Монголын Зохиолчдын эвлэлийн XVI их чуулган өнөөдөр эхэлж байгаа юм. Энэ талаар Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяатай уулзаж ярилцлаа.
-Энэ удаагийн чуулганаар ямар асуудлуудыг голчлон хэлэлцэх вэ?
-Зохиолчдын эвлэлийн их чуулган нь дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ чуулганаар үндсэн хэдэн зүйлийг л авч хэлэлцдэг юм. Нэгдүгээрт, МЗЭ-ийн дөрвөн жилийн хөтөлбөрийн хэрэгжилт, Удирдах зөвлөлийн даргын тайлан илтгэл болон уг илтгэлтэй холбогдуулж Хяналтын зөвлөл тайлан илтгэл тавьдаг. Хоёрдугаарт, Зохиолчдын эвлэлийн дүрэмд орох тодорхой өөрчлөлтүүд гардаг. Дүрэмтэй холбоотой өөрчлөлтүүдийг авч хэлэлцэж санал бодлоо солилцдог. Гуравдугаарт, зохиолчид их чуулганаараа өөрсдийнхөө үзэл бодлоо чөлөөтэй ярилцдаг. Дөрөвдүгээрт, зохион байгуулалтын асуудлаа авч хэлэлцдэг. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг авч хэлэлцдэг. Монголын Зохиолчдын эвлэлийн үндсэн гол зүйл байдаг нь Үндэсний төв. Яруу найргийн үндэсний төв, Хүүрнэл зохиолын үндэсний төв, Жүжиг, киноны үндэсний төв, Орчуулгын уран зохиолын үндэсний төв, Хүүхдийн зохиолын үндэсний төв зэрэг төвүүдтэй. Эдгээр төвүүдийнхээ гишүүдийг сонгодог. Эдгээр үндэсний төвүүд нь МЗЭ-ийн гол цөмийг бүрдүүлдэг. Ийм л ажлууд хийгддэг юм.
-Өнгөрсөн дөрвөн жилд МЗЭ-ээс ямар томоохон ажлууд зохион байгуулав. Өнөө жил л гэхэд алдартай зохиолчдын маань ой тохиож байна?
-Зохиолчдын эвлэл маань дөрвөн жилээр ажлаа төлөвлөн ажиллаж байгаа. Миний хувьд энэ дөрвөн жилд МЗЭ-ийг тэргүүлж ажиллахдаа “Уламжлал-Шинэчлэл” нэртэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тэр ажлуудаас хамгийн тоймтойгоос нь дурдвал, МЗЭ-ийн гадаад харилцааг тодорхой түвшинд ахиулна, дээшлүүлнэ гэж хөтөлбөртөө дэвшүүлсэн. Энэ чиглэлээр хийсэн хамгийн бодитой ажил гэвэл Ази, Африкийн зохиолчдын байгууллагад МЗЭ гишүүнээр элссэн явдал. Энэ байгууллагын үйл ажиллагаа 1970, 1980-аад оны үед идэвхтэй явж байхад МЗЭ гишүүнээр элсч, нэр хүндтэй “Лотус” сэтгүүлд манай зохиолчдын бүтээл гарч, шилдэг бүтээлийн шагналыг нь С.Удвал гуай хүртэж байсан түүхтэй. Энэ бол Ази, Африкийн орнуудыг утга зохиолоор нэгтгэсэн хамгийн том байгууллага. Энэ байгууллагын гишүүнээр элсээд гурван удаагийн арга хэмжээнд нь төлөөлөгчдөө орууллаа. Вьетнамд болсон арга хэмжээнд МЗЭ-ийн Гадаад харилцаа хариуцсан ажилтан Г.Дэлгэрмаа, ардын уран зохиолч Т.Галсан тэргүүтэй таван хүн, Колумбад болсон Яруу найргийн фестивальд Б.Галсансүх, Эквадорт болсон Яруу найргийн фестивальд яруу найрагч Х.Тэргэл тус тус оролцсон. Х.Тэргэл маань АНУ дахь МЗЭ-ийн салбарын гишүүн. Энэ байгууллагын үйл ажиллагаанд манай гишүүд цаашид өөрсдөө хэдүүлээ ч нийлээд оролцож болно. Шаардлагатай зардлуудаа гаргаад оролцъё гэвэл үүд хаалга нь нээлттэй болсон.
Бас нэг дорвитой хийсэн ажил гэвэл Удирдах зөвлөлийн гишүүн О.Чинбаярын идэвхтэй санаачилга, хөөцөлдөлгөөгөөр 2018 оноос эхэлж Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд оюутан сургахаар болж байна.
-Ирэх жилийн есдүгээр сараас гэсэн үг биз?
-Тийм. Эхний ээлжинд уран зохиолын орчуулгын чиглэлээр таван оюутныг сургахаар тохиролцсон. Энэ таван оюутны сургалтын төлбөрийг Горькийн дээд сургуулийн захиргаа хариуцах юм. Харин оюутнууд маань тэнд амьдрах зардлаа өөрсдөө даана.
