Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр Дорнод аймгийн багш нар нийслэлийн багш нартай туршлагаа хуваалцлаа

Image result for багш нар

Ерөнхий боловсролын сургалтын чанараараа сүүлийн дөрвөн жил улсдаа тэргүүлсэн Дорнод аймгийн багш нар өнөөдөр нийслэлийн багш нартай туршлагаа хуваалцлаа.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн арга зүйг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, судлагдахуун тус бүрээр заах арга зүйг шинэчлэн боловсруулах зэргээр тасралтгүй суралцаж ажилласны дүнд боловсролын амжилт, чанарын үзүүлэлтээрээ улсад тэргүүлэх болсноо тэд өнөөдөр болсон “Дорнодын боловсрол” онол практикийн хуралд танилцуулав.
Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Нансалмаа хэлэхдээ, “Жил бүр 12 дугаар анги төгсч буй сурагчдын 80-95 хувь нь ЭЕШ өгдөг. Сүүлийн 5 жилийн судалгаагаар манай аймгийн сурагчдын ЭЕШ- д авч буй хэмжээст онооны дундаж нь аймгуудын дунджаас 15-30 пунктээр өндөр байна. Манай аймгийн 12 дугаар анги төгсөгчид сүүлийн 4 жил дараалан ЭЕШ-ын дүнгээр улсдаа манлайллаа. Энэ бол Дорнодын боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн зэрэг удирдах чиг үүрэгтэй байгууллагаас зохион байгуулдаг ур чадвар, илтгэлийн уралдаанд багш нар маань тэргүүлэх эгнээнд явж байна” хэмээн тодотгов.
Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 37 цэцэрлэгт нийт 7010 хүүхэд, 222 багш, ерөнхий боловсролын 26 сургуульд 15156 сурагч, 775 багш ажиллаж байгаа аж.
2016 онд 79 төрлийн дугуйлан, секцэд 9867 хүүхэд буюу нийт суралцагчдын 72 хувь хамарч байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 95 төрлийн дугуйлан, секцэд аймгийн 26 сургуулийн нийт 8153 хүүхэд хамарч өөрийгөө хөгжүүлсэн бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдийг хөгжүүлэх, насны онцлогт тохирсон дугуйлангаар нийт 2278 хүүхдийг сургасан.
Мөн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулж, бүх сум, байгууллага идэвхтэй оролцож, аж ахуйн нэгж байгууллага, хүүхдүүдэд ажлаа танилцуулж тайлагнадаг болсон. Сургуулийн орчинд сурагчдын аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчилд холбогдох, хэв журам зөрчигдөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Эцэг эх зохицуулагч” нэгдсэн арга хэмжээг 2015 оноос хэрэгжүүлж иржээ.

Сурагчдыг бусад орны хэл соёлоос суралцах, гадаад хэлний мэдлэгээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх “Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны наадам, уламжлалт зан үйл, ёс заншлаас суралцах, эх оронч үзэл бодол төлөвшүүлэх, хүн байгалийн шүтэлцээт холбоог танин мэдэх зорилготой “Хэрлэнгийн барьяа” уртын дууны уралдаан, “Морь, бөх цоллооч” төслийн хүрээнд Хурдан морь, хүчит бөх цоллоочдын сургалт болон анхдугаар уралдааныг зохион байгуулсан аж.
Өдөрлөг “Дорнодын бахархал” үзэсгэлэн, “Дорнодын хөгжил өнөө, маргааш” сэдэвт уулзалтаар үргэлжлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *