НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 2 дугаар хороо 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тогтвортой хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд тогтвортой хөгжлийг хангах хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэв.
Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баталсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.