Энэ ажил маань амжилттай байвал 2019 оноос уран зохиолын бусад төрөл зүйлээр оюутнуудыг сургаж эхэлнэ. Дөрвөн жилийн ажлыг нэг бүрчлэн ярихад хугацаа их орно. Өнөө жилийн хувьд Горькийн нэрэмжит дээд сургуульд оюутан сургах ажлыг тохиролцож шийдвэрлэсэн нь маш том ажил байлаа. Хоёрдугаарт, хэвлэх үйлдвэрийн холбоодтой хамтраад уран зохиолын номыг хямд үнээр хэвлүүлэх ажлыг үндсэндээ шийдвэрлэлээ. Уг холбоон дахь тавь гаруй хэвлэх үйлдвэр энэ ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Эдгээр үйлдвэрүүд МЗЭ-ийн гишүүн зохиолчдын номыг тодорхой хувиар, хямд үнээр хэвлүүлж байх ийм тохиролцоонд хүрсэн.
-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хоёр талаас гарын үсэг зурах ажил л үлдсэн. Бусад зүйл нь бэлэн болчихсон. Энэ оноос хэрэгжиж эхэлнэ.
-Таныг эвлэлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа хаяад гадагшаа хувийн ажлаа хөөцөлдөөд явчихлаа гэж шүүмжилсэн. Та жилийн хугацаанд хаашаа ямар ажлаар яваад ирэв?
-Зохиолчдын эвлэлийн дүрэмд Удирдах зөвлөлийн даргатай холбоотой зүйл нь тусчихсан байдаг. Удирдах зөвлөлийн дарга нь бүх гишүүдээс сонгогддог. Тиймээс энэ хүний ажил дөрвөн жилийн хугацаанд өрнөх ёстой. Дөрвөн жилдээ багтаасан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж ажилладаг. Тэгэхээр би өмнөх гурван жилд нь ажлаа хийж, хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд гэр бүл, хувийн шалтгааны улмаас Австрали улсад жил орчим болоод ирлээ. Би өнгөрсөн жилийн наймдугаар сард явсан. Тэр үедээ МЗЭ-ийн бүтэн жилд хийх ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргаж батлаад “МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга гадаад, дотоодод ажиллаж эзгүй байх тохиолдолд түүний санал болгосон Удирдах зөвлөлийн гишүүн орлож ажиллана” гэсэн дүрмээр яруу найрагч Б.Галсансүх Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. МЗЭ бол хамтын удирдлагын байгууллага. 15 хүнтэй Удирдах зөвлөл ажилладаг. Албаны ч юм уу, хувийн шалтгаанаар Удирдах зөвлөлийн дарга байхгүй байлаа гэхэд МЗЭ-ийн хөтөлбөрт болон хөтөлбөрийн бус ямар ч ажилд саад учрахгүй хэвийн явдаг. Тэрийгээ бид дүрмээрээ зохицуулаад явсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар орхиж зугтаад алга болоод ямар ч эзэнгүй үлдсэн зүйл энд байхгүй.
-МЗЭ хэдэн гишүүнтэй юм бэ?
-МЗЭ 1929 онд байгуулагдсан. Нийтдээ 1100 гаруй гишүүн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 800 нь амьд сэрүүн байна. 300 гаруй зохиолч маань насан хутгийг олсон. Хэдий тийм ч бүх гишүүн маань бүртгэлтэй явдаг. Бусад байгууллагаас Зохиолчдын эвлэл их онцлогтой. Хэдийгээр алдартай зохиолчид насан хутгийг оллоо ч гэсэн зохиол бүтээл нь үлддэг. Бид тэднийхээ бүтээлийг эвлэлээсээ гаргаж байгаа ном товхимолд оруулах, ойн арга хэмжээг нь тэмдэглэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулж нийтэд түгээдэг. Яг л өнөөдөр бүтээл туурвиж байгаа зохиолчдодоо хандаж байгаа шиг бурхан болоочдынхоо бүтээлд ч тэгж ханддаг. Энэ бол МЗЭ-ийн онцлог. Тийм болохоор манай эвлэл гишүүдийн жагсаалтаасаа энэ хүмүүсээ хэзээ ч хасах нөхцөл байдаггүй юм.
Өмнөх Их чуулгануудын ирцийг харж байхад дунджаар 250 гаруй гишүүн мандатаа авч хуралдаа оролцдог байсан. Харин энэ жилийн хувьд нэлээд идэвхтэй байх магадлалтай байна. 300 гаруй гишүүн оролцох хандлага байна.
-Та дахин нэрээ дэвшүүлэх үү, улиран сонгогдох хүсэл байна уу?
-Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө дийлэнх хувийг биелүүлсэн. Мэдээж биелүүлж чадаагүй зүйл ч байгаа. Гэхдээ суурь, гол дэвшүүлсэн ажлуудаа хэрэгжүүлсэн. МЗЭ бол хоёр нийгэм дамнаж байгаа байгууллага гэдгээрээ онцлогтой. Социализмын үед дийлэнх түүх нь хамаарагдана. Ардчиллаас хойшхи 27 жилийн түүх ч бас хамаарагдана. Тэгэхээр энэ байгууллагад уламжлуулан авч явах, шинэчлэн өөрчлөх хосолмол бодлого зайлшгүй шаардлагатай байдаг юм. Энэ утгаар нь уламжлал, шинэчлэлийг хослуулж авч явах ёстой гэж үзэж явдаг л даа. Өмнөх хүмүүсийнхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлэх, өөрөө шинээр санаачилсан зүйлүүдээ тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэх ийм л зорилгоор ажилласан. Миний хувьд энэ байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар улиран сонгогдох өөрийн сонирхол, хүсэл алга. Тэгэхээр би нэрээ дэвшүүлэхгүй гэсэн үг. Ийм бодолтой байна.