Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.10.13) Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ноён Ахмет Язалыг Монголд ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явцын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд ирэх долоо хоногийн Мягмар гараг гэхэд Засгийн газрын шинэ гишүүдээ томилох товтой байна. Дотоод улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамаарч хоёр улсын харилцаа тогтвортой хөгжинө гэдгийг онцолмоор байна” гэв.

Элчин сайд Ахмет Язал хариу хэлэхдээ “Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Засгийн газарт хэн сайдаар томилогдохоос илүүтэй Монгол Улсын Засгийн газар түргэн хугацаанд байгуулагдахыг хүлээж байгаа. Өмнөх сайдуудтай ойр хамтран ажилладаг байсан. Шинээр томилогдох сайд нартай ч ойр хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна. Хоёр улсын хамтран хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд бий. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хорооны хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулах нь чухал. Мөн энэ сарын 25-нд манай “Эксим” банкны техникийн төлөөлөгчид ирж олон жил яригдаж байгаа зээлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцана. Түүнчлэн иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа чухал бөгөөд хоёр улсын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болох асуудлыг бидний зүгээс тавьж байна. Ашиг орлого гэхээсээ илүүтэй “Turkish Airlines”-ын нислэгийг нэмэгдүүлснээр дэлхийн жуулчдыг Монголд авчрах боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм” хэмээлээ.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд томоохон Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. 120 сая хүн амтай Турк Улсын жуулчдын урсгалыг Монгол руу татах нь бидэнд чухал бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах байх. Үүнээс гадна хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд бид сэтгэл хангалуун байдаг. Ирэх онд Турк Улсад цэргийн атташе томилохоор ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Ноён Ахмет Язал хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бидний зорилго хэмээгээд Турк Улсад цэргийн атташе ажиллуулах асуудалд бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *