргэжлээр төгссөн залуусаас ур чадвараа дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэхээр нэлээд хэд нь хилийн чанадад суралцсан, өдгөө ч суралцаж байгаа. Баттулга, Билгээ хоёр дуурийн найруулагч зэрэг мэргэжлээр ОХУ-д суралцаж буй хэмээн ихэд бахархан ярьцгаасан юм. Монголчуудын сайн танил, алтан үеийнхний төлөөлөл болсон Ардын жүжигчин Г.Хайдав гуайн ач охин Хулан мөн л эдний анги.

СУИС-д дуучин болох эхлэлээ тавьсан уран бүтээлчид маань Монголын урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар. Эдний ангиас олны танил болсон уран бүтээлчид нэлээд хэд төрсөн гэдгийг дээр дурдсан. Гэхдээ ид бүтээж туурвидаг насан дээрээ байгаа тул цаашид олон сайхан бүтээл туурвина гэдэгтээ итгэлтэй байсан юм. Тиймээс хэдэн жилийн дараа эдний ангийнхантай дахин уулзвал улам олон алдартай дуучидтай болсон байх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *