Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг өдөрлөгт “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулна.
Өдөрлөгт ЗТХЯ, АТҮТ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм. Энэ үеэр улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, техникийн хяналтын үзлэг оношилгооны талаар зөвлөгөө өгөх юм. Мөн нийтэд хууль бус тээвэрлэлтийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөний бүртгэл, даатгал, албан татвар хураах, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.