Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг “Сүхбаатарын талбай”-д зохион байгууллаж байна.
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх, хууль бус тээврийн хэрэгслээр орон нутагт зорчихгүй байх талаар анхааруулга хүргэж байна. АТҮТ-тэй гэрээ бүхий 51 аж ахуйн нэгж 950 автобусаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн АТҮТ-тэй гэрээ байгуулаагүй буюу хулгайн тээврийн хэрэгсэл олон байгааг тус төвөөс мэдээлж байлаа. Орон нутгийн замд гарч буй нийт ослын 80 орчим хувийг хулгайн тээвэр эрхлэгчид гаргадаг байна. Энэ нь зорчигийн тоо болон хурд хэтрүүлдгээс үүдэлтэй аж. Тиймээс АТҮТ-тэй гэрээ бүхий байгууллагуудын мэргэшсэн жолоочтой, аюулгүй тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байхыг уриаллаа.
Өдөрлөгийн үеэр:
• Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх, зөвлөгөө өгөх
• Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
• Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
• Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх
• Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
• Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
• Тээврийн хэрэгслийн даатгал хийх
• Тээврийн хэрэгслийн татварын үйл ажиллагаа явуулах, мэдээлэл өгөх
• Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
• Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
• 1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
• Хот хоорондын зорчигч тээвэрлэлтэд явдаг автобусыг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
Мөн тээвэрчид болон иргэдийн дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машиныг танилцуулсан юм . Уг машиныг энэ оны тавдугаар сараас эхлэн Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд байрлуулсан юм. Туршилтын хугацаа дуусч, энэ онд багтаан хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх бөгөөд нийтийн үйлчилгээний томоохон зах, худалдааны төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн ирэх онд уг машинаас агаарын болон төмөр замын зорчигч тээврийн тасалбар олгодог болохоор судалгааны ажлыг явуулж байгаа ажээ