Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг ХХХААХҮЯ-нд хүргүүлээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48 буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *